2020.12.11

Б.Баярсайхан: Авлигатай тэмцэх газар анх байгуулагдсан зорилгодоо хүрч ажиллаж чадаж байгаа юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Бид өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны талаар хэлэлцэж байна. Ихэнх гишүүд АТГ хангалттай хараат бусаар анх байгуулагдсан зорилгоо биелүүлж чадаж байна уу гэдгийг хөндөн ярьж байна. Би ч бас ижил бодолтой байна.

Өнөөдөр АТГ хараат бус ажиллаж чадаж байна уу? Авлигын индекс буурахгүй байна, ард иргэдийн дунд АТГ-ын нэр хүнд төдийлэн сайн биш, АТГ-ын үйл ажиллагаанд итгэх итгэл сул байгааг харж байна.

Ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэргийг Төрийн албан хаагчид АТГ-т өгдөг. Төрийн албан хаагчид нь зоригтойгоор төрийн албаа авлигаас ангид байлгах гээд дуугархаар эргүүлээд бүлэглэж нэр хүндэд нь халддаг. Нийгэмд нэр хүндийг нь унагаадаг, нэр хоч өгдөг асуудал гарч байгаа. Би энэ тал дээр бүр тодорхой ярих цагтаа ярих болно. 

АТГ-аас би удаа дараа асууж байгаа. Хуулийн хугацаа хэдэн жил мөрдөгддөг вэ? Төрийн алба цэвэр байгаасай, авлигаас ангид байгаасай, ёс суртахуунтай ажиллаасай гэдэг нь ард түмний цорын ганц хүсэл. Манай Засгийн газар ч гэсэн нийгэмд шударга ёсыг тогтооно, төрийн албыг цэвэршүүлнэ гэсэн зорилготой ажиллаж байгаа. Үүнийг биелүүлэх АТГ-ын ажил хэр шударга вэ? Энд ажиллаж байгаа алба хаагчдийн ёс зүй ямар түвшинд байна вэ?

Гомдол өгнө. Хаасан юм уу, нээсэн юм уу? мөрдөгдөж байгаа юм уу? шийдэгдэж байгаа юм уу? ямар ч мэдээлэл байхгүй. хэрвээ ингэх юм бол "шүгэл үлээх" гэж яриад яах юм бэ? төрийн албан хаагчид нь шүгэл үлээгээд төсвийн мөнгө, төрийн албаа хамгаалаад дугарч байна. Заримдаа амь нас, эрүүл мэнд, гэр бүлээ эрсдэлд оруулаад зүтгэж байна. Нэр хүндээ алдатлаа дугарсаар л байна. Гомдол шийдэгдэхгүй байна шүү дээ.

АТГ-т Соён гэгээрүүлэх алба гэж бий. 2008 онд одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд даргаар ажиллаж байсан. Тухайн үед АТГ дөнгөж байгуулагдаад явж байсан. Энэ үед соён гэгээрүүлэх ажил хийгдэж байсан. Одоо мэдээж энэ алба ажиллаж байгаа. Гэхдээ ард түмэн үүний үр шимийг хүртэж байгаа юу?

Бид дарга сонгох нь яахав болно. АТГ-т ажиллаж байгаа даргаас эхлээд алба хаагч хүртлээ ёс зүйн хувьд ямар шалгуур тавьж ажилд авах ёстой вэ? Бид ХЭҮК-ын гишүүдийг томилохдоо улс төрчдөөс хараат байж чадах уу? улс төрч, албан тушаалтны өмнөөс үгүй гэж хэлж, хүний төлөө ажиллаж чадах уу гэдэг шаардлага тавьж байсан. АТГ-т ч энэ шалгуурыг хангасан хүн ажиллах ёстой гэж үзэж байна."

Түүний асуултанд Хууль зүй дотоод хэргийнэ сайд Х.Нямбаатар хариуллаа.