С.Ганбаатар: Ерөнхий сайд АТГ-ын газрын даргын санал болгоно гэдэг бол байж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус хуулийн төслийг "чонод хонь хадгалуулахтай адил" хэмээн хэлсэн юм. Хянах ёстой шийдвэр гаргагч нь АТГ-ын даргын томилох нь маш буруу гэдгийг дахин дахин хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Чонод хонь хадгалуулсантай адил хууль гарлаа даа. Хэлэлцүүлгийн үеэр хэлсэн миний санал яагаад тусах боломжгүй байгаа вэ гэдгийг асуумаар байна.
1. АТГ бол дарга нарыг шалгадаг газар. Адуу хулгайлсан Батыг АТГ шалгахгүй. Харин Ерөнхий сайд, Засгийн газар, Сайд нар 14 их наяд төгрөгийг зарцуулдаг. Энэ дотроос хулгай хийх магадлалтай. Төрийн өмчийн компаниудын 32 их наядаар эргэлдэж байгаа тэр мөнгөнөөс л улс төрчид, эрх баригч нам, сайд нарын хулгай ордог. Үүнийг шалгах АТГ-ын даргыг томилох тухай асуудал энд ярьж байгаа юм. Тэгээхээр Ерөнхий сайд АТГ-ын газрын даргын санал болгоно гэдэг бол байж болохгүй асуудал. Үүнийг УИХ, УИХ-ын даргад мэдүүлээч гэсэн саналыг оруулж байсан. Яагаад боломжгүй байгаа юм бэ?
2. Хонгилын түлхүүрий булаацалдаж байгаа л хэлбэр энэ бол. Дарга нь дэд даргаа мэдэх ёстой болж байна. Хам хэрэгтэн болно гэсэн үг. Энэ их мөнгөний нөлөөл орох магадлалтай энэ ажлыг бие биенээ хянах ардчиллын зарчмыг үгүй болгож, нэг нь нөгөөгөөдөө захирагдана гэсэн хууль ороод ирлээ.
Би үүнийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн.
3.Хүний эрхийг зөрчих шийдвэр гаргахад хянадаг АТГ дарга нарыг шийдвэр гаргагчидаас нь хараат бус байлгахын тулд УИХ үүнийг мэдэх ёстой.
Хүн бүр сайхан амьдрах боломж, баялаг байна. Хэдхэн улс төрчдийн шуналыг гүйцээх баялаг алга.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.
Анх төсөл дээрээ "Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар" орж ирсэн.
Анхны хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "МУ-ын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 44.3-т Ерөнхийлөгч бүрэн эрхтэй хамаарахгүй асуудал болсон. Тиймээс Үндсэн хуулийн 38.7 дээрх заалтын дагуу Засгийн газарт энэ эрхийг өгөх" гэсэн санал гаргаж, гишүүд дэмжсэн.
Гэхдээ АТГ-ын даргын Ерөнхий сайд санал болгож, УИХ томилгооны сонсгол хийж, томилдог болно гэж УИХ-ын хуулийн хяналтыг хангаж байгаа юм гэлээ.