2020.12.08
Б.Дэлгэрсайхан: Эрх үүргээ булаацалддаг ойлгомжгүй байдлыг цэгцэлсэн хуулийн төсөл байна
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асуулаа:
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг дэмжиж байна. Яагаад гэвэл тэр газрын дэд даргын суудал эзэнгүй байгаа. Тэгэхээр үүнийг бушуухан эзэнтэй болгох Д.Ганбат гишүүний санал хувь нэмрээ оруулж байгаа гэж ойлгож байна.
Хуучин хуулиараа бол улс төрчдийн томилогоо хоёр талдаа гараад энэ ажил алба хоёр талцдаг байсныг нэг болгож Авлигатай тэмцэх газрын дарга нь өөрөө үүрэг хариуцлагаа хүлээгээд явах зөв хууль ороод ирлээ гэж харж байна. Тийм учраас үүнийг хойшлуулалгүй шийдэх нь нэг талдаа маш чухал.
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тогтоохыг дэд даргаас хассугай гэсэн байна. Зэрэг зиндааг хасах нь ойлгомжтой. Гэхдээ одоогийн эрхэлж буй ажлынх нь эрх үүрэг хэвээр нь хадгалагдана гэж ойлгож байна. Тэгэхгүй бол энэ хуулиараа бас хязгаарлаад байна уу гэж харагдаж байгаа юм.
21.6 дээр 21.1-д заасан бүрэн эрх үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэжээ. Энэ хууль батлагдаад дэд дарга шинээр томилогдлоо гэхэд хугацаа нь томилогдсон өдрөөсөө эхлэх үү? Тэгэхгүй бол урьд нь юу орж ирсэн гэхээр огцруулах болохоороо өмнө нь энэ хүн гурван жил эрхэлсэн, дараагийнх нь үлдсэн гурван жилийг үргэлжлүүлэх юм гээд ойлгомжгүй зүйл яригдаж байсан. Тэгэхээр одоо энэ хуулиараа 21.1 -ээрээ томилогдсон өдрөөс хойш энэ хугацаа нь үргэлжилнэ гэж тодорхой оруулж өгөх нь зөв байх.
Түүний асуултанд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.
Авлигатай тэмцэх газрын албан хаагч бол Авлигын эсрэг хуулийн 24-р зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлээд ажиллана. Энэ чиг үүргийн хувьд өөрчлөгдөх зүйл байхгүй. Авлигатай тэмцэх газрын Дэд даргыг энэ хууль батлагдаад Авлигатай тэмцэх газрын дарга томилдог бол Төрийн албаныхаа тухай хуулиар хугацаагүй томилогдоно.