УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ажлын хэсэг ахалж ажиллана
2021.01.13

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан ажлын хэсэг ахалж ажиллана

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн (2021.01.13) хуралдаан боллоо. Хуралдаанаар "Ажлын хэсэг байгуулах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. 

"Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2020 оны 39 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлд "төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах" гэж заасны хэрэгжилтийг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар төсөлд тусгажээ.

Тус тогтоолын төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэнээр ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Н.Өнөрболор, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар ажиллахаар боллоо.