УИХ-ын гишүүн Ч.Ундрам: ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрхэд халдсан гэсэн дүгнэлт гаргасан
2021.01.11

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрхэд халдсан гэсэн дүгнэлт гаргасан

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн эцсийн шатны шүүх хурал маргааш болох гэж байна.

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм. Ингээд өнгөрсөн оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан бөгөөд Давж заалдах шатны шүүхээс ялыг хэвээр үлдээгээд байгаа юм.  

Түүнийг Сэлэнгэ аймагт УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа хийх явцад нь барьж, хорьсон нь хууль бус үйлдэл хэмээн үзэж буй. Энэ талаар Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.  

Ж.ЭРДЭНЭБАТЫГ СОНГОСОН СЭЛЭНГЭ АЙМГИЙН 22 МЯНГА ГАРУЙ ИРГЭНИЙТӨЛӨӨЛҮҮЛЭХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж хорьсон гэх асуудал яригдаад нэлээд хэдэн сар өнгөрлөө. Сэлэнгэ аймгаас хамт сонгогдсон МАН-ын гишүүд нь энэ талаар яагаад байр суурь илэрхийлэхгүй байна вэ гэх шүүмжлэл ч гарч байсан. Өнгөрсөн хугацаанд та энэ талаар ямар нэгэн акц хийв үү?  

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа явагдаж байх үеэр ийм асуудал болсон. Би тэр үед мэдээлэл хийж байр сууриа илэрхийлж байсан. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдож тангарагаа өргөснийхөө дараа энэ асуудлаар байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Энэ бол Ж.Эрдэнэбат гэдэг хувь хүний асуудал биш. Монгол Улс хуулиар зохицуулагддаг засаг төртэй байх асуудал гэж байр сууриа илэрхийлж байсан.

Тухайн үед Ж.Эрдэнэбат гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй, дээр нь нэр дэвшигчийн мандатаа авчихсан байсан. Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш тусгай хамгаалалтад ордог.

  1. Энэ хамгаалалтыг зөрчсөн.
  2. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг ноцтой зөрчсөн.
  3. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн гэдэг утгаараа тодорхой хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байдаг.

Гэтэл энэ гурван хуулийг зөрчиж баривчилсан. Тухайн үед манай Сэлэнгийн тойрогт С.Баярцогт нэр дэвшигч байсан.

Мөн нэр дэвшигчийн мандатаа авсны дараа баривчилсан. Энэ бол нэг хүний асуудал биш, хууль хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг асуудал юм. Монгол Улсын хууль бүх иргэдэд буюу ажилчин, сайд, дарга, УИХ-ын гишүүн гээд хэн ч байсан ижил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл Монгол Улсын хуулиудаа зөрчөөд баривчилж байгаа нь буруу юм. Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг сонгосон Сэлэнгэ аймгийн 22 мянга гаруй иргэний төлөөлүүлэх эрх нь зөрчигдөж байна.   

Олон улсын парламентын холбоо Ж.Эрдэнэбатыг барьж хорьсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хэрэг үүсгэсэн гэсэн. Энэ холбоонд манай талаас хандсан юм уу?  

УИХ-ын гишүүдийн зүгээс Олон улсын парламентын холбоонд хандсан. Парламентын холбоо үүнийг судалж үзээд “Хүний эрхэд халдсан байна” гэсэн дүгнэлт гаргасан. Сүүлийн үед гадаад харилцаа, Олон улсын байгууллагууд хүний эрхийн асуудлыг чухалчилж үздэг болсон. Өмнө нь мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, Авлигатай тэмцэх гэсэн асуудлыг чухалчилж үздэг байсан бол одоо Хүний эрхийг хамгийн түрүүнд  авч үздэг болсон байна.

ОУПХ Ж.Эрдэнэбат гишүүний асуудал дээр хэрэг үүсгэсэн байгаа. Үүний дагуу шалгалтууд явагдах байх. Манай улсын хууль, шүүхийн байгууллага Ж.Эрдэнэбат гишүүний асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авахгүй бол манай гадаад харилцааны нэр хүнд олон улсад унаж мэдэхээр байна.   

Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшиж байгаа хүнийг баривчлах, цагдан хорихоор бол Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрлийг авна гэсэн заалт байгаа. Гэтэл Ж.Эрдэнэбат гишүүнийг ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хорьсон нь бас хууль зөрчсөн үйлдэл болсон. Тухайн үед яг ямар асуудал болсон юм бэ. Сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байсан. Ж.Эрдэнэбат гишүүн танд ямар нэгэн юм хэлсэн үү?   

Сонгуулийн сурталчилгаа эхлээд ид дундаа явж байсан. Ж.Эрдэнэбат гишүүн “Би шүүхэд дуудагдсан учраас очиж мэдүүлгээ өгчихөөд ирье” гэж хэлээд явсан. Тэр орой нь баривчлагдсан гэсэн мэдээг телевизээр үзсэн. Сонгуулийн Ерөнхий хорооны мэдэгдэл, мэдээлэл өмнө нь ирээгүй.  

Сэлэнгийн иргэд уг асуудлыг эсэргүүцэж, нэлээд тэмцэл өрнүүлсэн байх. Энэ асуудлаар хандсан хэвээрээ л байна уу?   

Сонгогчид хүний эрх зөрчигдөж байна гэж надад их ханддаг. Энэ асуудлаар тодорхой ажлууд хийгдээд явж байгаа. Бусад УИХ-ын гишүүн рүү бас хандсан байсан.   

Парламентын нэг гишүүн нь хууль бусаар хоригдоод олон сар өнгөрч байхад УИХ-ын бусад гишүүд тэр дундаа МАН-ын 62 гишүүн нь дорвитой акц хийхгүй байгаа юм шиг ажиглагддаг. Та үүнтэй санал нэгдэх үү. Зөвхөн шүүхийн шийдэх асуудал гээд орхиж байгаа юм уу?   

Бидэнд олгогдсон хууль эрх зүйн хүрээнд ажиллаж байгаа. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлаар хэлэлцээд, ОУПХ-нд хандсан. Мөн Шүүхийн тухай хуулийг бид олон талаас нь харж хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал маргааш болох гэж байна. Энэ шүүх хуралдааны үр дүн Олон Улсын Парламентын холбоо цаашид манай улсын парламентын үйл ажиллагаанд ямар дүн тавихыг шийдэх байх. Та шүүх хуралдааны талаар ямар байр суурьтай байна вэ?

Шүүх засаглал бол хэн нэгнийг хуулийн өмнө эрх тэгш байлгах, иргэдийн эрхийг хангадаг. Шүүх засаглал Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргах ёстой. Хууль бол бүх хүнд ижил тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчмаа бариад шударга шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Маргаашийн шүүхийн шийдвэрийг зөвхөн би гэлтгүй, МАН-ынхан, Сэлэнгийн ард түмэн бүгд хүлээж, харж байна. 

УИХ-аар Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Шүүх засаглалд шинэчлэлт авчирч чадахаар байна уу?   

УИХ-аар Шүүхийн тухай багц хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Шударга шүүх засаглалтай болох тухай олон жил яригдаж байгаа. Шүүх засаглалд шударга ёсыг тогтоох, хараат бус байдал бий болгох, шүүгчид өөрсдөдөө хариуцлага тооцдог, өөрсдийгөө хөгжүүлдэг байх зохицуулалт хийж өгч байгаа. 

Шүүгч нарт улстөрч, өндөр албан тушаалтнууд нөлөөлж байна гэх яриа байдаг.  Үүнийг хэрхэн өөрчилж чадаж байгаа юу?  

МАН-ын мөрийн хөтөлбөрт шударга ёсыг тогтооно, шүүхийг хараат бус болгоно гэсэн заалт оруулсан. Яг тэрний дагуу явж байна. Шүүхийг улстөрчдөөс хараат бус байдлаар зохицуулахаар заалт оруулж байгаа. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Хэрвээ шүүгчийг аливаа нэг улстөрч дуудаж уулзвал шүүгчид энэ уулзалтын талаар мэдээлэл бичих, проткол хөтлөх, тэмдэглэл үлдээдэг байх нарийн заалт оруулж өгч байгаа.   

Шүүхийн тухай хуулиар “Шударга бусын хонгил” гэж яриад байгаа зүйлээ нурааж чадахаар байна уу? 

Ажлын хэсэг олон улсын туршлагуудыг судалсан. Үүнд тулгуурлан мөн манай улсын хөрсөнд буусан зохицуулалтыг оруулахдаа шүүхийг хараат бус байлгах тогтолцоо бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хуулийн төсөл дээр туршлагатай хуульч гишүүд манлайлж ажиллаж байгаа. Шүүхийн хараат бус байдлыг бүрдүүлж чадахаар өөрчлөлтүүд орно.

Сэтгүүлч Ж.Ганцэцэг