Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд баригдсан жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно
2020.12.28

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд баригдсан жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд баригдсан жишиг нэгдсэн эмнэлэг ашиглалтад ороход бэлэн болжээ.

Орчин үеийн стандартын шаардлага хангасан энэ эмнэлэг нийт 200 ор, 16.000 м2 талбайтай бөгөөд эрүүл мэндийн үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм.

Дүүрэг байгуулагдсан цагаас хойш 2-р шатлалын эмнэлэг шинээр байгуулагдаж байгаагүй. Харин энэ жил жишиг нэгдсэн эмнэлэг болон Баянхошууны амбулаторийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмж шинэ шатанд гарна.

Эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийг хянаж, өнгөрсөн 11 дүгээр сарын 11-ний өдөр техникийн комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авчээ.

Энэхүү эмнэлэг нь олон улсын стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үзүүлэх, тав тухтай аюулгүй байдлыг хангасан эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангасан орчин үеийн технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж буйгаараа улсдаа жишиг болох юм.