Хоёр хүүхэдтэй айл руу цагдаа нар утасдаж бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг
Сингапурын хүн ам 4,9 сая, үүнээс 76,8 хувь нь хятадууд, үлдсэн нь малай, тай, энэтхэг, араб, еврей, япон үндэстнүүд аж. Энэ улсын талаар www.mirpodorozhei.ru сайтаас орчуулан хүргэж байна.
Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю бараг хэмжээгүй эрх мэдэлтэй байж, «компьютерын улс» байгуулж чадсан. Энд хаашаа л харна камер. Цагдаа нар дэлгэцээр авто замын хөдөлгөөнийг хянахаас гадна хот бүхэлдээ видео камераар өвч тоноглогджээ. Ингэхэд 1 км2-т ногдох цагдаагийнхаа тоогоор Сингапур дэлхийд тэргүүлдэг гэнэ. Энд торгуулах нь дэлгүүрээс бараа авахаас ч хялбар. Бохь зажиллаа, үсээ хэт урт ургуулсан, жорлонгийн усаа татсангүй, гудамжинд бүжиглэсэн гээд бараг алхам тутамд торгодог. Эндхийн бүх зарлал, рекламын самбар зөвхөн хэрхэн биеэ авч явах, юу ярих, юу бодох, яаж амьсгалахыг заадаг гэхэд хилсдэхгүй. Ийм нөхцөлд сингапурчууд хувь хүний өвөрмөц онцлогоо алдах нь ойлгомжтой.
Энэ хот-улс гурван бүсэд хуваагддаг. Жуулчны, эдийн засгийн ба «унтлагын» бүсүүдийг таван км өргөн зүлгээр зааглажээ. Сингапур эдийн засгийн хөгжлөөс гадна иргэд нь хуулиа чандлан дээдэлдгээрээ дэлхийд алдартай. Тухайлбал олон нийтийн дэг журмыг чанд сахиж, зөрчсөн тохиолдолд хатуу шийтгэдэг. Газарт нулимсан бол 500 доллараар торгодог. Олон нийтийн газарт тамхи татвал бас 500 доллар. Хог хаявал мөн л 500 долларын торгууль ногдуулна. Гэхдээ хог гэдэг зүйлийн талаарх тэдний ойлголт манайхаас эрс ялгаатайг энд анхаараарай. Өөдөсхөн цаасыг санамсаргүй унагахад л хог тарилаа гэж бөөн шуугиан дэгдээн, 500 доллар салгана шүү. Тэр бүү хэл цэцгээ услахдаа цэцгийн савны доорх тавганд дусал ус үлдээсэн бол 500 доллараар торгоно. Яагаад гэвэл шумуул усны үнэрээр цуглардаг гэнэ.
Сингапурын төр засаг авто машины тоог зориудаар хязгаарладаг. Та хэрэв машинаар салхи татуулан давхихыг хүсвэл эхлээд тусгай дуудлага худалдаан дээр машин жолоодох зөвшөөрөл худалдаж авах ёстой. Ийм зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгодог. Хэдэн арван мянган доллараар уг зөвшөөрлийг өөрийн болгосон бол одоо машинаа худалдан ав. Гэхдээ Сингапурт гаалийн татвар нь машины үнийн 41 хувь байдгийг мартаж болохгүй. Дараа нь машинаа бүртгүүлэхдээ бас татвар төлнө. Энэ татвар авто машины үнийн дүнгийн 140 хувьд хүрэх нь бий. Ийм „байдлаар хэрэв та даруухан «Тоуota Corolla» машиныг унах бол 100 мянган доллар зарцуулна. Дашрамд дурдахад манай Монголд иймэрхүү машин 8-9 сая төгрөг байдаг.
Машин болгонд тусгай дуут дохио суурилуулдаг аж. Хэрэв жолооч 80 км/цагаас дээш хурдтай давхивал нөгөө дохио нь орилж чарлаад чих дүлийрүүлэх шахдаг. Мөн Сингапурын жолооч бүр машиныхаа доод талд байрлал заадаг тусгай багажийг суурилуулах ёстой. Түүгээр нь тухайн иргэн хаана явааг цагдаа нар үргэлж мэдэж байдаг. Хачирхалтай нь Сингапурт үдшийн 18 цагаас хойш автомашинд ганцаараа явж болохгүй дүрэмтэй. Хэрэв та хамт ажилладаг андаа эсвэл замын хүнийг хүргэж өгөх зорилгоор ганцаараа байгаад баригдвал бас л 500 доллараар торгуулна. Харин явган зорчигчдын хувьд гэртээ орохдоо үүднийх нь дэргэд тогтмол жижүүрлэдэг хамгаалагчид өөрийн овог, нэрээ заавал хэлэх үүрэгтэй. Сингапурын хатуу чанд хууль гэрийн тэжээмэл амьтанд ч хамаатай. Шөнөөр ульж хуцаад амраадаггүй нохдын хоолойн төвөнхийг хэрчээд хаячихдаг гэнэ.
Эрчүүд заавал урт өмд өмсөх ёстой, зуны аагим халуунд ч ялгаагүй. Түүнчлэн бүсгүйчүүд гадаа нэмэх 35 хэм байсан ч урт оймстой явах журамтай. Сингапурыг та ардчилсан улс гэж үздэг үү? Гэтэл энэ улс» иргэдээ хаа хамаагүй саналаа өгөхөөс сэргийлдэг бололтой. Ямартай ч сонгуулийн саналын хуудсан дээр тухайн хүний иргэний үнэмлэхний бүх мэдээлэл байдаг. Хулгай, хүчин, хар тамхи болон авилгын хэрэгт дүүжлэн хороох ял оноодог. Арай хөнгөн гэмт хэрэгт ташуурдах ял өгдөг. Энэ хууль жуулчдад ч хамаатай. Сингапур байсхийгээд л хувийн хэрэгцээнд зориулан жаахан хар тамхи авч явсан гадаадынхныг цаазалж байдаг талаар та сонссон л биз дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд цензуртэй. Энд секс болон улстөрийн талаар бичихийг хориглодог. Анхны Ерөнхий сайд Ли Куан Ю сингапурчуудыг ухаантай болгохын тулд заяаны ханиа зөв сонгосон иргэдээ өөгшүүлэн дэмжиж байжээ. Гэхдээ энэ нь зөвхөн эрчүүдэд хамаатай. Жишээлбэл дээд боловсролтой эмэгтэйтэй гэрлэсэн эр шан харамж хүртдэг. Харин дээд боловсролгүй эмэгтэй хоёр дахь хүүхдээ төрүүлбэл торгоно. Түүнчлэн бага боловсролтой, бичиг үсэггүй иргэддээ агтлуулж, үргүй болохыг «хатуухан» зөвлөдөг. Харин хөнгөлүүлсэн иргэддээ нэлээд их хэмжээний мөнгө бэлэглэдэг. Сингапурчууд хоёр хүүхэдтэй байх ёстой. Учир нь Сингапурын 1км2 нутагт 7200 хүн ногддог аж. Иймээс цагдаа нар үдэш оройн цагаар хоёр хүүхэдтэй гэр бүл рүү утастаж, жирэмслэлтээс хамгаалах эм эсвэл бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг.