С.Бямбацогт: Тавантолгойг эхлүүлэх зардлыг хаанаас босгох гэж
Иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаанаас 536 ширхэгийг үнэгүй олгохоор болсон билээ. Харин нэмж аж ахуйн нэгжид олгох 10 хувийг иргэдэд олгох нь зүйтэй гэх саналыг нэр бүхий гишүүд санаачлав. Өөрөөр хэлбэл, үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжид хувьцаа өгөхгүй, харин иргэдэд 1072 ширхэг хувьцаа олгоно. Ингэснээр иргэд нэгжхувьцааг 1000 төгрөгөөр үнэлж, он гаруут Засгийн газарт хувьцаагаа арилжиж үлдэгдэл сая төгрөгийг бэлнээр авах боломжтой хэмээн тооцоолж буй. Харин энэ талаар гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхуулья.
Татвар төлдөг үндэсний аж ахуйн нэгжүүддээ Тавантолгойн хувьцаанаас олгох нь зөв. Энэ байр сууриа хадгалах хэд хэдэн шалтгаан ч бий. Монгол Улсын төсвийн орлогын 80 хувийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Иймээс төсвийн орлогыг бүрдүүлдэг, ард түмнийг ажил, орлоготой байлгадаг 80 хувиа төр хэр сайн дэмжинэ, тэр чинээгээр Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэлт нэмэгдэнэ. Төсвийн орлогыг УИХ, Засгийн газар хуваарилдаг. Татвар төлөгчид их татвар төлөх тусам төсвийн орлого нэмэгдэж, тэр хэмжээгээр бидний хуваарилдаг зардлуудыг бүрэн санхүүжүүлэх, ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдэх боломж бүрдэнэ гэдэг үүднээс татвар төлөгчдийг дэмжих ёстой. Нөгөөтэйгүүр ард иргэдэд хувьцаа нэмж өгөхийг эсэргүүцэхгүй. Түүнийг аль болох бүтээлч, бодитой, үнэ цэнэтэй байлгахыг тооцох ёстой гэдгийг л хөндсөн. Юм элбэг дэлбэг болохоороо үр дүн багатай болдог. Иймээс үнэ цэнэтэй байлгах ёстой.
Түүнтэй холбогдуулж байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарим нь "Монгол 999" нэгдлийн лообийд орсон гэж байсан. Мөн намайг хэд хэдэн аж ахуйн нэгжтэй, олон компанид хувьцаа эзэмшдэг болохоороо хувьцаагаа нэмэгдүүлэхийн тулд ингэлээ гэж мушгих нь сонсогдсон. Миний хувьцаа эзэмшдэг компаниуд Тавантолгойн хувьцааны 10 хувиас ногдох багахан хувьцааг харах, ашиг хайхаар жижиг компани биш. Түүнийг тоох ч үгүй. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн хувьцааг хувийн сонирхлоор яриагүй, татвар төлөгч хувийн хэвшлийг төлөөлж байгаагийн хувьд хэлсэн юм. Монголын төр 50 хувиас доошгүйг нь эзэмшинэ гэж ярьж байдаг. Төр 50 хувиас доошгүйг нь авч, ард иргэддээ 20 хувийг нь .үнэгүй өгөхөөр цаана нь байгаа 30 хувиар Тавантолгойг эхлүүлэх зардлыг босгож чадах уу. Цаад давхар асуудлыг нь сайтар бодолцох л хэрэгтэй. Хөнгөн хийсвэр байдлаар асуудалд хандсанаар эрсдэл дагуулна уу гэхээс амжилт авчрах нь юу л бол. Энэ мэтийг нэлээн сайн тооцоо хэрэгтэй. Мөн хувьцаагаа нэн тэргүүнд арилжаад бэлэн мөнгө болгох сонирхолтой иргэд олон бий. Энэ бүхнийг урьдчилан харах л хэрэгтэй дээ.