УИХ-ын гишүүд УБЕГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Дондог, Ж.Батсуурь, Д.Оюунхорол нар өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Монгол Улсад бүртгэлийн нэгдсэн тогтолцоо байгуулах үндэсний хөтөлбөрийн дагуу тус газрын хийж буй ажил болон Сонгуулийн шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа түүнчлэн иргэний цахим үнэмлэх олгох бэлтгэл ажлын талаар УИХ-ын эрхэм гишүүд мэдээлэл сонсож, тавьсан асуултдаа хариулт авсан.
Иргэний бүртгэлийн үйл ажиллагааны доголдлоос шалтгаалж, тухайн иргэний талаарх мэдээлэл нь давхардах, зөрөх, орхигдох зэргээр үнэн бодит мэдээлэл гарч чаддаггүй тухай шүүмжлэл нэлээд гардаг байсныг хэрхэн өөрчилж, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйл члэх талаар ямар арга хэмжээ авч ажилласныг УИХ-ын гишүүд тодруулан асууж байлаа.
УБЕГ-ын удирдлагуудын хариулснаар, эхлээд иргэний бичиг баримтын зөрчлийг арилгасны үндсэн дээр иргэний архивын баримтыг иргэн тус бүрээр хувийн хэрэг үүсгэсэн байна. Мөн манай улсын насанд хүрсэн бүх иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулсан гэлээ. Үүний тулд давхцалгүй өгөгдлийн үүднээс хурууны хээ, адилтгал хийх боломжгүй джитал зургийн мэдээллийг бүртгэсэн тухай хэлж байв. Монгол Улсад нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 хүнийг шинэчлэн бүртгээд байгаа аж. Харин 2,7 сая иргэний 15,483,773 архивын нэгжийг иргэн тус бүрээр нь хувийн хэрэгтэй болгожээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэдийн гадаад паспортын асуудал болон хилийн бүс орчмын аймгуудад оршин суугаа иргэдийн гадаад паспорт олголт дээр гардаг гомдол зөрчлийн талаар асууж, шуурхай байдал, цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг зэргийг хэрхэн өөрчлөх боломж байгааг асуусан.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, сонгуулийн шинэ хуультай холбоотойгоор танай байгууллагатай уялдах хамгийн чухал асуудал бол иргэний цахим үнэмлэхийг хэвлээд, хугацаанд нь саадгүй тараах явдал юм гээд хөдөө, орон нутагт, ялангуяа гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэнд цахим үнэмлэхийг хэрхэн тарааж өгөх талаар асуусан.
Энэ мэтээр УИХ-ын гишүүд асуултдаа хариулт авч, мэдээлэл сонссоны дараа УБЕГ-ын зарим үйл ажиллагаатай биечлэн танилцаж, үйлчилгээний танхим зэрэг газраар орж үзсэн юм.