2020.11.17

Ж.Ганбаатар гишүүн зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах ажлын хэсгийг ахална

УИХ-ын дарга өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч болон УИХ-ын холбогдох байнгын хорооны дарга нартай хамтран зээл, зээлийн хүүг бууруулах чиглэлийн үүрэг даалгавар өгсөн. Энэ үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

Тэрээр уг хурлаар өрх гэр, аж ахуйн нэгжүүдийг энэ хүнд нөхцөлд зээлийн дарамтаас гаргахад хууль эрх зүйн хувьд ямар зохицуулалтыг даруй хийх шаардлагатай санал дүгнэлтийг яаралтай боловсруулахыг чиглэл болгосон юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн хүсэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах эх үүсвэрийг хуулийн хүрээнд хэрхэн зохион байгуулах талаар санаачлагатай, хурдтай ажиллахыг үүрэг болгов. Мөн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг боловсруулахдаа нэг сарын хугацаанд ямар арга хэмжээ авахаас эхлээд цаашид үүсч болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. 

Тиймээс цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад хэрхэн ажиллах УИХ-ын шийдвэрийн төсөл боловсуулах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулан байгуулахаар боллоо.
Уг ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.