Их говьд амьдардаг цорын ганц баавгай-Мазаалай
Мазаалай
2015.05.20

Их говьд амьдардаг цорын ганц баавгай-Мазаалай

Ursus arctos gobiensis, буюу Монголчууд бидний сайн мэддэгээр мазаалай баавгайнь маш онцгой, нэн ховор бөгөөд устах аюулд ороод байгаа баавгайн төрөл зүйл юм.

Мазаалай нь Монгол орны дархан цаазат говь цөлийн хүнд нөхцөлд зохицон, эрс тэс уур амьсгалд тархан амьдардаг бөгөөд заримдаа говийн баавгай гэж нэрлэгддэг.

Мобиком Корпораци зөвхөн манай улсад байдаг онцлогтой энэхүү ховор амьтныг хамгаалан, өсөж үржүүлэх үйлсийг тууштай дэмжсээр ирсэн билээ. Бид түнш байгууллагуудтайгаа хамтран мазаалайг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах үүднээс түүний талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэхийг зорьдог.

Монголын ууган бөгөөд тэргүүлэгч үүрэн холбооны оператор Мобиком Корпораци 2015 оны 5-р сарын 21-25 хооронд Мишээл Экспо төвд болох ICT Expo 2015 үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч, зохион байгуулагчийн хувьд энэ жилийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том арга хэмжээний үеэр олон нийтэд мазаалайн тухай, түүнийг аварч хамгаалахын тулд юу хийж болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, олон арга хэмжээ зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээнээс өмнө эхлээд хүмүүст мазаалайн тухай хамгийн энгийн ойлголтыг хүргэж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг ашиглан түүнийг яаж аврах тухай ойлголт өгье.

Мазаалай яагаад чухал амьтан бэ?

Мазаалай Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номонд бүртгэгдсэн байдаг. Мазаалай нь Монгол хүн бүрийн бахархал байхаас гадна Хятадууд пандаг сүр сүлдээ болгон дээдэлдгийн адил монголчууд бид бас өөрсдийн онцлог амьтнаа дээдэлж хүндлэх ёстой.

Монголд мазаалайг хамгаалах үйлсэд нэгдсэн хэд хэдэн төрийн бус байгууллагууд байдаг бөгөөд тэдний нэг нь бидний түнш болох Үндэсний Бахархалт Мазаалай ТББюм. Бид үүнээс гадна бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж орон даяар мазаалайн тухай, түүний устах аюулыг олон нийтэд хүргэх зорилготой ажиллаж байна.

Мазаалай хаана амьдардаг вэ?

Мазаалай Алтайн өвөр говийн 1300-2300 метрийн өндөрт орших говийн дунд ба намхан уулсын өндөрлөг дов толгод болон хотгор хуурай газрын нуга сайранд амьдардаг. Мөн мазаалай баянбүрд, булгийн ил задгай устай газрыг бараадан байршиж, ус идэш тэжээлийн хүрэлцээ нь түүний эзэмшил нутгийг тодорхойлдог.

Мазаалай нь бусад баавгайн адил өвлийн цагаар (11-3 сар) ичээндээ орж, бусад дулаан улирлыг идэвхтэй өнгөрүүлдэг.

Алтайн өвөр говь нь Төв Азийн хамгийн хуурай гандуу нутагт хамаарах тул гадаргын усны нөөц муу. Дэлхий дахинд явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нөлөөллөөр говийн булаг уснууд хатаж ширгэх байдал ажиглагдаж байгаа нь Мазаалай болон зэрлэг амьтдын амьдралд аюул занал учруулж болзошгүй байна.

Мазаалай юу иддэг вэ?

Мазаалай нь холимог идэштэн бөгөөд амьтан ургамлын аль алинаар нь хооллоно. Мазаалайн идэш тэжээлийн талаарх эрдэмтэн судлаачдын нийтэлсэн материалыг нэгтгэж, баас ялгадсыг задлан шинжилсэн дүгнэлтээс үзэхэд улирлаас хамааран 33 зүйл ургамал, 18 зүйл амьтны гаралтай хоол тэжээл хэрэглэгдэж байгааг тогтоожээ.

Мазаалайн ялгадаснаас хорхой шавьж, амьтны үлдэгдэл яс зэрэг олдох хэдий ч үндсэн хоол тэжээл нь ургамал, түүний дотор баажууна зонхилдог байна.

Мазаалай нь ямар амьтан бэ?

Мазаалай нь нуугдмал амьдралтай амьтан. Сонор соргог, харьцангуй шалмаг хөдөлгөөнтэй, бүрэг ичимхий зантай. Их холоос үнэр, дуу чимээ зэргийг мэдрэх чадвартай. Түүнчлэн газар орны байршлыг нягтлан харахын тулд хойт хоёр хөл дээрээ босч зогсдог, сониуч зантай амьтан юм. Мазаалай нь ямагт хүнээс дөлж зугтаж явах учир зэлүүд говьд тэднийг олж харсан хүн цөөн байдаг. Зун цагт өдрийн халуунаас зугтаж хадны агуй ангал зэрэг сүүдэрлэг газар өдрийг өнгөрөөнө. Нар жаргаж, бүрий болох цагаар идэш хоолонд явдаг байна.

Мазаалай эзэмшил нутгаа хамгаалан бусад баавгайтай тулалддаг. Олон жил үргэлжилсэн ган гачигийн үр дүнд баавгайнууд усны ундрага бүхий газар нутгаа булаацалдан тулалдаж нэгийгээ барьсан тохиолдол цөөнгүй байна. Мазаалай хүн барьсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч байгалийн зэрлэг амьтан учир ойртож очихдоо болгоомжлох нь зүйтэй. Хэрэв Мазаалай сандарсан, үүрнийхээ ойролцоо хүнтэй таарсан, эсвэл бамбаруушдаа аюул занал учирлаа гэж үзвэл хүнрүү дайрч довтлохоос буцахгүй ууртай амьтан юм.

Хэдэн мазаалай байгаа вэ?

Мазаалайн тоо толгой бага. Тэд Говь-Алтайн өргөн уудам, уулархаг газраар нутаглан амьдардаг учир биологчид зэрлэг говьд одоогоор хэдэн баавгай амьдарч байгаа тодорхой тоо тогтоох боломжгүй байна. 50 жилийн өмнө судлаачид ойролцоогоор 15 – 20 орчим мазаалай амьдарч байгаа тухай мэдэгдсэн байдаг. Тэр үеэс эхлэн мазаалайн тоог тогтоох зорилгоор дэвшилтэт аргуудыг ашиглан судалгаа явуулсаар ирсэн. Жишээлбэл, 2008–2009 оны хооронд “Говийн Баавгай Төсөл” – ийн хүрээнд мазаалайн гол байршил нутаг дахь нэмэлт тэжээлийн цэгүүдээс цуглуулсан баавгайн үсэнд генетикийн шинжилгээ хийсэн байна. Ингэснээр, шинжээчид баавгайн тоо толгой харьцангүй өсч ойролцоогоор 31 байна гэсэн үр дүнд хүрсэн ч энэ нь маш бага тоо юм.

Харамсалтай нь, 2008–2009 онд хийсэн генетикийн шинжилгээгээр эрдэмтдийн тоцооллоос зөрүүтэй үр дүн гарч эр баавгай нь эм баавгайнаас тооны хувьд илүү байгааг тогтоожээ. Эм баавгайн тоо цөөн байгаа нь сүргийн хэвийн нөхөн төлжилт алдагдах аюултайг харуулж байдаг. Гэсэн ч зарим эрдэмтдийн үзэж байгаагаар нялх бамбарууштай эвш бамбаруушаа өсч торнитол, үүрнээсээ холдож явдаггүй онцлогийг харгалзан үзэж, үснээс цуглуулах дээжинд хамрагдаагүй эм баавгай байх магадлалтай юм. Дэвшилтэт экстраполяцийн технологийг ашиглан хийсэн энэхүү судалгааний үр дүнд шинжээчид мазаалайн нийт тоо толгой ойролцоогоор 30 орчим байгааг тогтоосон. Үүнийг мазаалайн нэмэлт тэжээлийн цэг, булаг шандууд дээр тавьсан автомат камерийн судалгаа баталж байгаа юм. Мазаалайн тоо урьд жилүүдийнхээс буураагүй ч, төдийлөн өсөөгүй байгаагийн шалтгаанийг цаашид нарийвчлан гаргах шаардлагатайг дээрх тоо баримтууд харуулж байна.

Мазаалайн тоо толгой яагаад өсөхгүй байна вэ?

Мазаалай 4 настайгаас эхлэн 2 жилд нэг удаа үржилд ордог ч зөвхөн 1–2 алманцаг төрүүлдэг.

Мазаалайн бамбарууш ихэвчлэн 2 нас хүртлээ эхтэйгээ хамт амьдардаг. Гэсэн ч 2 настай баавгай бие дааж амьдрах чадвартай болох хүртэл чоно зэрэг зэрлэг амьтанд бариулах аюултай байдаг.

Мазаалай өргөн уудам нутаг дамнан амьдардаг учир тэдний амьдралын мөчлөгийн тухай судалгаа маш бага хийгдсэн байдаг. Иймээс устах аюулд ороод буй энэ амьтныг сайн таниж мэдэхийн тулд бид илүү урт хугацааны нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай юм.

Мазаалайг хамгаалахын тулд юу хийх вэ?

Юуны түрүүнд судлаачид, хамгааллын биологчид, экологчид Мазаалайн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв мэдээлэл цуглуулах нь чухал байна. Судалгааг чиглуулэн явуулахад орон зай, цаг хугацаанд тулгуурласан үйл ажиллагааны нарийн төлөвлөгөө, хуваарь гаргах хэрэгтэй. Мазаалайг хамгаалахын тулд сайн мэдлэг, мэдээлэлтэй байх нь шинэ арга хэрэгсэл, арга барилтай болоход тусална.

Мазаалайг хамгаалах арга хэрэгсэл гэдэгт байгаль хамгаалагчийн мониторинг, мөрдлөг шинжилгээ орно.

Мазаалайг яаж өсгөж үржүүлэх вэ?

Мазаалай болон түүнтэй адил ховор, ховордсон амьтад нь байгалийн унаган орчинд хамгаалалттай амьдрах хэрэгтэй. Хүний байнгын халамжинд асран хамгаалж болох ч, зэрлэг амьтдыг байгаль орчинд нь хамгаалах нь олон давуу талтай байдаг. Байгаль орчинд нь амьдруулахдаа орчныг нь тордон сайжруулж, зохицуулалт, хяналт бий болгох замаар хамгаалах боломжтой. Түүнчлэн баавгайнуудад идэш тэжээлийг нь бэлдэж, хармагийн ургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Мазаалай харилцаа холбоо, мэдээллийн технологитой ямар холбоотой вэ?

Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь байгаль орчинг хамгаалах ажилд улам бүр харилцан хамааралтай болж байна. Харилцаа холбоо, мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан мазаалай зэрэг устах аюулд ороод буй амьтдыг хамгаалах боломжтой. Хэдэн арван жил ажилласны үр дүнд ICT, зайнаас тандан судлах технологи, амьтдын байршлыг хянах сансрын дохиолол бүхий GPS хүзүүвч бүтээсэн билээ.

Зайнаас тандах хэрэгслийн тусламжтайгаар эрдэмтэд дэлхийн дулаарал нь хөрсний чийгшил, ургамал зэрэгт хэрхэн нөлөөлж буйг судлах боломжтой болсон ба үүний адилаар мазаалайн амьдралд нөлөөлөл үзүүлж буй байгалийн үзэгдлийг судалж мэдэх боломжтой болж байна. Судлаачид амьтдын байршлыг тогтоох хэрэгслийг ашиглан баавгайн байршлыг хянаж, тэдний амьдрах орчин, зан чанарын тухай мэдээлэл цуглуулах боломжтой ба Мобиком Корпораци мазаалай баавгайн тухай мэдээлэл цуглуулах, таниж мэдэхэд туслах зорилгоор GPS төхөөрөмж хандивлахаар төлөвлөж байна.

Мобиком Корпораци харилцагч байгууллагуудтайгаа хамтран үндэсний биологийн өвийг хамгаалах зоримог алхмыг эхлүүлээд байгаа билээ. Түүнчлэн энэ нь Олон Улсын Харилцаа Холбооны Холбооны (ITU) харилцаа холбоо, мэдээллийн технологиор дамжуулан дэлхий даяар зохион байгуулж буй эх дэлхийгээ аврах ажиллагааны нэг хэсэг юм. ITU нь харилцаа холбоо, мэдээллийн технологийг ашиглан дэлхий даяар хүмүүсийг холбож мэдээлэл дамжуулах НҮБ-н эрх бүхий байгууллага юм. ITU байгаль орчинг хамгаалах ажиллагааг анхлан зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчин хамгаалах ажилд харилцаа холбоо, мэдээллийн технологийн оролцоог нэмэгдүүлэх онцгой шийдэл гаргаад байна.

Мобиком Корпораци яагаад мазаалайг ICT Expo 2015-ын бэлгэ тэмдэг болгон сонгосон бэ?

Мазаалай нь зөвхөн Монголын говь цөлд амьдардаг нэн ховор амьтан юм. Бидний хувьд цөөхөн үлдсэн байгаа энэ амьтны төрөл зүйлийг хамгаалах нь маш чухал хэрэг бөгөөд бид түнш байгууллагуудтайгаа болон орон даяар байгаа хүмүүстэй хамтран хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологи бол мазаалайн байршлыг хянах маш хүчирхэг зүйл бөгөөд бид байршил тогтоогч ашиглан тэдний хаана байгааг мэдсээр хамгаалж, нэн ялангуяа эрс тэрс цаг агаартай үед хүнс тэжээлээр тасалдуулахгүй байхад чухал үүрэгтэй.

ICT Expo 2015 нь 5 дугаар сарын 21-нээс эхлээд олон нийтийн анхаарлан татсан сэдэв байх болно. Энэ боломжийг ашиглан бид хүмүүст мэдээлэл түгээж, мазаалайг цаашид ховордохоос сэргийлж хамгаалахын тулд орон даяар хүмүүсийг идэвхжүүлж оролцуулах зорилготой байгаа.

Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө Мобиком Корпораци бүхий л нөөц бололцоогоо дайчилж байгаа бөгөөд зураг, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулахын зэрэгцээ, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан баримтат киног хүргэж эхлээд байгаа.