Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
2020.09.10

Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

Улс төрийн хилс хэрэгт олон мянган иргэдийг хилсээр хэлмэгдүүлсний төлөө Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, амь насаа алдсан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх, санан дурсах зорилгоор УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэхээр тогтсоноос хойш 25 дахь жилдээ тохиож буй юм.

Энэхүү өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн “Дурсгалын хөшөө”-нд нийслэл, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонсголон, Толгойт, Сонгино цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв.

Улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,314 иргэнийг цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль батлагдсан 1998 оноос хойш 500 мянга, 1 сая, 40 сая, 80 сая төгрөгийн нөхөх олговор буюу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү нарт олгожээ.