Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг байгуулагдлаа
2020.07.31

Хүчирхийлэлтэй тэмцэх лобби бүлэг байгуулагдлаа

УИХ, Засгийн газраас Хүүхэд, гэр бүл, залуучуудын эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Хүүхэд хамгааллын, Залуучуудын хөгжлийн тухай хуулийг шинээр батлан хэрэгжүүлж байгаа.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, тэднийг хамгаалах чиглэлд хууль, эрх зүйн ахиц гарч байгаа ч бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байна. Түүнчлэн хүчирхийлэл нийгмийн бүх түвшинд олон хэлбэрээр үйлдэгдсээр байгаа билээ.

2020 оны эхний 3 сард 545.9 мянган зөрчил бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3131 зөрчил шалган, 2244 зөрчлийг шийдвэрлэжээ. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулбал, нийт зөрчил 15.0 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар тус тус өсөн тухай Цагдаагийн Ерөнхий газраас гаргасан тоо харуулж байна. 

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нэр бүхий гишүүдийн хамтаар УИХ дахь “Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг байгууллаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь нийгмийн сайн сайхан, бусдын төлөө гишүүн болохоосоо өмнө олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, тэдгээр нь үр дүнд хүрч байсан. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж хүүхэд, эмэгтэйчүүд, тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажлыг удирдан ажилласан туршлагатай нэгэн билээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: “Хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүчирхийллүүд нийгмийн бүх түвшинд олон хэлбэрээр үйлдэгдэж байгаа нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт сул, сурталчилгаа тааруу, ард иргэдийн ёс зүйн боловсрол доройтсоныг харуулж байна. Тиймээс хууль боловсруулж, батлах түвшинд энэ чиглэлд анхаарал хандуулж, батлагдаж буй хууль, тогтоомжуудыг боловсруулах шатанд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай гэж үзэн лобби бүлэг байгуулсан.”

“Хүчирхийлэлтэй тэмцэх лобби” бүлэг нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэгч талбаруудад тулгамдаж буй асуудлыг судлан бодлогын дэмжлэг үзүүлэх гэх мэт өргөн хүрээнд ажиллахаар болжээ.

Уг лобби бүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Ц.Туваан зэрэг гишүүд ажиллах юм байна.