Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2020.08.28) хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар захирамжаар дээрх тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд олонх, цөөнхийн төлөөллийг хамруулсан нэр бүхий 29 гишүүн ажилласан байна.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгааг нягтлан үзжээ. Ингэхдээ Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс ирүүлсэн 120 гаруй санал болон Байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг нэгтгэн хууль, тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг судлан хэлэлцсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.