2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тогтоолын төслийг хэлэлцэв
2020.08.20

2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тогтоолын төслийг хэлэлцэв

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр холбогдох байнгын хороод руу шилжүүллээ.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж хуульчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэн баталсан. Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсын хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хамт 5 жилээр тус тус батлан хэрэгжүүлэхээр болсон. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан байна.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.

Ирэх таван жилд хүний хөгжлийн үзүүлэлт 0.77 хувь, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хамрагдах сургалтын цэвэр жинг 89.4 хувь, суурь боловсролын хамаарах сургалтын цэвэр жинг 95.9 хувь, хүн амын дундаж наслалтыг 74 хувь, ядуурлын түвшинг 20 хувьд тус тус хүргэх зорилтыг дэвшүүлжээ. Мөн эдийн засгийн өрсөлдөх чадварыг 58 хувь, бизнес эрхлэлтийн үзүүлэлтийг 70, цахим засаглалын хөгжлийн үзүүлэлтийг 0.64 хувь, гол нэр төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээг “Евро5” стандартад нийцүүлэн дотоодоос хангах асуудлыг 80 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлжээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.