2020.08.25
Ц.Даваасүрэн: Хөгжлийн загвар, тэргүүлэх чиглэл нь тодорхой байх шаардлагатай
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 баонд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Үндсэн чиглэл боловсруулах аргачлал өөр байсан байх магадлалтай ч хэлбэр нь өмнөх шигээ жагсаалт болоод хэрэгждэггүй зүйл байдаг. Бид их тодорхой болгохын тулд хөгжлийн загвар, тэргүүлэх чиглэл нь тодорхой байх шаардлагатай байна. Ийм бүтэцгүй учраас ажлын хэсэг боловсруулдаг ч хэрэгждэггүй байсаар байна. иргэд амалснаа биелүүлэхгүй байна гэж бидэнд хэлдэг шиг эргээд хэрэгжихгүй ийм баримт бичиг гаргаад байна. Хариуцлагын тогтолцоо нь алга.
Жишээлбэл Эрчим хүчний салбарт өөрийгөө зохицуулдаг, бие даасан найдвартай, тогтвортой системийг л бий болгох асуудал байна. Энэ хүрээнд юу хийх вэ гэдгээ тодорхойлж хийх ёстой. Баруун бүс нь Эрдэнэбүрэнгийн УЦС-аар гаднаас авч байгаа эрчим хүчээ хангана гэж байгаа нь зөв ч татах шугамын асуудлаа оруулаагүй, шийдээгүй байна. Энийг яах вэ? Цаашлаад ЭХ-ийг тогтвортой байлгах үүднээс бид яаж ч байсан усан, газын станцтай болох ёстой.
Дулааны цахилгаан станц ЭХ гаргах гэж их хугацаа алддаг бол Усан цахилгаан станц нэг товчлуур дараад л хэрэглээгээ хангах боломжтой. Гэтэл Эгийн голын станцын асуудал энэ төсөлд ороогүй байх юм. Эгийн голын УЦС-аа эхлүүлэхгүй бол бид хараат бус ЭХ-ий асуудал шийдэгдэхгүй. Газын станц үнэ өртөг ихтэй учраас нэн тэргүүнд УЦС-ыг байгуулах л шаардлагатай.”
Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.
Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр Ц.Даваасүрэн гишүүн санал хэллээ.