2020.08.20
Ц.Цэрэнпунцаг: Үндсэн чиглэлийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс ялгаруулах шаардлагатай
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн \2020.08.20\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэг, 47 зорилттой. Энэ хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
“ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайдаас асууя. Үндсэн чиглэлийн баримт бичиг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй давхардаад байна гэсэн шүүмжлэл байна. Тиймээс чиглэл бүртээ туг хатгаж, томоохон төсөл зоож болох уу? Түүнийгээ тойрсон технологи, боловсрол, эрүүл мэн гэх мэт салбарууд нь дагаад хөгжлийн хөтөлбөрт тусгагдах боломжтой гэж харж байна.
Жишээлбэл дижитал технологи, Нийслэл хотын хувьд Туул гол дээрээ нэг далан барих, санхүүгийн зах зээлд үүсмэл тодорхой бүтээгдэхүүн бичээд төлөвлөвөл иргэд ч өөрийн амьдралаа уялдуулан чиг баримжаа авах боломжтой юм уу гэж бодохын. Цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс ч ялгагдах боломжтой юм.”
Түүний асуултад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар хариуллаа.