С.Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөн ажиллаж чадаагүй
С.Эрдэнэ мэдээлэл хийж, сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулж чадаагүй тус намын дүрмийн дагуу АН-ын даргын ажлаа өгч буйгаа илэрхийллээ.
Ардчилсан намын Үндсэн дүрэмд зааснаар, ээлжит сонгуульд олонх болж чадаагүй бол намын удирдлага хариуцлага хүлээдэг тогтолцоотой гэдгийг мэдээллийн үеэр тэрбээр онцлов. Иймд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж урьчдилсан дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдож буй тус намын дэд дарга Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилж, түр эрх, тамгаа шилжүүлэх болсноо мэдэгдэв.
Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг тодотгов. Тэрээр, сонгуулийн урьдчилсан дүнгээр олонхыг бүрдүүлж байгаа МАН нийт сонгогчдын 44.9 хувийн дэмжлэгийг авсан буюу 50 хувьд хүрээгүй гэдгийг дурдлаа. Харин Ардчилсан нам 11 суудал буюу 24.5 хувь, бусад нам эвсэл, бие даагчид 30.6 хувийг бүрдүүлжээ. Энэ нь сонгуулийн төлөөллийн зарчмыг хангахгүй байна гэлээ. Гэхдээ нэгэнт баталсан сонгуулийн хуулийн дагуу явагдсан тул үүнд буруугаа чихэх биш, алдаагаа хурц тод харж дараагийн удирдлагууд эрч хүчтэй ажиллаж ард түмнийхээ олонхын дэмжлэгийг авч чадна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дуулгав.
Цаашид Ардчилсан хүчний намууд хамтарч нэг бодлоготой улс төрийн хүчин болж ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг нь ажиглагдсан хэмээн тэмдэглэв. Хэрвээ Ардчилсан хүчний намууд нэгдэж өрсөлдсөн бол 55 орчим хувийн дэмжлэг авах боломж байгааг дурдав.
Тэрээр намын ялагдалд олон дутагдал байгаагийн зэрэгцээ Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчтэйгээ хамтран нэг болж ажиллаагүй, том боломжийг алдсан хэмээлээ. Түүнчлэн Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөлийг үнэлж сөрөг хүчний байр сууринаас хангалттай ажиллаагүй хэмээн тэмдэглээд, нэгдмэл удирдлагаар хангаж, ялалтад хүргэж чадаагүйдээ нийт сонгогч, дэмжигч, намын 200 мянган гишүүнээсээ хүлцэл өчлөө. Цаашдаа Ардчилсан намыг Үндэсний хэмжээний эрх баригч нам болгохын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулав.
-Энэ удаагийн ээлжит сонгуулийг хэр шударга болсон гэж харж байна вэ?
-Хяналтын тооллогод одоогоор ноцтой зөрчил гараагүй. Цаашид хар машины хяналтын тооллогод мэргэжлийн түвшинд шалгалт хийх ёстой гэж харж байна. Эргэлзсэн, тээнэгэлзсэн намын гишүүн олон бий. Тиймээс энэ асуудлыг эцэслэж нэг талд нь гаргах хэрэгтэй.
-Сурталчилгааны үед мөнгө тараасан, хууль зөрчсөн зэргээр зарим сонгогдсон гишүүнийг эргүүлэн татаж, Арчилсан нам УИХ-д суудлаа нэмэх боломж байгаа юу?
-Сонгуулийнн сурталчилгааны үед цагдаа, прокурорын түвшинд шалгаж шүүхэд шилжсэн тохиолдол бий. Өвөрхангай аймаг болон Чингэлтэй дүүрэгт нэг дэвшигчтэй холбоотой асуудал шүүхийн хяналтад явж байна. Шүүхээс эцсийн шийдвэр гаргаагүй тул ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй. Хууль шүүхийн байгууллага шалгасны дараа мэдээлэх болно.
-Энэ удаагийн сонгуулиар ямар үр дүнд хүрнэ гэж тооцож байсан бэ?
-Бид үр дүнг хоёр янзаар харж байсан. Үндэсний хэмжээний намын хувьд, мөрийн хөтөлбөртөө илүү найдсан. Мөрийн хөтөлбөр нь иргэд, өрх рүү чиглэсэн хөгжлийн бодлогын суурийг тавих байсан юм. Үүгээр дамжуулан цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс гарах, онцгой нөхцөлд ажиллах хөтөлбөрийг давхар дэвшүүлээд байв. Энэ нь иргэд, сонгогчдын дэмжлэг авна хэмээн найдсан. Ерөнхийдөө олонх болох зорилготой оролцсон. Хоёр дахь хувилбар нь сонгуулийн дүн гол хоёр намын хооронд ойролцоо гарах байх гэж тооцсон. Дараа нь эвслийн Засгийн газар байгуулах асуудал яригдах байх гэж таамагласан. Гэхдээ урьдчилсан байдлаар ямар дүн гарсныг та бүхэн мэдэж байгаа.
-Танай намын Үндсэн дүрмийн хүрээнд цаашид намын даргыг хэрхэн сонгох вэ?
-Үндсэн дүрмийн хороо шийдвэр гаргаж, ҮБХ-ны хурал зарлана. Тус хороо хуралдаж Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг баталгаажуулна. Үүнээс хойш 90 хоногийн хугацаанд дараагийн намын даргын сунгаа явагдана. Намын даргын сунгаа тийм ч амар ажил биш. Учир нь 21 аймаг, 9 дүүргээ тойрч, нийт гишүүний дэмжлэгийг авдаг. Энэ бол манай намд тогтсон соёлтой жишиг хэмээн харж байна. Нэлээд зохион байгуулалттай, хөрөнгө санхүү, хүн хүч шаардсан ажил болно.
-Танай намын хэсэг залуус Ардчилсан намын ялагдал нь шинэчлэл хийж чадаагүйтэй холбоотой гэж мэдэгдсэн. Танай нам шинэчлэгдэж чадсануу. Дотоод шинэчлэлийг юунаас эхлэх ёстой вэ?
-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинэчлэлийн ажлын өргөн цар хүрээтэй явуулсан. Огт шинэчлээгүй гэж хэлэх үндэслэл байхгүй юм. Сүүлийн 3-4 жилд шинэчлэгдсэн хэмээн зарласан ч иргэд бодит үр дүнг нь хардаг. Бодит үр дүн мэдээж урт хугацаа шаардана. Гэхдээ манай намын шинэчлэл цаашид ч үргэлжилнэ. 2000 онд тэс өөр үзэл баримтлалтай таван улс төрийн хүчин нэг туган дор нэгдэж одоогийн Ардчилсан намыг байгуулсан. Бид үзэл баримтлалынхаа төслийг гурваг жилийн турш амжилттай хэлэлцүүлсэн.
Улсын дээд шүүхэд үзэл баримтлалаа албан ёсоор бүртгүүлсэн улс төрийн анхны хүчин болж чадсан нь шинэчлэлийн гол үзүүлэлт. Мөн нийт гишүүдээсээ бүх шатны удирдлагаа сонгодог жишиг тогтоосон ьн шинэчлэлийн том үр дүн. Сонгуулийн үр дүнгээр хариуцлага хүлээдэг тогтолцоо мөн л жишиг болж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн тэдгээр гишүүдийн өөрсдийнх нь эрхийн асуудал тул илүү зүйл ярихгүй.