2020.06.22

Монгол төрийн босго өндөр, хоймор ариун байж, түмэн олон та нарын маань сонголт мэргэн байх болтугай

ШИНЭ ХОВДЫГ ХАМТДАА БҮТЭЭЛЦЭХ ХОВДЧУУД ТА НАРТАА БАЯРЛАЛАА

Ховд сайхан нутгийн ахан дүүс минь ээ.
Эрхэм хүндэт иргэд , сонгогчид оо.

Монгол төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болсон Улсын Их Хурлаа сонгож байгуулах ээлжит сонгуулийн кампанит ажил өндөрлөж байна.

Сонгуулийн сурталчилгаа явагдсан 3 долоо хоног буюу өнгөрсөн 21 хоногийн хугацаанд миний бие УИХ-ын Сонгуулийн 16-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн багаа ахлан Ховд аймгийнхаа 17 сум, 91 багт ажиллаж, нийтдээ 20 шахам мянган иргэд сонгогчидтой уулзаж, Монгол Ардын Намаас дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Ховдчууд бид хүрсэн түвшиндээ дөрөөлөн хөгжиж ШИНЭ ХОВДоо бүтээх түүхэн цаг үетэй нүүр тулаад байна.
#ШинэХовд бол төрсөн нутгийн маань маргаашийн өнгө, та бидний гэрэлт ирээдүй билээ.

Ховдчуудынхаа орлогыг нэмэгдүүлж, зардлыг хэмнэх ШИНЭ ХОВД-ыг байгуулснаар бид үйлдвэрлэгч аймаг болж, баруун бүсийнхээ нийслэл болон хөгжих бахдам түүхийг бичих болно.

Өнгөрсөн хугацаанд үргэлж надад итгэл дэмжлэгээ үзүүлж, төр түшиж түмний төлөө зүтгэх, төрсөн нутаг Ховдынхоо хөгжлийн түүчээ нь байх нэр төртэй хэрнээ нэн хариуцлагатай үүргийг оноож ирсэн нутгийн олон та нартаа баярлалаа.

Олон ястны өлгий, оюунт цэцдийн удам та нарынхаа саруул ухаан, мэргэн сонголтод гүнээ итгэж байна.

Маргаашийн #ШинэХовд-ыг байгуулахын төлөө төрөлх нутгийн олонтойгоо ХҮЧЭЭ НЭГТГЭЕ.
#ШинэХовд-ын төлөөх таны нэг санал хамгаас үнэ цэнэтэй гэдгийг нутгийн ахан дүүс та бүхэндээ хандан уриалж байна.

Монгол төрийн босго өндөр, хоймор ариун байж, түмэн олон та нарын маань сонголт мэргэн байх болтугай.