2020.04.29
Л.Энх-Амгалан: Өнгөрсөн хугацаанд банкныхны таргалсан, иргэдийн турсан хоёр тэнцсэн
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Маш том хүлээлт үүссэн байна. Тогтоолыг баталснаар ямар зээлүүдийн хүү буурах, хэн хамрагдах юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Монголбанк 5, арилжааны банк 3 гээд найман хувийн хөнгөлөлт олгох юм байна гэж ойлголоо.
Тэгвэл 16 хувийн хүүтэй зээлийн 8 хувийг нь иргэд төлөх юм байна гэсэн үг. Тэгвэл үүнийг хэн яг хүртэх юм бэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд банкны таргалсан, иргэдийн турсан хоёр тэнцсэн. Тиймээс банкны салбарын шинэчлэлтийг яаралтай хийх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Чухал асуудал хөндлөө. Цөөн минутад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл хүнд байна. ФАТф-ын саарал жагсаалтад орсон, гадны төлөх зээлүүд, банкны салбар нээлттэй биш гээд монголын төр бодлогогүй явсны гор гарч байна. Бид банкны шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байна. Бүгдийг нь хувьд гаргачихаад татвар аваад явдаг загвар буруу байсныг өнгөрсөн 30 жил харууллаа. Банкны салбарын шинэчлэлд хамтарч ажиллана гэдэг хариултыг Л.Энх-Амгалан гишүүнд өгч байна.