2020.04.23
Б.Дэлгэрсайхан: Халдвар авснаа санаатайгаар нуусан, бусдад халдаасан бол эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Хуулийн төсөлд орсон заалтууд ерөнхий шинжтэй байна. Өвчлөлөөс илүү эдийн засгаа анхаарахгүй бол нөхцөл байдал сайнгүй байна. Нүүрсний тээвэрлэлтийн асуудалд гэхэд мэргэжлийн хяналтын байгууллага хангалттай ажиллахгүй байна.
Дунд шатанд ажил явахгүй байна. Хэн дуртай нь дур дураараа шийдвэр гаргаж байна. Хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Жишээ нь, Замын-Үүдэд 600-700 машин дугаарлуулаад 100 мянган төгрөгөөр татаж оруулдаг гэдэг мэдээлэл дуулдаж байна. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ? Энийг бизнес болгож байна.
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа хүмүүсийг моргейжийн зээлд хамруулна гэх зэрэг нэлээд холын юмыг энэ хуульд тусгасан байна. Гэтэл цаг наргүй ажиллаж байгаа хүмүүст өнөө маргаашийн асуудал чухал байна. Ядаж л хил дээр 24 цагаар ажиллаж байгаа хүмүүсийн илүү цагийн цалин, урамшууллыг цаг тухайд нь олгож баймаар байна.
Цар тахалтай холбоотой худал мэдээлэл тараасан, халдвар авснаа мэдсэн хэр нь санаатайгаар нуусан, бусдад халдаасан этгээдэд эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй. Үүнийг хуульд тодорхой зааж өгмөөр байна.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариуллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28