Намууд мөрийн хөтөлбөр батлах хурлаа онлайнаар хийнэ
2020.03.13

Намууд мөрийн хөтөлбөр батлах хурлаа онлайнаар хийнэ

УИХ-ын ээлжит сонгууль гурван сарын дараа буюу зургаадугаар сарын 24-ны өдөр болно. Түүнээс өмнө УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох эсэхээ мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, намууд нэр дэвшигчээ тодруулж бүртгүүлснээр албан ёсны сурталчилгаа эхлэх учиртай.

Хуулийн дагуу улс төрийн нам, гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар аудитын байгууллагад хандах учиртай. Аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд  хүргүүлэх хуулийн зохицуулалттай.

Түүнээс өмнө намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, намын дээд шатны хуралдаанаараа баталгаажуулах ёстой юм. Гэвч шинэ коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор хорио цээрийн дэглэмтэй энэ өдрүүдэд олон хүнийг нэг дор цуглуулахгүй учраас намуудын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрхэн баталгаажуулах вэ гэх асуудал үүсч байгаа гэнэ. Тиймээс намуудын хувьд мөрийн хөтөлбөр баталгаажуулах хурлаа онлайнаар хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөлийн өмнөх хуралдаанаар мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсч, гуравдугаар сарын 22,23-ны өдрүүдэд аймаг, дүүрэг, сумдын Бага хурлын гишүүдтэй онлайн хурал хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ.

Мөн Ардчилсан намын зүгээс ч Үндэсний бодлогын хороогоор мөрийн хөтөлбөрөө баталгаажуулах ёстой. Тиймээс ҮБХ-ны хурлаа онлайнаар хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ. Тодруулбал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны зөвлөлдөх цахим хурал маргааш буюу гуравдугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт болох юм байна.

Мөн бусад намуудын хувьд ч гэсэн мөрийн хөтөлбөрөө батлах хурлаа онлайнаар хийхээр төлөвлөжээ.