Оюуны баялаг бүтээгчдийн ханшийг өргөсөн хууль
Яруу найрагчид дуугаа, үйлдвэрлэгчид ундааны логоны патентаа банкинд барьцаалж зээл авах боломж нээгдлээ.
УИХ-аар “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” хуулийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.5 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдав. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын есөн гишүүн санаачилсан юм. Монголчууд оюуны өмч гэдгийг зөвхөн шүлэг, яруу найраг, хөгжмийн бүтээлүүд, уран зураг гэсэн хэдхэн категориор ойлгож ирсэн. Аливаа шинэ бүхэн оюуны өмчийн патенттай байдаг гэхээр гайхдаг байсан.
Төслийн санаачлагч Н.Учрал яруу найрагч хүний хүүхэд. “Их засаг” их сургуулийг үндэслэн байгуулагч Ням-Осор бол оюун ухаанаараа одоогийн өөрийн гэсэн бүхнээ бий болгосон хүн. Тиймээс Учрал гишүүн оюуны өмчийн тухай “Бид оюуны өмчийг шинэ бүтээл, оновчтой санаа гэж 1990-ээд оноос өмнө нэрлэдэг байсан. Орчин үед шинэ бүтээл, оновчтой санааг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу инновацийн үйл ажиллагаа гэж тодорхойлж байгаа.
Оюуны өмчийн хамгаалалтын сайжруулах асуудал маш чухал асуудал. Гадаадын хөрөнгө оруулалт манайд орж ирэхийн тулд нэг зүйлийг их асуудаг болсон. “Танайх манай бизнесийн оюуны өмчийг хамгаалж чадах уу” гэдэг. Гадны компаниуд Монголд франчайзын гэрээгээр буюу “KFC” шиг, “Шангрила” шиг олон улсын сүлжээ буудлууд орж ирэхдээ хамгийн түрүүнд “Бидний оюуны өмчийг та нар хамгаалж чадах уу, эрхзүйн орчин чинь бүрдсэн үү” гэдэг. Тэгэхээр оюуны өмчийг хамгаалах, эрхзүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Жишээ нь, Патентын хууль, Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль гээд гурван хууль манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэхдээ Оюуны өмчийн суурь харилцааг зохицуулсан хууль байхгүй байсныг баталж чадлаа” гэж ам бардам өгүүлж байна. Тэрээр дээрх хуулийг батлагдсаны дараа парламентын ангийнхандаа хэдэнтээ баярлаж талархсанаа илэрхийлсэн. Энэ бол Монголд үнэхээр нүдээ олсон хууль болсон.
Монгол хүний оюуны бүтээл үнэд хүрэх боломж нээгдсэн нь хуулийн амин сүнс
Хуулийн амин сүнс юунд оршино вэ гэвэл оюуны өмч гэж юуг ойлгох, үндэсний хэмжээнд оюуны өмчийн тогтолцоог яаж авч үзэх юм бэ. Оюуны өмчийн байгууллага ямар удирдлага зохион байгуулалттай байх юм, оюуны өмчийн улсын байгцаагч ямар эрх эдлэх юм гэдгийг бүгдийг энэ хуулинд тусгаснаараа онцлог болж. Хамгийн чухал нь шинэ бүтээгдэхүүний ашигтай загварыг оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчдээр үнэлүүлэх боломжтой болжээ.
Тухайлбал, нэг эрдэмтний бүтээсэн шинжлэх ухааны бүтээл, нээлтийг тэдэн төгрөгөөр үнэлэгдэх юм байна гээд үнэлэмжийг нь гаргачихжээ гэж бодоход тухайн эрдэмтэн түүнийгээ банкинд барьцаалах боломжтой болж байгаа юм. Заавал үл хөдлөх хөрөнгө, машин тэрэг барьцаалж хэрэгцээт мөнгөө авдаг гэсэн ойлголтгүй болж байна. Ингэж монгол хүний оюунаараа бүтээсэн зүйл үнэд орох цаг ирлээ.
Гадаадын улс оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд, патентийг нь авчихсан шинэ бүтээл, ашигтай бүтээгдэхүүний загвараа, тэр байтугай барааны тэмдгээ банкинд барьцаанд тавьдаг. Захын жишээ дурдахад ундааны лого ч байж болно гэж байгаа. “АПУ” компанийн “Боргио” гээд лого байж болно. Барааны тэмдгээ барьцаалж байсан практик манайд байдаг. “Улаанбаатар банк” гэхэд барааны тэмдэг барьцаалаад зээл олгож байсан нь үүний тод жишээ юм.
Оюуны өмч үнэд хүрэх зах зээл дэлхий дүүрэн бий
“Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай”хуулиар бүх оюуны өмч үнэлгээ хийлгээд, түүнийгээ банкинд барьцаалах эрхийг нь нээж өгөх болж байгаа нь тун сайшаалтай. Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн зуучлал хийж байна гэсэн үг аж. Оюуны өмчийн зуучлал хийх байгууллагуудад эрхийг нь олгодог болно гэж байгаа. Хэн нэгэнд байгаа оновчтой санаа агуулсан шинэ бүтээлийг аливаа иргэн хөрөнгө оруулагчдад зарж өгч болно гэсэн үг л дээ.
Тэр нь оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж болох аж. Эндээс олсон орлогыг татвараас таван хувь бууруулна гэж байгаа юм. Хөнгөлж өгснөөр зуучлалын үйл ажиллагаа сайн явагдах аж. “Монголд эрдэмтэн мэргэд шинэ санаа их сэтгэдэг. Хөрөнгө оруулагчид юунд хөрөнгө оруулахаа мэддэггүй. Сайн сайн патентуудыг хөрөнгө оруулагчдад санал болговол бизнес болох боломжтой” гэж Н.Учрал гишүүн өгүүлж байна.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагуудад зуучлалын ажиллагаа дэлгүүр шиг болчихсон байдаг аж. Бизнес эрхлэгч, томоохон компанийн эзэд “Сайн патент байна уу, энэ жил ямар сайн бүтээгдэхүүний загвар, санаа ирэв, бизнес болгочихоор юу байна” гэж эрэл сурал болсоор ирдэг байна. Мөнгөлөг баялаг бүтээгчид шинэ санааг шууд өлгөн авч хөрөнгө оруулаад, олсон орлогынхоо тодорхой хувийг бүтээгчид нь өгдөг байна. Манай улсын хувьд энэ хууль батлагдсанаар дуучид, уран бүтээлчид, киночид, нэвтрүүлэг хийж байгаа уран бүтээлчдэд маш гайхамшигтай боломж нээгдэж байгаа юм.
Дуугаа оюуны өмчид бүртгүүлж, зохиогчийн эрхийн гэрчилгээгээ авчихлаа гэж бодъё. Харамсалтай нь дууны үгийг жаахан өөрчлөөд ч юм уу дууг өөр дуу гээд бүртгүүлчихдэг. Эндээс оюуны өмчийн давхцал үүсээд, шүүхийн маргаан эхэлдэг. Ийм жишээ захаас аван олон бий. Яруу найрагч М.Цэрэнтогтох ноднин “Миний ээж хөөрхөн” тоглолтоо Бөхийн өргөөнд хийх гээд сурталчилгааны зарлалаа гаргах гэтэл Оюуны өмчийн газарт “Миний ээж хөөрхөн” гэсэн төрийн бус байгууллага байгуулагдчихсан байна гэж байсныг санаж байна.
Мөн “Малчин” телевизийн асуудал байна. “Малчин” гэдэг үгийг “malchin” гэж англиар бичээд барааны тэмдэг авчихсан байсан түүх байдаг. Энэ бол бодит үйл явдал. Ингээд нэр давхацсан учраас шүүхийн маргаан яваад эхэлсэн байдаг. Сая батлагдсан хуулиар эл давхцлыг үгүй болгоно гэж байгаа. Төслийн санаачлагч “Блокчэйн гээд орчин үеийн технологиор барааны тэмдэг, патент, бүтээгдэхүүний загварыг бүртгэнэ. “Малчин” гэдэг барааны тэмдэг авлаа гэхэд шууд өгөөд блокчэйн буюу засагддаггүй технологид оруулчихна. Хэн ч засаж чадахгүй.
Тэгээд “и-патент” гэдэг сайт ажиллаад эхлэнгүүт түүнд бүртгэгдсэн барааны тэмдэгт зарагдлаа гэж бодоход шууд худалдаж авч байгаа хүн рүүгээ технологи дээрээ шилжинэ.Тэнд хэнээс хэнд шилжсэн талаарх түүхийг нь бичээд явна гэсэн үг. Нэг дуу байлаа гэхэд дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч гээд олон эрх эзэмшигч гарч ирдэг. Тэднээс дууг эзэмших нэг эзэмшигч тодорхой болох ёстой.
Тэр хүн нь зохиогчийн эрхийн гэрчилгээ авах ёстой. Тэр уран бүтээлээ оюуны өмчийн мэргэшсэн үнэлгээчнээр үнэлүүлнэ гэсэн үг. Тухайлбал, Н.Жанцанноров гуайн “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим хэдэн төгрөг болох вэ. Б.Шарав гуайн “Сэрсэн тал” хэдэн төгрөгөөр үнэлэгдэх вэ. Тэр хөгжмийг эзэмшиж байгаа хүн нь магадгүй Б.Шарав гуайн хүүхэд нь ч байж болно. Тэр хүн банкинд дуугаа түр хугацаанд барьцаалаад, зээл аваад өөр уран бүтээл хийх санхүүлжилтээ олж болох ийм л давуу талыг энэ хуулиар олгож байна” гэж ярьсан.
Оюуны өмчийн ханш өсөхөөр “Төрд оръё, нүүрсний наймаачин болъё” гэж хэн ч шунахаа байна
Оюуны өмч баталгаажаад ирэхээр маш сайн үр дүн гарах нь тодорхой. 500 сая хэрэглэгчтэй “Тик ток” гэдэг аппликейшн гэхэд гурван жилийн дотор 14 тэрбум ам.долларын үнэд хүрсэн бодит баримт бэлээхэн байж байна. Дэлхийн топ арван бизнесийн найм нь оюун санааны бизнесээс бүрддэг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс хойч үе маань “Шинэ санаа сэдвэл мөнгө олно, шинэ санаа гаргавал үнэлүүлж чадах юм байна” гэдэг сэтгэлгээ рүү шилжинэ.
Оюуны ийм өндөр зиндаанд орчихоор “Төрд оръё, нүүрсний наймаа эрхэлье” гэх хүн ховордох юм. Хэн л тэгж зовлогоо зовоож явахыг хүсэх билээ. “Оюу толгойг биш оюунт толгойгоо л ух” гэж эрдэмтэн мэргэдийн захиад байдаг ингэж биеллээ олох юм. “Мэдлэг боловсролтой бол. Шинэ санаа сэтгэ. Оюун санаагаараа амьдар. Оюутны ширээнээс фэйсбүүк үүссэн. Өнөөдөр Эстон гэдэг улс “skype” гэдэг ганцхан аппликейшнээр эдийн засгаа төрөлжүүлж чадсан. Тэгэхээр дэлхийд гарч байгаа манай лэнд.мн гэдэг ч юм уу газруудынхаа оюуны өмчийн хамгаалалтыг сайн хийж өгөх хэрэгтэй” гэж хууль санаачлагчид уриалж байгаа нь гэгээтэй сонсогдож эхэллээ.
Манай эрдэмтдийн бүтээлийг америкчууд 50 сая.ам доллараар авах санал тавьжээ
Монголын оюуны өмчийн байгууллага дэлхийн Оюуны өмчийн байгууллагад 1979 онд элсжээ. Уран бүтээл, утга зохиолыг хамгаалах Венийн конвенцид, аж үйлдвэрийн өмчийг хамгаалах Парисын конвенцид нэгдсэн байдаг. Үүнийг юунд өгүүлэв гэхээр, дэлхийн хаана ч манай оюуны өмчийн байгуулагад бүртгүүлсэн патент хүчинтэйд тооцогдох юм. Хаана ч зөвшөөрөгдөнө гэсэн үг. Н.Учрал одоогоос жилийн өмнө Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын ерөнхийлөгч Фрэнсис Гарритай уулзахад “Монгол Улсаас хоёр эрдэмтний патентын санал ирсэн. Энэ бүтээгдэхүүнд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж Америкийн хоёр компани хүсэлт тавьсан.
Танайд үнэхээр потенциаль байна. Та нар үүнийгээ хөгжүүлбэл энэ бүхэн чинь л танай эдийн засгийг төрөлжүүлнэ. 88 хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, нэмүү өртөг чинь эх оронд чинь үлдэнэ” гэж хэлжээ. Хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Болорчулуун “Монгол Улсаас жилд хичнээн бүтээл, шинэ санаа Дэлхийн Оюуны өмчийн гэрчилгээ авч, бүртгэгддэг вэ. Дэлхийд хичнээн оюуны бүтээл бүртгэгдсэн тоо байдаг вэ” гэхэд Оюуны өмчийн газрын мэргэжилтэн Урангэрэл “Жилд 180 орчим бүтээл бүртгэгддэг. Ашигтай тэмдэгт 300 гаруй бүртгэгддэг. Олон улсад арваад шинэ бүтээл бүртгэгдсэн байдаг. Монгол Улсын хориод барааны тэмдэг олон улсад бүртгэлтэй” гэж хариулж байсан.
Технологи үйлдвэрлэдэг орон болохын төлөө өөдрөг бодолтой хийж бүтээцгээе!
Оюуны өмчийн харьцангуй сайн хууль батлагдлаа. Хууль яах гэж батлагддаг билээ. Худал, үнэнийг дэнслэх гэж хууль гардаг. Н.Учрал энэ тухайд “Алийн болгон бид оюуны өмчийн хулгайд нэрвэгдсэн ийм улс орон байх юм бэ. Оюуны өмч бүх салбарт хамааралтай. Та бизнес эрхлэх шинэ санаа сэдсэн л бол оюуны өмчөө хамгаалахгүй бол харамсалтай шүү дээ. Нэг кино гаргадаг. Кино театрт нууцаар гар утсаараа бичиж аваад, маргааш нь хэвлээд “Нарантуул”-д зардаг. Харамсалтай биз дээ.
Тэгэхээр уран бүтээл хийж яах юм бэ. Оюуны өмчийн хулгай гэдэг бол хамгийн аюултай.Энэ хууль батлагдсанаар оюуны өмчийн хугайтай ч тэмцэнэ. Жинхэнэ, оюуны өмчөө хамгаалуулсан сайн бүтээлийг, ашигтай загварыг, зохиогчийн эрхийг мөнгө болгоход анхаарна. Тэр нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал юм. Эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг төрөөс татварын бодлогоор дэмжих зохицуулалт энэ хуулинд бүлэг болж орсон. Монгол Улс бүтэн 30 жилийн хугацаанд оюуны өмчийн салбарыг шоовдор хүүхэд шиг харж ирсэн.
Монголын төр анх удаа Оюуны өмчийн суурь харилцааг зохицуулсан хуулийг баталлаа. Энэ хуулийг санаачилж батлуулсандаа баяртай байна. Ирээдүйн 30 жилийг яаж харж байна вэ гэвэл шинэ санаагаа сэтгээд, мөнгө болгох бололцоотой болсон.Залуус шинэ зүйлийг сэтгээд амжилтад хүрдэг болж эхэллээ. Төр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа бол татварын бодлогоор дэмжих ёстой. Швейцарь бол ганц цаг гаргаад өртгөөсөө мянга дахин өндөр үнээр зарж байна шүү дээ. Тийм цагны үйлдвэрт өндөр цалин авна биз дээ. Гэтэл бид ченжийн наймаачид шиг нэг бараа авчраад дээр нь 1000 төгрөг нэмж зараад байна.
Тэгэхээр цалин өндөр авахгүй байгаа юм. Энд л хөгжлийн гол асуудал оршоод байна. Тийм учраас бага өртгөөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд оюуны өмчөөр хамгаалуулж чадвал маш өндөр үнэлээр гадагшаа экспортлох боломж байна.Монгол технологи үйлдвэрлэдэг улс болох ёстой. Iphone утсыг хэзээ ч Америкт үйлдвэрлэдэггүй. Iphone зөвхөн технологио гаргана. “H&M”, “Zara”, “Mango” брэндүүдийг Хятадад үйлдвэрлэж байгаа болохоос АНУ-д үйлдвэрлэдэггүй. Америк зөвхөн технологио гаргадаг. Монгол ч гэсэн шинэ аппликейшн гаргаад, шинэ бүтээл, загвар хийгээд, үйлдвэрээ Хятадад байгуулж болно. Технологитой, оюун санааны орон болъё л доо. Тэгж чадвал энэ улсад хүн гоё амьдарна. Хүний нөөцөө Хятадаас нийлүүлээд, хямдаар энд цалинжуулж чадахгүй биз дээ.
Үйлдвэр нь тэнд, оюун санаа, уураг тархи нь Монголд. 3.2 сая хүн бүгдээрээ оюун санааны эрэлхийлэгч, эзэмшигч болж болно. Хүн бүрийн халаасанд хамгийн үнэ цэнэтэй барааны тэмдэг байх ёстой. Тэгж чадвал хөрөнгө оруулагч нар дэлхийгээр дүүрэн байна. Хажууд Хятадаар дүүрэн байна.Бүх санаагаа эндээ барьчихаад, хятадуудыг ажилчнаа, цэргээ болгоод сууж баймаар байна шүү. Энэ бол ирээдүйн 30 жил. Шинэ үеийн 30 жил өөрөөр явна.
Би залуу хүний хувьд ирээдүйн 30 жилийг харж байна. Бидний аав, ээж, ах, эгчийн үе өнгөрсөн 30 жилд үүргээ биелүүлсэн. Бидний ирээдүйн 30 жил бол цэвэр оюун санааны тусгаар тогтнол бий болгосон жил байна. Тийм учраас ч би энэ парламентад суух хугацаандаа Инновацийн тухай, Оюуны өмчийн тухай, Залуучуудын хуулийг батлууллаа. Бүгд гарааны бизнесийг дэмжих, татвараас чөлөөлөх, дэлхийд гарах гарцуудыг нээж өгсөн. Цаашдаа энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд анхаарна. Дэлхийд гарах олон сайхан залуучуудыг дэмжиж, тусалж, гүүр нь болж, төрд дуу хоолой нь болж ажиллана гэж бодож байгаа” гэж байна.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай гэж нэрнээсээ өгсүүлээд өөдрөг ийм нэгэн хууль ямартай ч батлагдлаа.