2020.01.24

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.24) нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 11 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор товлов.

Хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

“Цаг үеийн асуудалтай холбогдуулан бүлэг яаралтай хуралдах шаардлагатай байна. Тиймээс чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаас завсарлага авах хэрэгтэй байна.”

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр цагийн завсарлага хүссэн юм. Улсын Их Хурлын дэд дарга уг хүсэлтийг хүлээн авсан. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор хуралдаж эхэлж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2020 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа.