Ц.Гарамжав: Квотоос илүү эмэгтэйчүүдийн чадвар, ёс суртахуунд анхаарах ёстой
Эх сурвалж. Монголын мэдээ сонин, Сэтгүүлч Б.ПҮРЭВЖАВ
УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваас Сонгуулийн тухай хуулийн талаар байр суурийг нь сонирхлоо.
-УИХ-аар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Томсгосон тойрог буюу мажоритар тогтолцоог сонгож байна. Та үүнийг дэмжиж байгаа юу. Энэ хэр боломжит хувилбар вэ. Өмнө нь энэ тогтолцоогоор сонгууль явуулсан ч МАН-ынхан олонх болж байсан. Тиймээс өөрсдөдөө тохируулж энэ хувилбарыг санал болголоо гэсэн яриа байна?
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 50:26 буюу анхны хувилбар Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдийн боловсруулсан хуулийн төсөл нь ард түмний дэмжлэгийг авч чадахгүй байна. Үргэлжлэл нь V нүүртЭнэ талаар улс төрийн бусад намуудын шүүмжлэл ч их гарсан. Дотоод ардчилал болон сонгож, сонгогдох эрхэнд шударга бусаар хандсан гэж үзсэн. Тиймээс сонгуулийн өөр хувилбарыг санал болгосон байгаа. Энэ нь томсгосон мажоритар буюу улс орон даяар сонгуулийг хийх тогтолцоог сонгосон.
-Томсгосон мажоритар тогтолцоог сонгохоор Үндсэн хуультайгаа нийцэж байгаа юу?
-Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог мажоритар систем буюу сонгогч нь сонгогдогчоо шууд сонгодог тогтолцоог тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр томсгосон бүсчлэлд ороод явна гэсэн үг. Тухайлбал, Улаанбаатар дотроо хэдэн бүс байх вэ. Хүн амын байдлыг харгалзаад яаж хуваарилах эсэхээ шийднэ.
-Жижиг 76 тойрог байснаас юугаараа давуу талтай вэ. Гишүүдийн зүгээс эдийн засагт ач холбогдолтой төдийгүй улс орны хөгжилд хэрэгтэй гэж тайлбарлаад байна. Таны хувьд санал нийлэх үү?
-Нийлнэ. Улс орон даяар томсгосон бүсэд хамааралтай. Өмнөх тогтолцооноос илүү ардчилалтай байна. Өмнө нь тойрог руугаа хөрөнгө оруулалтаа татдаг. Сумын төвийн барилга байшинд анхаараад, улс оронтой холбоотой хөгжлийн бодлогууд нь хэрэгждэггүй зэрэг шүүмжлэл их гардаг байсан. Тэгэхээр томсгосон бүсчлэлд шилжихээр улс орны хөгжлийг томоор нь харна. Том хөгжил, том үйл ажлын төлөө гишүүд хамтарч ажиллах боломж бий болно. Миний хувьд үүнийг зөв тогтолцоо гэж харж байгаа.
-Эмэгтэйчүүдэд хэр ээлтэй хувилбар вэ. Парламентад сонгогдох эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх талаар ярьж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, квотыг нэмэгдүүлэхэд хэр анхаарч байгаа вэ?
-Эмэгтэйчүүдэд жаахан хүнд хувилбар гэж хэлж болно. Эмэгтэйчүүд сонгогч олонд өөрийгөө таниулж, амжаагүй байх үед том тойрогт өрсөлдөх нь илүү эрсдэлтэй. Гэхдээ сонгогчдын сонголтоос хамаарна шүү дээ. Эмэгтэйчүүдийг улс төрийн намууд дэмжиж өгөх ёстой.
-Квот нь 25 хувь гэж заасан. Үүнийг нэмэгдүүлэх үү?
-Эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх талаар саналууд гарч байгаа юм билээ. Гэхдээ квот гэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн чадвар, ёс суртахуунд анхаарах ёстой. Илүү ёс суртахуунтай, чадварлаг, туршлагатай, бүтээлч эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Тооноос илүү мөн чанар чухал.
-Сонгуулиар сонгогчдын гутлыг нь тайлж, оронд нь оруулахаас бусад үйлчилгээг үзүүлэх шахам байдаг нэр дэвшигчид хариуцлагаас үргэлж зугтдаг. Шаардлага тавихаар чамайг хэн сонго гэсэн юм бэ загнадаг. Хариуцлагатай сонголт хийх бололцоог нь хуулиар хэрхэн хангах вэ?
-Аль аль нь үүрэг, хариуцлагатай. Сонгогчид өнөөдрийн энэ нийгэмд эх оронд хэрэгтэй тэр хүнийг олж, саналаа өгөх нь маш чухал. Ард түмэн УИХ-ын гишүүдийг муу, сайхнаар дуудаад шүүмжлээд байгаа нь үнэн. Гэхдээ олны дотор мэдээж янз янзын хүмүүс байгаа шүү дээ. Нэр хүндтэй, ажилсаг, эх оронч, туршлагатай, мэдлэгтэй хүнийг олох нь чухал. Өөрийнхөөсөө илүү ард түмний эрх ашгийг дээдлэх, хүнийг дэмжих нь зүйтэй.
-Томсгосон бүсчлэлд хуваахаар олон хүн нэр дэвших юм билээ. Сонгогч нар сонголтоо хийхэд жаахан төвөгтэй байх юм шиг санагдсан?
-Тийм ээ. Тухайлбал, бие дааж 1000 гаруй иргэн нэр дэвшинэ гэсэн судалгаа байна. Дээрээс нь улс төрийн намуудын нэр дэвшигчид нэмэгдэнэ. Тэгэхээр сонгогч маш хариуцлагатай сонголт хийх мөч тулгараад байна. Өөрөөр хэлбэл, парламентад 10 сонгогдсон, анх удаа сонгогдсон гэдгээр нь бус тухайн хүн хэн бэ. Ямар сэтгэл зүрхтэй хүн бэ. Улс оронд юу хийж бүтээсэн бэ. Эдийн засгийн хямралтай нийгэмд гол гол бодлогуудыг гаргаад ажиллаж чадах хүн мөн үү гэх мэтээр шалгуур тавих хэрэгтэй. Ер нь аливаа зүйлд нугардаггүй, хувирдаггүй, тууштай, эх орондоо байнга оршин суусан, туршлагатай хүнийг дэмжих ёстой. Түүнээс олон сонгогдсон юу ч хийдэггүй хүнээ дэмжвэл өмнөх алдаагаа дахин давтана гэсэн үг. Тиймээс энэ удаагийн сонгуульд сонгогчид илүү хариуцлагатай байх цаг үе тулгараад байна.
-Томсгоод бүсчилнэ гэдэг нь жаахан явцуу ойлголт шүү дээ. Тухайлбал, нийслэл болон аймгуудыг бүсчлэхээр ямар, ямар үзүүлэлтүүдийг шалгуур болгох юм бэ. Хуваарилалт харилцан адилгүй байх нь?
-Хүн амын тоо болон газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж зэргийг харгалзан үзэх байх. Хамгийн чухал нь хүн амын тэнцвэртэй байдал шүү дээ. Хуулийн төсөлд энэ талаар онцгойлон анхаарч өгөх байх.
-Намууд нэр дэвшигчийн эрэмбээ яаж тогтоох юм бэ. Тухайлбал, их хандив өгснөөр нь үү эсвэл нэр хүндээр нь тогтоох юм уу. Үгүй бол парламентад хэдэн удаа сонгогдсон гэдгээр нь шийдэх юм уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Үүнийг намууд дотооддоо шийднэ шүү дээ. Минийхээр улс орондоо хэр их зүйл хийж бүтээсэн гэдгээр нь илүүтэй харах байх. Түүнээс олон сонгогдсон гэхээр хэт явцуу ойлголт болж хувирна.
-2020 оны шинээр бий болох парламент 2016 оны УИХ-аас дээр байж чадах уу. Томсгосон мажоритар тогтолцоо өөрчлөлт, дэвшлийг авчрах уу. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Иргэд үүнд маш хариуцлагатай хандах ёстой. Улс орны хөгжил эд үедээ байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Өмнө нь маш олон алдаатай бодлого гаргаад улс орны хөгжлийг уруудуулсан. Тэгэхээр энэ удаагийн сонголтыг хэр зөв хийхээс хамаарч, улс орны хөгжил шалтгаална. Үүнийг хийж чадах хүнийг дэмжих ёстой. Зөв сонголт хийх нь улс орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр юм.
-Таны хувьд ирэх оны сонгуульд нэр дэвшихээ шийдвэрлэсэн үү?
-Сонгуулийн тухай хууль батлагдаагүй байна. Миний хувьд одоохондоо шийдвэрээ гаргаж амжаагүй явна.
-Та намын санхүүжилтээ өгсөн үү. Энэ сарын 15-ны өдөр өгөх ёстой шүү дээ?
-Удахгүй өгнө. Гадуур ажил ихтэй амжаагүй л явна даа.