Д.Оюунхорол: Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож оруулах ёстой
УИХ-ын гишүүний, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн төсөлд эмэгтэй гишүүдийн квотыг 20 хувь гэж оруулж ирсэн. Ажлын хэсэг дээр үүнийг нэмэгдүүлж байгаа юу?
-Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхээр бид болон жил ярьсан, ажилласан. 2008-2012 онд анх удаа эмэгтэйчүүдийн квотыг УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулж чадсан. Эхлээд 25 хувь гэж оруулсан. Дараа нь 20 хувь болгон бууруулсан. Өнөөдөр үйлчилж байгаа Сонгуулийн хуулиар улс төрд оролцох эмэгтэйчүүдийн оролцоог нам бүр нэр дэвшигчдийнхээ 20 хувийг эмэгтэй байлгах ёстой. Өнөөдөр Их хурлын 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүн байна гэдэг нь 17.5 хувьтай байгаа.
Цаашдаа энэ тоо нэмэгдэх хөрс суурь тавигдсан. Мэдлэг боловсролтой, сургууль соёл төгссөн, чадвартай, улс төрд өөрийгөө бэлдэж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Удахгүй Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос бүх улс төрийн намуудыг оролцуулсан эмэгтэй улстөрчдийг бэлтгэхэд юуг анхаарах вэ сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Сонгуулийн хууль хэлэлцэж байгаа энэ үед энэ хэлэлцүүлгийг маш чухал гэж бодож байгаа. Энэ удаагийн хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн квотыг 30 хувьд хүргэх зорилтын төлөө ажиллах ёстой. Өнөөдөр УИХ-д байгаа 13 эмэгтэй гишүүн хамгийн сайн, идэвхтэй ажилладаг, хуралдаа суудаг, хэлэлцэж байгаа асуудлыг маш сайн уншиж судалдаг.
-Намын Удирдах зөвлөлөөс 50+26 хувилбарыг эргэж харна гэсэн. Эргэж харлаа гэхэд ямар хувилбар болгох вэ?
-Үндсэн хууль хэлэлцэж байх үед сонгуулийн тогтолцоогоо бид холимог системээр авах нь зөв, төлөөллийн ардчиллыг би болгоё, сонгогчдын санал гээгдэхгүй байх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, улс төрийн намуудыг хариуцлагажуулах талаасаа сонгуулийн холимог тогтолцоо хэрэгтэй байсан. Харамсалтай нь бид Үндсэн хуулиа хэлэлцэж байхдаа энэ тогтолцоог байхгүй болгож, Их хурал 76 гишүүнтэй, гишүүдийг жижиг мажоритар системээр сонгогддог байхаар Үндсэн хуулиа баталсан.
Дагаж харж байгаа Сонгуулийн хууль бол органик хууль. Тиймээс энэ хуулийг өргөн бариад батлуулна гэдэг бол асуудалтай болсон байх. Ер нь сонгуулийн холимог тогтолцоог авах нь ирээдүйн Монгол Улсын улс төрийн газрын зургийг томоор харахад хэрэгтэй байлаа. Энэ саналыг дэмжиж Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн сүүлийн өдөр ч байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ өнөөдрийн ардчилсан нийгмийн үнэт зүйл бол олонхоороо шийдвэрлэсэн асуудлыг цөөнх нь дагаад явдаг зарчмаа дагаад явж байгаа.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд зээл авсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Байнгын хорооны хувьд энэ талаарх мэдээлэл байхгүй байна. Батлагдаагүй мэдээллээр ямар нэгэн байр суурь илэрхийлэх нь буруу.
-Хувийн дунд сургуулиудын хувьсах зардлыг хасах асуудлыг судалж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Ардчилсан нийгэмд хүнд сонгох эрхийг нь өгөх хэрэгтэй. Хүн хүүхдээ улсын сургуульд төлбөргүй сургах уу, хувийн сургуульд төлбөр өгөөд сургах уу гэдгийг өөрөө шийдэх эрхтэй. Гэхдээ хувийн сургуулийн төлбөр хэт өндөр, үүндээ тохирсон сургалт, боловсрол олгож чадахгүй байна уу гэж харж байгаа.