Л.Болд: Ирэх сонгуулиар гуравдагч хүчин, шинэ намуудын төлөөлөл хүчтэй гарч ирнэ
2019.12.17

Л.Болд: Ирэх сонгуулиар гуравдагч хүчин, шинэ намуудын төлөөлөл хүчтэй гарч ирнэ

Сонгуулийн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-МАН-ын удирдах зөвлөлөөс сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулах чиглэл өгсөнийг МАН-ын бүлэг хүлээгээд авчихлаа. Таны хувьд энэ хувилбарыг дэмжиж байна уу?

-Миний байр суурь бол сонгуулийн тойргийг нэлээд томсгож, бүр бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэж боддог. Уг нь бүсчлэх юм бол бүсийн хөгжлийнхөө бодлогыг гаргаж ирэх маш ач холбогдолтой байгаа юм. Түүнийг хүлээж авахгүй арван хэдэн жил болж байна. Улс нэг тойрог гэхээр хэрэгжихэд их хэцүү. Дэндүү том болчихоод байдаг. Бүр жижиг гэхээр улсын хөгжилд маш хохиролтой гэдэг  нь харагдаж байна. Тэгэхээр дундын бөгөөд арай боломжийн хувилбар нь аймаг бүр нэг тойрог болох.

-Тэгэхээр томсгосон тойргоор сонгууль явуулах хувилбарыг дэмжиж байна гэсэн үг үү?

-Одоогийн байгаа жижиг мажоритар хувилбараас илүү зөв шийдэл. Санал болгосон 50:26 гэдгээс бас илүү зөв шийдэл. Гэхдээ төгс сайн шийдэл бол биш.

-Төгс хувилбар нь бүсчилсэн тойрог гэсэн үг үү. Энэ хувилбараа та тодруулахгүй юу?

-Монгол улсаа арван бүст хуваагаад, Улаанбаатар хотоо дөрвөн бүс, улсаа таван бүс гэж явах юм бол Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарах бололцоо байгаа юм. Энэ асуудлыг олонхийн бүлэг, МАН дэмжихгүй байгаа юм.

-Томсгосон тойрог нь 2008 онд сонгууль явуулж байсан хувилбар юм байна. Тухайн үед сонгуулиар ямар дүр зураг харагдаж байсан бэ?

-Ямар ч байсан харьцангуй тэнцвэртэй парламент бүрддэг. Парламент ямар ч байсан олонх болон цөөнхтэй болох нь баталгаатай. Гуравдагч хүчин гарч ирэх нь баталгаатай. Тэр талаасаа сонгогчдын төлөөлөл их хуралд тусгалаа олох нь нэмэгдэнэ.

-Танай намын хувьд шинэ улс төрийн хүчин. Сонгуулиар мэдээж хэдэн суудал авахын төлөө явна. Энэ хувилбар танай намын хувьд хэр давуу тал болох вэ?

-Манай намын хувьд бүх хувилбар давуу талтай. Яагаад гэвэл өнөөдөр шударга ёсны хувьсгалд Монголын ард түмэн нэгдээд, бүхэлдээ 1996, 2000 он шиг нэлээд савж шийдвэр гаргах уур амьсгал бүрдчихсэн байна. Түүнийг л зогсоох хувилбаруудыг өнөөдөр гаргаж ирж байна гэж харж байна.

-50:26 хувилбарыг боломжгүй  гэж олон хүн үзэх шиг боллоо. Таны хувьд ямар байр суурьтай байсан бэ?

-Сул тал нь хоёр янзын гишүүд гарч ирэх гээд байсан. Нэг талдаа 50 , нөгөө талдаа 26 нь бүх ард түмнээс сонгогдсон гэдэг асуудал үүснэ. Бие биенийгээ дээш доош нь хийнэ. Мөн 26 гишүүнээ яаж сонгох, яаж хуваарилах нь маш их маргаантай. Хангалттай санал авчихаад байхад нам нь саналдаа хүрэхгүй байна гээд сонгохгүй бол маш шударга бус явдал. Тэгээд намын саналаар гэхээр ард түмни сонголтоор биш болчихоод байгаа юм.

-Дөрвөн жил тутамд сонгуулийн хуулийг өөрчлөөд байдаг нь хэр зөв зохистой юм бэ?

-Энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчөлтөөр зогсоож чадсан. Одоо үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлт ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхэлснээс хойш  сонгуулийн хуулийг өөрчлөх боломжгүй болж байна.

-Ирэх 2020 оны сонгуулийг ямар дүр зурагтай харж байна вэ?

-Гуравдагч хүчин, шинэ намууд ард түмний өөрсдийнх нь төлөөлөл нэлээд хүчтэй гарч ирэх дүр зураг байгаа. Түүнийг Сонгуулийн хуулиар дээшээ,  доошоо зохицуулах л асуудал байгаа.

-МАН бараг дангаараа шахуу сонгуулийн хуулиа өөрчлөөд байж болж байгаа юм уу?

-Бидний 23 нам нэгдээд шаардлагаа хүргүүлсэн байгаа. Таван санал дэвшүүлсэн. Тэр асуудлуудаа шийдүүлнэ. Сонгууль шударга, шударга бус болох нь тогтолцоондоо байдаггүй юм. Асуудал нь сонгуулиа зохион байгуулах, шударга ёсондоо байдаг. Тиймээс МАН-ыг “Та нар тэр тогтолцоогоо өөрсдөө шийд. Харин сонгууль шударгаар явуулна шүү” гэдэг шаардлагаа бид хүргүүлсэн. Тэр шаардлагыг хүлээж авахгүй бол бид хатуу ширүүн тэмцэлдээ орно.

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаад байна. Хэрэгсэхгүй болсон хэргүүдийг буцаан сэргээж шалгах боломжтой юм уу?

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хоёр жилийн өмнөөс л хамгийн түрүүнд би ярьж, олон нийтэд хүргэж байсан. Энэ бол хулгайн хууль. Энэ хулгайн хуулийг хууль гэж үзээд байгаа нь буруу шүү дээ. Ерөөсөө тийм хууль байгаагүй гэдэг шийдвэр гаргах ёстой. Хэн ямар хууль гаргаж байгаа нь ч мэдэгдэхгүй, хуйвалдаад байнгын хороо, чуулганаар санал хураагаад гаргачихсан. Тэгж хулгайгаар хууль гаргаж болохгүй шүү дээ. Тийм хууль байхгүй. Зүгээр л хуйвалдаад хэвлэчихсэн. Хэзээ ч, хэнд ч танилцуулагдаагүй. Хэлэлцүүлэгдээгүй. Одоо өөрсдийнхөө хэрэг төвгийг аргалах, хэрэгсэхгүй болгуулах гээд дээр дооргүй хуйвалдаан яваад байна шүү дээ. Монголын төрөөр тоглож байна даа.

-Хэрэгсэхгүй болсон хэргүүдийг буцаагаад сэргээх боломжтой гэсэн үг үү?

-Боломжтой байлгүй яахав. Би дээр хэллээ. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хууль бол хулгайн хууль. Зүгэр цаасан дээр тамгалсан, хэлэлцээгүй хууль учраас. УИХ-ын хууль гаргадаг бүх процедурыг зөрчсөн.

-Яг ямар хүмүүсийн хуйвалдаан юм бэ?

-Олон их наяд төгрөгийн хэрэг нь өршөөгдөж, хэрэгсэхгүй болж байгаа хүмүүс. Тэр их мөнгөнөөсөө хуваалцаж байгаа биз.

-Ц.Нямдорж сайдын оролцоо нь яг юу юм бэ?

-Хууль зүйн яам бол дээд зэргийн хариуцлагагүй хандсан. Тухайн үед сайд байсан учраас яамаа хамгаалж байна л гэж хараад байгаа шүү дээ. Өмнөх дэд сайд нь болох Б.Энхбаяр хулгайн хууль гарлаа гээд дээд зэргээр анхааралдаа авч, алчуураа гаргаад шидээд, таслан зогсоож байх хэрэгтэй биз дээ. Гэтэл харин ч ажлын хэсгийг нь ахалж, бүх зүйлийг нь луйварчихаад одоо болохоор нэг их баатар царайлаад,  Ц.Нямдорж хариуцна гээд сайд руугаа чихээд байдаг. Эцсийн эцэст ажлын хэсгийн ахлагч нь дэд сайд Б.Энхбаяр байсан шүү дээ.