З.Нарантуяа: 50+26 хувилбараар хүчтэй лидерийн ард танигдаагүй, ард түмний хүсээгүй хүмүүс чирэгдэж орж ирнэ
2019.12.10

З.Нарантуяа: 50+26 хувилбараар хүчтэй лидерийн ард танигдаагүй, ард түмний хүсээгүй хүмүүс чирэгдэж орж ирнэ

Itoim.mn сэтгүүлч Л.Одончимэг

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлээд байгаа.  Сонгуулийн хуулийн талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сонгуулийн хуулийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Сонгуулийг 50+26 хувилбараар явуулахаар хуулийн төсөлд тусгасан. Та энэ хувилбарыг дэмжиж байгаа юу?

-Сонгуулийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 50+26 хувилбараар сонгууль явуулахаар оруулж ирсэн. 50 нь бол ойлгомжтой. Одоо байгаа 76 жижиг тойргоо багасгаад, хуваарилна гэсэн үг. Харин 26 дээр хуулийн төсөлд ойлгомжгүй зүйлүүд байгаа. Тодруулбал, 26-г улс нэг тойрог буюу томсгосон мажоритар гэж нэрлэсэн хэрнэ санал өгсний дараа саналыг нь тооцоолж бодох аргачлал, мандат хуваарилах зарчим нь болохоор пропорциональ элемент орчихсон байна.

Нэг үгээр, нээлттэй жагсаалтаар намаас нэр дэвшигчийг шууд ард иргэд сонгож байгаа мэт боловч нийт намын авсан 26 хүний саналыг бүгдийг хооронд нь нэмж байгаад улсын хэмжээнд нийт санал өгсөн сонгогчдынхоо тоонд харьцуулж хэдэн хувийн санал авсан бэ гэдгийг гаргаж намуудад хуваарилах юм байна. Бид энэ сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулах гэж байгаа юм уу, пропорциональ тогтолцоогоор явуулах гэж байгаа юм уу гэж тогтолцоогоо тодорхой болгох хэрэгтэй байна.

Мөн намын нэрийг жагсаалтын ард нийгэмд танигдаагүй, ард иргэдийн хүсээгүй хүн гарч ирдэг байдлыг болимоор байна гэдгийг олон нийт хэлж байгаа. Одоо бол намын нэрийн ард биш олон санал авах хүчтэй лидерийн ард танигдаагүй, ард нийтийн хүсээгүй хүмүүс чирэгдэж орж ирэх хувилбар гэж хувь гишүүнийхээ хувьд дүгнэж байгаа. Үүнийг хэлэлцүүлгийн явцад тодорхой болгож, аль аль талаасаа улс төрийн намууд, гишүүд байр сууриа илэрхийлэх байх.

-Нэг хүйсийн хүнийг 20-иос доошгүй хувь байлгана гэж хуульд заасан. Гэхдээ энэ тогтолцоо эмэгтэйчүүдэд халтай гэсэн байр суурь ч байна?

-Одоогийн Сонгуулийн хуулиар нэг хүйсийн хүн 20-иос доошгүй хувь байна гэж байгаа. Жагсаалтын 26-д хэдэн эмэгтэй орох, эмэгтэйчүүдээ хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг нь улс төрийн намуудын дүрэм, нэр дэвшүүлэхдээ баримтлах журмаас хамаарахаар болж байгаа.

Өмнөх түүхүүдийг харахад хувь тэнцүүлсэн буюу жагсаалтаар оруулж ирэхэд эмэгтэйчүүд бага орж ирж байсан. 2012 оны сонгуулиар АН-аас хоёр, МАН-аас нэг эмэгтэй гишүүн сонгогдож байна. Тэгэхээр энэ бол баталгаагүй хувилбар. Мөн жижиг намуудад ч халтай. Нийт сонгогчдын таван хувь гэсэн босгыг хуулийн төсөлд тусгасан байгаа.

-АН-ын Үндэсний бодлогын хорооноос эрэгтэй нэр дэвшигчээс 100, эмэгтэйгээс 60 сая төгрөг авах шийдвэр гаргасан. Та энэ асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Улс төрийн намууд сонгуульд бэлдэхийн тулд санхүүжилт хэрэгтэй. Өмнө нь АН томоохон компаниуд, хөрөнгө мөнгөтэй бизнесүүдээр дэмжүүлдэг байсан бол АН-ын шинэчлэлийн хүрээнд ийм асуудал байхгүй болсон. Одоо АН зөвхөн Үндэсний бодлогын хорооныхоо гишүүдийн татвар болон бусад гишүүдийнхээ татвар дээр санхүүжилтээ босгож байгаа.

Сонгуульд ороход улс төрийн намуудад мэдээж санхүүжилт хэрэгтэй. Энэ нь 60 тэрбум шиг ямар нэг албан тушаал мөнгө төгрөг авч болохгүй. Энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг. Хэрвээ намаа амжилтад хүргэе, намынхаа үйл ажиллагааг манлайлж оролцъё, улс төрийн сонгуульд санал авахын төлөө ажиллая гэж байгаа бол тухайн улстөрч санхүүжилтээ босгох үүрэгтэй. Сонгуульд явахад таван сар үлдэж байна. Энэ бол намынхаа бодлого мөрийн хөтөлбөрийг ярих, өөрийгөө таниулж мэдүүлэхэд л энэ мөнгө зарцуулагдана.

Түүнээс нам энэ мөнгийг аваад мөнгө өгснийхөө төлөө ямар нэгэн албан тушаалд очоорой гэж наймаалцаж байгаа хэрэг огт биш. Манайх есхөн суудалтай нам. Есөн суудалтай намд улсын төсвөөс олгогддог есхөн сая төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. 65 гишүүнтэй намын хувьд өөр байж магадгүй.