"Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй"
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин, М.Өнөржаргал
Манай улсын Ерөнхийлөгч албан тушаал авснаасаа хойш нэг ажлыг гаргууд сайн хийдэг болсон. Энэ нь мэдээж хориг тавих. Ямар сайндаа л “Ерөнхийлөгчид таалагдсан ч хориглоно, таалагдахгүй ч хориглоно” гэх онигоо хүртэл улс төрийн хүрээнд гараад удаж байна.
Үнэхээр ч Төрийн тэргүүнд өөр хийх ажил олддоггүй юу гэлтэй УИХ-ын баталсан хуульд баруун, солгойгүй хориг тавьсаар өдийг хүрсэн. Тодруулбал, тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг 2017 оны долоодугаар сард өргөснөөс хойш 11 дэх удаагийн хоригоо энэ сарын 3-нд тавилаа. Энэ удаад 2020 оны төсвийг хэсэгчлэн хориглов. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төсөвт хориг тавьсан гурав дахь тохиолдол болж байна. Үүнээс гадна тэрбээр хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцэн, хориглож байв. Түүнчлэн Татварын багц хуульд бүхэлд нь, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төсөлд мөн хориг тавьж байв. Эдгээрээс УИХ хоёрыг нь хүлээн авсан бөгөөд бусдыг нь үндэслэлгүй гэж үзээд хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Төрийн тэргүүний хоригуудыг авч үзвэл зайлшгүй үндэслэл байв уу эсвэл улс төр хийсэн үү гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэхийг шийдэхдээ олон талаас нь ул суурьтай хэлэлцдэг. Үүнд мэргэжлийн байгууллагынхан төдийгүй хуульчид ч оролцдог.
Гэтэл Төрийн тэргүүний тавьсан нийт хоригийн арав орчим хувийг хүлээн авснаас үзвэл үндэслэл муутай байдаг болж таараад байгаа юм. Зайлшгүй л биш бол Ерөнхийлөгч ийнхүү удаа дараа хориг тавих шаардлага харин юу байх вэ. Өөрт оногдсон эрх хэмжээг ийнхүү эг маггүй ашиглах өөр шалтгаан Ерөнхийлөгчид байна уу гэж хардахад хүргэж байгаа юм. Нөгөө талаас нь авч үэл Ерөнхийлөгч хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг удаашруулж, ойр ойрхон хориг тавих нь эр бяраа харуулах гэснийх ч байж болох.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга гэдэг хүн Монгол Улсын номер нэг суудалд залардаг ч улс төрд тийм ч рольтой нэгэн биш. Учир нь, эрх баригч намын эзлэх байр суурь улс төрд түүнээс хувь илүү жин дарна. Ийм нөхцөлд олны анхаарлаас холдохгүйгээр барахгүй УИХ хууль тогтоох дээд байгууллага ч гэлээ улсын “эзэн” нь би, тэдний дээр гэдгээ батлах гэдэг ч байж мэдэх юм.
Ямартай ч энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуустал Төрийн тэргүүн хэчнээн удаагийн хориг тавихыг таашгүй ч түүний хориг үүгээр дуусаагүй л болов уу. Ээлжит хориг харин юунд чиглэв. Ерөнхийдөө гурван асуудалд төвлөрсөн. Тодруулбал, ирэх онд НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлснийг хориглосон. Цаашлаад улсын төсөвт 350 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулах нь буруу гэж тэр үзсэн. Нэг ёсондоо, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг улсын төсөвт суулгах шаардлагагүй гэж үзээд хоригложээ. Түүнчлэн 2020 оны төсвийн хүрээнд баталсан Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг УИХ хүлээж авах уу. Энэ талаар УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Д.Тогтохсүрэн: ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХАД ХҮНДРЭЛТЭЙ
-2020 оны улсын төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх байх. Хориг гурван үндэслэлтэй байсан. Нэгдүгээрт, дараа дараагийн жилүүдэд төсөвт ачаалал үүсгэх хөрөнгө оруулалт олныг тусгасан байна. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ хоёр хувиар нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой асуудалд хориг тавьсан. Гуравдугаарт, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг хориглосон. Хувь хүний байр сууринаас хэлэхэд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл, бүх аймаг, сумын ИТХ хуралдаад дуусч байгаа. Арванхоёрдугаар сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн ИТХ хуралдаад, төсвөө баталчихсан. Сумдынх тухайн сарын 20-ны дотор хуралдана гэсэн хуультай шүү дээ. Хэрэв хоригийг хүлээгээд авчихвал төсвийг дахин задлах хүндрэл учирна. Түүнчлэн НДШ-ийг ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа. Тиймээс эхлээд ОУВС-гийнхантай ярина. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажилладаг. Хоёрдугаарт, улсын төсөвт очдог ачааллыг бууруулах зорилгоор ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр нэмэхээр болсон гэдгийг онцолъё.
Б.Баттөмөр: БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХОРИГЛОСНЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
-Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс гарна гэсэн үг. Хөтөлбөрт орохдоо НДШ-ийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохирсон. Ирэх оны тавдугаар сарын 24-нд хөтөлбөрийн хугацаа дуусна. ОУВС-тай бүх түвшинд тохироод энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Гэтэл төгсгөлд нь ингэж болох уу, үгүй юү. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ хөтөлбөрөөс гарсны дараа төсөвтөө тодотгол хийгээд өөр эх үүсвэр олох зэрэг арга зам бий. Түүнчлэн төсвөө дайчлаад бүтээн байгуулалт хийж байгаа нь юу нь буруу юм. Хөдөө орон нутаг, нийслэл гэлтгүй сургууль, цэцэрлэг маш их хэрэгтэй байна.
Монгол Улсын ирээдүйг өв тэгш, боловсролтой болгоё гэвэл сургуулийн өмнөх боловсролыг дэмжих хэрэгтэй. Орон нутгийн сургууль, цэцэрлэг төвлөрсөн халаалтгүй байна. Ус байхгүй. Халаалт, ус, 00 гэдэг хүний анхны хэрэгцээ. Тиймээс үүнд оруулсан хөрөнгд, оруулалтад хориг тавьж байгааг ойлгохгүй байгаа.
Л.Энх-Амгалан: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ
-Өнөө өглөө сонслоо. Гэтэл бид 2016 онд ОУВС-гийн хамтарсан хөтөлбөрт орсон шүү дээ. НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэнд хориг тавьсан юм билээ. ОУВС-гийн хөтөлбөрт гурван жилийн өмнө орохдоо НДШ-ийг үе шаттайгаар буюу таван хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байсан. Ингэснээр 2018 онд хоёр хувиар нэмэгдүүлсэн. Энэ онд нэг, ирэх онд хоёр хувиар нэмэгдүүлэх гэж байгаа юм. Энэ бол татвар нэмсэн тухай ойлголт биш. НДШ-ийг Тэтгэврийн сангийн хуримтлал болгодог юм шүү дээ. Ерөнхийлөгчийн хориг бол ОУВС-гийн хөтөлбөрт хандсан л хориг гэж ойлгосон. Тиймээс би хувьдаа хүлээж авах боломжгүй гэж харж байгаа. Нийгмийн даатгалын сан алдагдал хүлээж болохгүй биз дээ. НДШ-ийн нэмэгдэл бол үнэндээ ОУВС-гийн асуудал биш, Тэтгэврийн сан цаашид тогтвортой ажиллах эсэх асуудал шүү дээ. Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн сан маш их алдагдалтай ажиллаж байгаа. Улсын төсөвт жил бүр 600 гаруй тэрбум төгрөг баталж байж ахмадуудынхаа тэтгэврийг тавьж байгаа. Тэтгэврийн сан алдагдалд орно гэдэг нь ирээдүйд тэтгэвэрт гарах бүх хүнд эрсдэл үүсч байна гэсэн үг.
Х.Баделхан: БАТАЛСАН ТӨСВӨӨ ХАМГААЛНА
-Ирэх оны улсын төсвийг УИХ-аар баталсан гишүүдийн нэг нь би. Тиймээс хувьдаа баталсан төсвөө л дэмжинэ. Хоригийг хүлээн авах боломжгүй. НДШ-ийг нэмэгдүүлснийг хориглосон байна билээ. Шимтгэлийг ингэж нэмэгдүүлсэн нь буруу гэдэгтэй бол санал нийлнэ. Гагцхүү иргэдийн төлсөн НДШ-ийг нэг банк авчихаад алга болгочихож болохгүй шүү дээ. Ер нь шимтгэлийн мөнгийг арилжааны банкуудад хадгалуулж байсан үйл явдал ч эргэлзээтэй. Нөгөө талаас бүтээн байгуулалтад зориулсан 350 тэрбумд хориг тавьсныг ойлгохгүй байгаа юм. Улс эх оронд бүтээн байгуулалт өрнөх ёстой биз дээ. Улсын эдийн засаг сэргэж байна, орон нутагт хийх шаардлагатай, ард түмний хүлээж буй олон төрлийн хүлээлт бий. Ялангуяа нийгмийн салбарт буюу сургууль, цэцэрлэг барих зүй ёсны шаардлага байгаа нь тодорхой. Хүүхдүүд зургаан настайгаасаа сургуульд орж байна. Ингэснээр сургуулийн сурагчдын тоо эрс нэмэгдэж байгаа шүү дээ. Ийм цаг үед сургууль, цэцэрлэгийн тоог нэмэлгүй яахав. Ерөнхийлөгч нэгэнт хориг тавьсан болохоор Байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж таарах байх. Миний хувьд энэ удаагийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурьтай байна.