16 өдрийн турш дэлхий ертөнцийг гэрэлтүүлье!
НҮБ-ын байр, Төрийн ордон, Нийслэлийн засаг даргын тамгын газрын байрыг Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эв санааны нэгдлийн илэрхийлэл, билэг тэмдэг болсон улбар шар гэрлээр гэрэлтүүлэх ёслолыг 11 сарын 21-ны өдөр НҮБ-ын байранд хийлээ.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр албан ёсоор эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-нд дуусах юм.
Энэхүү ёслолд Монгол дахь НҮБХАС-ын тэргүүн хатагтай Каори Ишикава, УИХ-ын гишүүүн А. Ундраа, УИХ-ын гишүүүн Ц. Мөнх-Оргил, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Мөнгөнчимэг, ШХА-ын хамтын ажиллагааны захирал, ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Франциска Фрайбургхаус, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа нар оролцлоо.
Улбар шаор өнгө нь жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох олон улсын эв нэгдлийн билэг тэмдэг болсон өнгө юм. Энэ нь хүчирхийллээс ангид, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөвгүүд охидын эрхийг хамгаалсан гэрэлтэй гэгээлэг ирээдүйг билэгдэж байгаа юм.
Энэ үзэл санаа нь өнгөрсөн долоо хоногт Найробид болсон Хүн ам хөгжлийн асуудлаархи олон улсын хурлын (ХАХАОУХ) 25 жилийн ойн арга хэмжээний үеэр баталгаажуулсан 1994 онд болсон ХАХАОУХурлаар баталсан өргөн хүрээтэй үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үзэл баримтлал юм.
НҮБХАС, ҮСХ-той хамтран зохион байгуулсан Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгааны дүн Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь өөрөөр хэлбэл 5 эмэгтэй тутмын 3 нь амьдралынхаа аль нэг үед хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг төрлийн хүчирхийллийн хохирогч болж байсан байхад Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь буюу гурван эмэгтэй тутмын нэг нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртсөн болохыг харуулж байна.
Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулсан.
Монгол улсын хувьд, ЖСХ-тэй тэмцэх 16 хоногийн аяныг энэ жилийн хувьд “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд ЖСХ, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна. Түүнчлэн энэхүү уриа нь жендэрийн талаархи хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм.
ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор НҮБХАС-аас Швецарийн хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газартай хамтран (1) ЖСХ-тэй тэмцэх бодлого хөтөлбөр боловсруулахад шаардлагатай тоо мэдээллийн хүртээмжийг дээшлүүлэх, (2)олон нийтийн мэдлэг хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх болон шийдвэр гаргагчид, үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг дээүлүүлэх (3)ЖСХ-ийн хохирогчдод эрүүл мэнд, нийгмийн, сэтгэл зүйн, хууль эрх зүй, хамгаалллын зэрэг олон талт үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг 7 аймаг, УБ хотын 2 дүүрэгт байгуулах замаар хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох төслийг хэрэгжүүлж байна.
Энэ жилийн 16 хоногийн аяны хүрээнд НҮБХАС-аас засгийн газрын, иргэний нийгмийн, хэвлэл мэдээлллийн хамтрагч байгууллагууд болон олон нийтийг эрэгтэй эмэгтэй хүмүүс, охид хөвгүүдийн эрхийг хүндэлж, хамгаалсан хүчирхийлэлгүй нийгмийг цогцлон байгуулах үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.
НҮБХАС-ын тухай товчхон: НҮБ-ын Хүн амын сан бол жирэмслэлт бүр хүссэн, төрөлт бүр эсэн мэнд, залуу хүн бүр нөөц бололцоогоо бүрэн дайчилж, хөгжлийн өндөрлөгт хүрэх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан нь НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээтэй нягт уялдуулан 2017-2021 онд улс орныг дэмжих 6 дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж байна.