Л.Энхболд: УИХ тарах эсэхийг Ард нийтийн санал асуулгаар давхар асуух хувилбар байхыг үгүйсгэхгүй
2019.09.19

Л.Энхболд: УИХ тарах эсэхийг Ард нийтийн санал асуулгаар давхар асуух хувилбар байхыг үгүйсгэхгүй

УИХ-ын бүрэн эрхийг хугацааг дуусгавар болголгүй тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулах тухай асуудал яригдаж эхэллээ. Тэр ч бүү хэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн гишүүдийн нэрсийг зарлав.

 

УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, ард нийтийн санал асуулгаар өөрчлөлт оруулах үгүйг шийдэх гэж буй эгзэгтэй цаг үед яагаад ээлжит бус сонгууль явуулах тухай яриа гарах болов. Магадгүй байж болох хамгийн муу үнэлгээг цагаасаа эрт авч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө ч дорвитой хийж чадахгүй байгаа парламентын зөв сонголт нь хугацаанаас өмнө өөрөө тарах бололтой.  

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох, сонгуулийг холимог системээр явуулдаг байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулах эс бөгөөс Их хурлыг өөрөө тар хэмээн шахсан гэх яриа ч бий.   

Мөн нэр бүхий нэгэн гишүүн яриан дундаа дээр дурдсан агуулга бүхий албан бичиг байгаа бөгөөд 40 арай хүрэхгүй гишүүн гарын үсэг зурсан тухай ам алдсан нь ч бий. Юутай ч Их хурлыг тараах үндэслэл бүхий албан бичигт гишүүд гарын үсэг зурсан эсэх нь одоогоор тодорхойгүй ч төрийн түшээд ойр зуураа энэ асуудлыг ярьж, зөвлөлдөж байгаа тухай УИХ-ын гишүүн Л.Энхболд хэлсэн юм.

 

УИХ-ыг тараах тухай албан бичигт гарын үсэг зурсан гэгдээд буй гишүүдийн нэрс дунд түүний нэр дурдагдсан байсан. Түүнээс дараах тодруулгыг авсан юм. 

-Ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн гишүүдийн дунд таны нэр байсан. Нэр бүхий гишүүний албан бланк дээр гишүүд гарын үзэг зурсан гэдэг нь үнэн үү? 

-Аль нэг гишүүний албан бланк дээр гарын үсэг зуруулж байгаа зүйл байхгүй байх. Яахав УИХ-ын дарга хэвлэлийнхэнтэй уулзахдаа эсвэл даргын зөвлөл дээр тиймэрхүү санал оруулж ирж, ярилцсан зүйл байгаа юм болов уу гэж ойлгосон.

Миний хувьд зарим нэг гишүүнтэй санал солилцож байна. Гарын үсэг зураад, баталгаажуулсан зүйл бол байхгүй. 

Ард нийтийн санал асуулга зохион байгуулахад тодорхой хэмжээний зардал гарна.

Үүнээс хэдхэн сарын дараа сонгууль болж дахиад л зардал гарна. Тиймээс эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж үзэх юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх ард нийтийн санал асуулга болон УИХ-ыг тараах эсэхийг шийдэх санал асуулгыг цуг явуулахад болохгүй зүйл байхгүй гэж үзэж байна. 

-Ард нийтийн санал асуулгаар УИХ-ыг тарах эсэхийг шийдлээ гэхэд санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх Их хурлыг тарах нь зөв гэсэн санал өгчихвөл яах вэ. Энэ парламентад гүйцээгээгүй олон ажил байгаа. Жишээ нь, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах шаардлагатай. 

-Хэрэв УИХ-ыг тараах асуудлаар санал асуулга явуулаад, иргэд дэмжвэл шинэ парламент Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дараагийн хэлэлцүүлгийг хийх байх. 

Гэхдээ ард нийтийн санал асуулгыг дараа жилийн зургаадугаар сард ч явуулахыг үгүйсгэхгүй. Гол нь үндэслэлүүдээ сайн гаргаж ирэх нь чухал юм.

Мөн парламент тарвал үүсч болох сөрөг үр дагаварыг сайн тооцоолох шаардлагатай. Энэ парламент үлдсэн хугацаандаа эрх зүйн хувьсгал хийж чадахгүй бол эртхэн шиг тараад, шинээр парламент бүрдүүлээд явах нь зүйтэй.