ТӨР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ӨРСӨЛДДӨГ БУС ҮР ДҮНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАДАГ БАЙХ ЁСТОЙ
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчлүүд ихээр гарч, ардчилал болон авлигын индексээр жил бүр ухарсаар байгаа. Хувь хүний бизнес хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө ч бага багаар хумигдсаар байгааг анзаарсан. Энэ байдал удаан үргэлжилбэл маш эрсдэлтэй.
Аливаа зүйл ил тод, шилэн болоод урагшлах ёстой байтал улам уруудаад байгаа нь буруу замаар алхаж буйн илрэл. Үүний эсрэг үзэл баримтлалын хувьд хамгийн ойр нь Ардчилсан нам гэж харсан учир 2019 онд тус намын гишүүнээр элссэн.
Миний хувьд нийгэмд шударга бус байдал, ялгавартай хандлага байгааг орон нутагт бизнес эрхэлж байхдаа маш их мэдэрсэн. Үүнийг эсэргүүцэж аймгийнхаа ИТХ-д сонгогдоод багагүй дуугарсан. УИХ буюу хууль тогтоох байгууллага дээр хуулийн цоорхой үүсгэсэн, хоорондоо уялдаа холбоогүй зөрчилтэй хуулиуд батлагдаад байгаа учраас үүнийг өөрчлөх үүднээс УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон. Иймд бүрэн эрхийнхээ хугацаанд сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байсан зүйлүүд дээрээ илүү төвлөрч ажиллана.
Үйл ажиллагаа нь хаалттай, ур чадвараар бус улс төрчдийн цүнх барьж гүйснээрээ томилогддог. Зардал нь захирлын урамшуулал, алдагдал нь удирдлагын ашиг болдог байдал газар авсан!
Тухайлбал, хувийн хэвшлийг дэмжих тухай асуудал. Хувийн хэвшлийг дэмжихгүйгээр улс орон хөгжсөн түүх байхгүй. Хувийн хэвшлээ босгож ирэх хууль, эрх зүйн ямар шинэчлэлийг хийж болохоор байна, түүн дээр илүү фокуслаж ажиллана гэсэн үг.
УИХ-ын даргын захирамжаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдаад байна. Миний хувьд хэд хэдэн ажлын хэсэгт өөрийн хүсэлтээр орсон. Тодруулбал, нэгдүгээрт, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж байна.
Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ төрөөс хамааралтай болсон гэхэд хилсдэхгүй. Улсын төсөвтэй дүйцэхүйц хэмжээний хөрөнгө төрийн өмчит компаниудад төвлөрч, түүнийг төсвөөс гадуур зарлагадаж буйг өөрчлөх шаардлагатай. Энэ мэт зохицуулалтгүй явж ирсний хор уршиг нь өнөөдрийн нийгэмд үүсээд буй авлига, хээл хахууль, хулгай дээрэм юм. Тиймээс үүнийг задлах шаардлагатайн дээр төрийн өмчит хувьцаат компаниудыг нээлттэй буюу олон нийтийн хяналтад оруулах нь нэн чухал байна. Үүний тулд бид асуудлыг ул суурьтай, язгуур үндсээр нь авч үзэх хэрэгтэй. Зөвхөн нэг хуулийн төсөл биш магадгүй энэ асуудлыг яривал маш олон багц хуулийн төсөл өөрчлөгдөх хэмжээний том асуудал юм. Тухайлбал, Компанийн тухай хууль дээр нарийн зохицуулалтууд оруулж өгөх, үүнийг дагаад Нэгжийн тухай гэхчлэн олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.
Төрийн өмчит 99 компаниас 43 нь ашиггүй буюу 150 ТЭРБУМ-ын алдагдалтай ажиллаж байна. ЕрдӨӨ 5 компани 4.75 ИХ НАЯД, үлдсэн 51 нь нийлээд 380 тэрбумын ашигтай ажиллаж байна. Орон нутгийн өмчит компаниудыг оруулж тооцвол төрийн үйлдвэрлэж буй алдагдал бүр их нэмэгдэнэ.
Хоёрдугаарт, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл дээр санал, дүгнэлт гаргах, хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх, ажилчдын эрх ашгийг хамгаалах, Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн төслийн гэхчлэн ажлын хэсгүүдэд тус тус багтсан. Ажлын хэсгээс ажлын хэсэг хооронд нэлээд шаргуу ажиллаж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламент 126 гишүүнтэй байх пропорциональ тогтолцоог бүрдүүлснээр нийгмийн олон салбарын төлөөлөл орж ирлээ. Хүйсийн төлөөлөл ч сайн хангагдлаа. Үүнээс улбаалаад өмнө нь явж ирсэн хэт "хайрцаглагдмал" зүйлс багасаж буй нь сайшаалтай. Бүрэн эрхийнхээ хугацаанд хувь улстөрч гэж амбицлах бус хуулиа дээдэлж, зарчмаа баримталж, УИХ-ын үндсэн үйл ажиллагаанд илүү төвлөрч ажиллахыг эрмэлзэнэ.
Түүнчлэн миний хувьд Эдийн засгийн болон БСШУС-ын байнгын хорооны гишүүн. Дээрх байнгын хорооноос Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг байгуулсан. Үүнд шинээр сонгогдсон залуу гишүүдийн хамтаар ажиллаж байна. Ингэхдээ үе үеийн сайд нарын хууль бус тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болгоход ажлын хэсэгт голлож ажиллана.
Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн санд 364 ТЭРБУМ ТӨГРӨГ төлөгдөх ёстой. Үүнээс 8.8 ТЭРБУМ эргэн төлөгдсөн нь нийт зээлийн 2.5%-д хүрэхгүй байна. 2008 оноос хойш 6 сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын 87.6 ТЭРБУМ төгрөгийн хууль бус тушаалууд гарсан.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан