Ц.Мөнх-Оргил: Эв нэгдлийг илэрхийлдэг төрийн тэргүүн нь УИХ-ыг тараах тухай л ярьж байна шүү дээ
2019.05.30

Ц.Мөнх-Оргил: Эв нэгдлийг илэрхийлдэг төрийн тэргүүн нь УИХ-ыг тараах тухай л ярьж байна шүү дээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч УИХ өөрөө тарах саналыг нэг удаа албан ёсоор Их хурлын даргад хүргүүлж, өөрөө Их хуралд үг хэлэхдээ дахин энэ талаар хөндсөн. Та хувь гишүүнийхээ хувьд УИХ тарах нөхцөл үүссэн гэж үзэж байна уу?

-Нэгд, УИХ тарах нөхцөл бүрдээгүй. Хоёрт, Их хурал тарахдаа хүрвэл өөрийн гэсэн хууль журамтай, түүгээрээ л явах ёстой. Тэгээд ч сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдэж байхад Их хурлыг тарааж тогтворгүй байдал үүсгэх шаардлагагүй л гэж үзэж байна. УИХ-ын ажил жигд явж байна. Олны сайшаал хүлээж байгаа ажил ч хийж байна. Шүүмжлэл хүлээж байгаа ч ажил байна. Тэгэхээр ажил урагшилж л байна.

-Их хурал хугацаанаасаа өмнө тарвал тогтворгүй байдал үүснэ гэлээ. Тэгвэл Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэх Үндсэн хуулийн үүргийн дагуу ажиллаж чадаж байна уу?

-Эргэлзээтэй л байна. Эв нэгдлийг илэрхийлсэн төрийн тэргүүн хүн УИХ-ыг тараах тухай л ярьж байна шүү дээ. Хоёр дахь удаагаа тавьж байна. Мөн Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ хэлэлцлээ. Энэ хориг бол нэг талаас хууль зүйн шаардлага хангаагүй. Хүчингүй болсон хуульд хориг тавьсан байх жишээтэй л байна шүү дээ. Нөгөө талаас УИХ-аас баталсан татварын шинэчлэлийг зөвлөхүүд нь ойлгоогүй юм уу, эсвэл ойлгочихоод санаатайгаар дутуу тайлбарлаад байдаг юм уу мэдэхгүй. Шинэчлэлийг буруу ойлгосон, гуйвуулсан иймэрхүү л хориг орж ирж байна. Тэгэхээр хоригийг хүлээж авах бололцоогүй л байсан.

-Ерөнхийлөгч засаглалын хэлбэрийг өөрчлөхийн тулд ч гэдэг юм уу, Ерөнхийлөгчийн засаглал руу шилжүүлэхийн тулд хоёр удаа Их хурлыг тарах санал гаргаж байна гэсэн дүгнэлт ч гарч байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Мэдэхгүй. Би ийм дүгнэлт хийж чадахгүй. Угаасаа Монгол Улс өөрийн гэсэн хүчин төгөлдөр Үндсэн хуультай парламентын бүгд найрамдах улс. Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх үүрэгтэй, парламент, Засгийн газар өөр өөрсдийн эрх үүрэгтэй. Тэгэхээр өөр, өөрийн ажлаа л хийх ёстой. Ерөнхийлөгч хориг тавьж байна, Их хурлыг өөрөө тарах санал гаргаж байна. Бодвол тэр хүн ажлаа хийж байна гэж бодож байгаа юм байлгүй. Гэхдээ УИХ шийдвэрээ гаргаад л явна.

-Цэц Хэнтийн нөхөн сонгуулийг товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан. Тэгэхээр Хэнтийн сонгууль юу болох вэ?

-Цэцийн шийдвэр Их хуралд орж ирээгүй байна. Орж ирэхээр нь хэлэлцэнэ. Би хувьдаа их л гайхаж байна. Манай нам нөхөн сонгуульд оролцох бэлтгэл хангагдсан гэж ойлгож байгаа. Нөхөн сонгууль болоосой гэж бодож байгаа. УИХ 76-уулаа ам бүл бүтэн ажиллаасай, Хэнтийн 42 дугаар тойргийн иргэд УИХ-д төлөөлөлтэй болоосой л гэж хүсч байна.

-Сонгууль товлон зарлахдаа 180 хоногтоо хүрэхгүй байна гэдэг дүгнэлтийг Цэц хийсэн байсан. Тэгэхээр Сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой юу?

-Анх удаа нөхөн сонгууль болж байгаа юм биш. УИХ өмнө нь олон удаа нөхөн сонгууль зарлаж байсан, зохион байгуулаад явж байсан. Сонгогдоод орж ирж байсан. Тэр болгонд хэзээ ч асуудал үүсч байгаагүй шүү дээ. Одоо л ийм асуудал үүсээд байна. Цэцийн дүгнэлт орж ирэхээр харж байж яг ямар заалтыг зөрчиж байна гэдгийг нягталж байж л байр суурь илэрхийлэхгүй бол болохгүй.

-Ер нь Цэцийн дүгнэлтийг Их хурал хүлээж авах ёстой юу. Хүлээж авахгүй байлаа гэхэд нөхөн сонгууль хийж амжих уу?

-Их хуралд ирээгүй байна. Ирэхээр нь уншиж, харж байж болохгүй бол хэлэх боломжгүй. Хэрвээ Их хурал Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй, нөхөн сонгууль зохион байгуулна гэвэл амжуулна.

-Өмнө нь нөхөн сонгуулийн зардлыг хаанаас гаргадаг байсан юм бэ. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргах нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн?

-Угаасаа Засгийн газар иймэрхүү асуудалд хөрөнгө гаргаж байх зориулалтаар УИХ төсвийг нь баталж өгдөг. Түүнээс 2022 ч юм уу, 2023 онд нөхөн сонгууль болж магадгүй гэж бодоод УИХ өмнөх жилд нь нөхөн сонгуульд гээд санхүүжилт тусгаад явж чадахгүй шүү дээ. 2020 онд 2021 оны төсөв батална.  2021 оны төсөвтөө нөхөн сонгууль болно гээд төсөвт суулгаад явж чадахгүй.

-Тэгэхээр өмнөх нөхөн сонгуулийн зардал дандаа Засгийн газрын нөөц хөрөнгөөс гардаг байсан гэсэн үг үү?

-Би тэгж бодож байна. Тэрийг Сангийн яамныхнаас тодруулсан дээр байх. Гэхдээ миний мэдэж байгаагаар Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс зардлыг гаргаад явдаг байсан. Төсөв батлахдаа бид нөхөн сонгуулийн төсөв гэж баталдаггүй шүү дээ. Сонгуулийн ерөнхий хооронд нөхөн сонгууль болбол үүнийг хэрэглээрэй гэж төсөв зааж өгдөггүй, Их хурал өөр дээрээ тийм мөнгө авч үлддэггүй. Тэгээр энэ ажлыг зохион байгуулдаг нөөц сантай байдаг ганцхан газар нь Засгийн газар шүү дээ.

Сэтгүүлч Л.Одончимэг