Л.Болд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт барьцаанд орсон байна
2019.08.19

Л.Болд: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт барьцаанд орсон байна

Үндсэн хуулийг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бус Монголын төрийг хууль тогтоох тулгамдсан асуудлуудаас нь холдуулж, Засгийн газрыг ажиллах нөхцөл боломжоор нь хумих, гацаах зорилготой хэлэлцүүлэг байсан нь тодорхой болж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал олон хоног үргэлжилж байна. Өнөөдөр мөн шүүх хурал үргэлжилнэ. Та энэ шүүх хурлыг ил тод явуулах ёстой гэж шаардаж байгаа. Шүүх хурлын процессыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Б.Хурц нарын шүүх хурал нууц байх ямар ч үндэс байхгүй. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан хэргийг Засгийн газраас ил тод болгосон. Олон нийтийн өмнө төв телевизээрээ эрүүдэн шүүсэн баримтыг нь үзүүлчихсэн. Ийм хэргийг нууцаар тав хоног хэлэлцэх шаардлага байхгүй. Үүний цаана том хуйвалдаан байна гэж харж байна. Дээр нь өмгөөлөгч нь гарч ирж, УИХ-ын гишүүдийг “Улс төр хийж байна, эдэнд өөр ямар ч баримт байхгүй” гэж доромжилж байгаа. Бид олон түмний санаа сэтгэлийг бодож хамгийн гайгүй хэсгийг л үзүүлсэн. Бүр аймшигтай хэсгүүд бий. Тэр бичлэгүүдийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр өгнө гэсэн. Бид прокурорт хүсэлт гаргасан байгаа. Тэр бичлэгүүдийг авснаар үнэхээр цаана нь өөр юу ч байхгүй юу гэдгийг харах боломжтой.

400 хоногийн тамлалт, сэтгэл санааны дарамт нь эрүү шүүлт. Усанд оруулдаггүй, агаар салхинд гаргадаггүй чинь эрүү шүүлт. Энэ бүхэн чинь хавиргыг нь хугалах, шээс баас асгахаас дутахгүй эрүүдэн шүүлт. Тэгэхээр энэ бүгдийг бид ил гаргаж олон түмэнд хүргэх ёстой гэж үзэж байгаа. Шүүх байгаа баримт дээрээ шийдвэр гаргах ёстой. Ингэж олон хоног улс төртэй уяж, наймаалцах шаардлагагүй. Т.Чимгээгийн бие нь муудаж, ухаан алдаж унасан. Ар гэрийнхэн нь шүүхийн гадна тарчилж байна. Энэ бол дэлхийн хоёрдугаар дайны дараа фашист яргачдыг шүүсэн процесс гэдэг шиг тасралтгүй үргэлжлэх процесс. Үүний цаана маш том гэмт хэргийн сүлжээ ил болж байгаа. Бид процессыг нүд цавчилгүй ажиглах болно. Өөр олон баримт гарч ирж байгаа.

Ж.Батзандан гишүүн бид хоёр Б.Хурцтай шүүх дээр асуудалтай байгаа. Энэ бүх хугацаанд биднийг хохироож шүүхийнхэнтэй тоглоом хийсэн зүйл бий. Бидэнтэй хамтран ажилласан өмгөөлөгч бүрийг тэд дарамталж бидний эсрэг ажиллуулж байна. Хамгийн сүүлд Б.Хурц намайг өөрийг нь гүтгэсэн гэж шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан. Шийдвэр гаргасан таван шүүгчийн дөрөв нь гэмт хэрэг хийсэн асуудалд холбогдоод түдгэлзчихээд байгаа.

Миний хэдэн сарын өмнөөс үйлчлүүлж байсан өмгөөлөгч сүүлийн тав хоног гэртээ ч байхгүй, ажил дээрээ ч байхгүй алга болсон. Шалтгаан нь энэ цаг үед би гомдлоо Дээд шүүхэд өгөх ёстой байсан. Миний гомдлыг өгүүлэхгүйн тулд өмгөөлөгчийг минь гэрээс нь алга болгож байна. Ингэхээр эдний гар хөл маш урт байгаа нь мэдэгдэнэ. Монголын хууль, шүүхийн тогтолцоог эд бүтэн хэрсэн. Тэгэхээр Б.Хурц нарын асуудал Монголын ард түмний амь амьдралаа шийдэх “тулалдаан” гэж хэлмээр байна. Үүний төлөө тэмцлээ үргэлжлүүлэх болно.

-Б.Хурц нарын шүүх хурал сунжраад байгаа нь улс төрийн наймаатай холбоотой гэж та хэллээ. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Монголын түүхэнд тав хоног үргэлжилж байсан шүүх хурал байхгүй. Үүнээс том хэргүүд нэгээс хоёр хоногт л шийдэгддэг байсан. Н.Энхбаяр даргыг шүүх хурлаас өөр ингэж байсан шүүх хурал байхгүй. Б.Хурц нарын шүүх хуралд олон оролцогч байхгүй шүү дээ. Хохирсон гурван хүн байгаа.

Бүх мэдээлэл, нотолгоо нь ил байна. Яг холбогдсон хоёр хүн, бусад нь гүйцэтгэгч. Ингэж олон хоног судлаад байх шаардлагатай шүүх хурал биш. Б.Хурц дээр л цоо шинэ практик дэлгэрч байна. Гэхдээ үүний цаана хамгийн сэжигтэй нь МАН-ын бүлэг адилхан долоо хоног хуралдаж байгаа явдал. Яг зэрэгцээд хуралдаж байна. Аль аль нь орой завсарлаад л маргааш өглөө нь үргэлжлээд байна. Тэгэхээр үүний цаана том барьцаа, наймаа явж байна гэж хардахаас өөр аргагүй.

-Та яагаад улс төрийн наймаа явагдаж байна гэж хардаад байгаа юм бэ. Баасан гарагт гэхэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгчид өнөөдөр буюу даваа гараг хүртэл хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байсан?

-Тэдний занг мэдэх юм даа. Заавал төрийн том эрх ашгийг барьцаалж байж хувийнхаа асуудлуудыг шийддэг. Өнгөрсөн 30 жил ийм ажиллагааг олон удаа үзлээ дээ.

-Таны хувьд Б.Хурцын асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй байх сэжүүр бий. Б.Хурц Та хоёр шүүх дээр нэгнийхээ нэр хүндэд халдсан хэргээр харилцан ялалт байгуулаад байгаа. Ер нь Та яагаад Б.Хурцын шүүх хуралд ингэтэл анхаарал хандуулаад байгаа юм бэ?

-Би С.Зориг агсны хэргийг нягтлах түр хорооны гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн. Тиймээс би энэ асуудлыг анхаарах ёстой хүн мөн. Түүнчлэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр анх надад л хандаж байсан. Өмнөх УИХ-аас хойш би энэ асуудлаар хөөцөлдөж явж байгаа. Б.Хурцын зүгээс над руу гүтгэж, элдэв дайралт хийгээд жил гаруй шүүхдсэн.

Шүүх зугтаалгаж, зугтаалгаж энэ оны хоёрдугаар сард “Б.Хурц нь Л.Болдыг үнэхээр гүтгэсэн байна, уучлал гуй” гээд шийдвэрээ гаргачихсан. Гэтэл Б.Хурц Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хууль зөрчөөд л явж байгаа хүн. Би хүлээгээд л байгаа. Харин энэ хугацаанд Дээд шүүх нь намайг Б.Хурцыг гүтгэсэн юм шиг хариу шийдвэрийг  ямар ч үндэслэлгүйгээр гаргасан. Энэ бүхэн тоглоом шиг харагдаж байна.

Цаад асуудал нь тэд хүний эрх, шударга ёсны төлөө тэмцэж байгаа миний тэмцлийг хамаатуулж буй болохоос биш надад ямар нэгэн эрх ашгийн зөрчил байхгүй. Энэ дотроо би өөрөө татагдаж ороод байгаагаас биш миний зүгээс ямар нэгэн эрх ашгийн зөрчил байх ямар ч үндэс байхгүй.

-Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг бүхлээр нь хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Гэхдээ тэнд лиценз олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдахгүй байна. Тост, Тосон бумбын нурууг хамгаалах асуудалд та эхнээс нь оролцож явсны хувьд хариуцлагын тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Тост, Тосон бумбатай холбоотой засаг захиргааны асуудал нь ингээд дуусаж байна. Одоо хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Хуулийн хариуцлага хүлээлгэх байх ч гэж харж байна. Өнөөдөр Монголын шүүх засаглалд адилхан л эх орондоо хайртай, монгол хүмүүс ажиллаж байгаа гэж бодож байна. Нэг л шүүгч Америк руу зугтаачихлаа.

Бусад нь Монголдоо амьдрах хүмүүс. Тэгэхээр тэд ард түмнийхээ талд орох байх гэж маш ихээр найдаж байна. Монголын шүүх засаглал олон жил барьцаанд, шударга бусын намагт шигдэж явсан. Одоо үүнээсээ салаад нийгмийг цэвэрлэнэ гэдэгт итгэж байна. Монголын шилдэг хариуцлагатай хуульчдад найдлага тавьж байна. Яахав, дотор нь хогийн ургамал бий. Түрүүчээсээ хариуцлагаа хүлээгээд түдгэлзээд, гадагшаа зугтаагаад эхэллээ. Одоо шударга шүүх тогтох боломжтой. Үүний тулд шударга хуульчдыг зөв байршуулах л хэрэгтэй. Шүүх тогтолцоо цэвэрших цаг ирж байна гэж би хардаг.

-Төв аймагт болж буй Б.Хурц нарын шүүх хурал таны хэлж байгаа шударга шүүхтэй холбоотой юу?

-Бид баялгийн салбарт эхний ялалтуудаа авчихсан шүү дээ. “Эрдэнэт”, “Монголросцетмент”-ээс эхлээд улсдаа авчихлаа. Сүхбаатарын талбай, “Найрамдал” зуслан, Их тэнгэрийн амны замбараагүй газар олголтыг цуцаллаа. Одоо хамгийн том зүйл нь шударга ёсны буюу шүүх засаглалд хяналт хэрэгтэй байна. Хэрэв өнөөдөр Төв аймгийн шүүх хуулийнхаа дагуу, ард түмнийхээ талд шударга шийдвэр гаргах юм бол эхний ялалт байх болно. Энэ бол олон ялалтын эхлэл болно гэж итгэнэ.

Дээр нь хууль бус тусгай зөвшөөрөл олгодог асуудал Тост, Тосон бумба дээр эхний ялалтаа хийлээ. Цаана нь гурван мянган лиценз байна. Энэ бүгд дээр зөв хяналт тогтоох шударга ёсны эхлэл тавигдаж байна. Ингээд үзвэл бүх фронтоор бид шударга ёс тогтоох боломж бүрдэж байгаа. МАНАН-г бүрэн мөсөн сарниулах, сөнөөх нөхцөл бүрдэнэ.

-Засгийн газраас сайдуудаар ахлуулсан том ажлын хэсэг гарган уул уурхайн бүх лицензийг хянах шийдвэр гаргасан. Та энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Анхаарч ажиллалгүй яахав. МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэлд нэгдсэн 100 гаруй төрийн бус байгууллагын 80 орчим нь байгаль орчныг сүйтгэж, лицензийн наймаа хийж байгаа асуудлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад Монголын ард түмний эрх ашиг хохирч байгааг эсэргүүцдэг. Тэгэхээр үүнд миний бие бүх талаар оролцож, мэдээлэл өгч, үе шат бүрт нь оролцож ажиллах бодолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд Монголын баялаг үнэхээр гэмт бүлэглэлүүдийн гарт орчихсон байсан. Одоо эргээд ард түмэндээ ирэх цаг болсон. Ингэж байж Монгол Улс хөгжинө. Харин энэ чигээрээ явах юм бол хуулийг уландаа гишгэсээр байгаад бид хаана ч хүрч болзошгүй нөхцөл байдалтай байна.

-Ж.Батзанзан гишүүн Та хоёрын байгуулсан “ШИНЭ” нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурийг баримталж байгаа вэ?

-ШИНЭ намын УИХ хурал дахь төлөөлөл бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцож байгааг гол шалтгаан нь баялгийн заалтыг тодорхой болгох байлаа. Үүний төлөө Үндсэн хуулийн өөрчлөлтийн процесст оролцож байсан. Харин өнөөдрөөс эхлэн ШИНЭ нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх, батлах процесст оролцох боломжгүй боллоо. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт барьцаанд орсон байна. Анхны зорилго нь Үндсэн хуулийг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бус Монголын төрийг гацааж, барьцалдуулж, Монголын төрийг хууль тогтоох тулгамдсан асуудлуудаас нь холдуулж, Засгийн газрыг ажиллах нөхцөл боломжоор нь хумьж, Оюутолгой зэрэг олон асуудлыг гацаах зорилготой хэлэлцүүлэг байсан нь тодорхой болж байна.

Хоёрт, Үндсэн хууль наймааны хэрэгсэл боллоо. Энэ наймааны цаана гэмт хэргээ нуун дарагдуулах, өршөөгдөх наймаа явагдаж байгаа. Хамгийн гол нь Үндсэн хуулиас баялагтай холбоотой заалт болох Монголын ард түмэн стратегийн ордуудын 51-ээс дээш хувийн үр ашгийг шууд хүртдэг байх заалтаас ухралт хийж байгаа нь тодорхой боллоо. Үүнийг ажлын хэсгийн түвшинд ч, байнгын хорооны түвшинд ч ярьж байна. Ийм нөхцөлд ШИНЭ нам гэмт хэргийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд орж болохгүй.

Монголын ард түмэн бид өвлийн хүйтэнд олон удаа жагсаал цуглаан хийж, суулт, өлсгөлөн зарлан тэмцэхдээ хэн нэгэн албан тушаалтны төлөө тэмцээгүй. Хэн нэгэн эрхтэн дархтны цаашдын үйл ажиллагааг дэмжих тэмцэл байгаагүй. Ард түмэн баялгийнхаа төлөө тэмцсэн юм. Энэ тэмцлийн гол үр дүн Үндсэн хуулиар орж ирэх байсан. Харамсалтай нь талаар болж байна. Шинэ намаас тавьж байгаа гол асуудал нь баялгийн заалтыг тусгах. Стратегийн ордуудын 51-ээс дээш хувийн үр ашгийг ард түмэнд шууд хүртээх явдал байсан. Баялаг гээд бүх орд бүр цаашлаад самар, жимс ярих хэрэггүй. Ердөө стратегийн ач холбогдолтой гол ордуудаа ойлгоход болно. Дээрээс нь уран, ховор металлыг ойлгох хэрэгтэй. Эдгээрийг Монголын ард түмэн өөрөө өмчлөгч нь байх юм. Ингэж байж хөрөнгө оруулагчид орж ирнэ. Ингэж байж төр дээрх хэрүүл арилна. Гурван сая хүнийг хэн ч хуурч чадахгүй шүү дээ. Одоо төрд мэдэл байгаа болохоор төрд хэн очно тэр нь баялгийн эзэн болчихоод байна. Тэгээд хоорондоо хэрэлдээд байна. Бүх ордын ард том улстөрч байгаа. Ийм улстөрчид ард түмнийг хөлдөө чирээд алах нь байна шүү дээ.

-Хэлэлцүүлгээс гарна гэдэг шийдэл мөн үү. Харин хэлэлцүүлгийн дунд байж, өөрсдийн байр суурь, зорьсон заалтуудыг тусгах нь зөв шийдэл биш үү?

-Бид парламентад хоёрхон гишүүнтэй. Бидэнд сөрөг хүчнийхээ байр суурийг ингэж илэрхийлэхээс өөр арга алга. Энэ бол олонход өгч байгаа хамгийн том шахалт, сануулга. Гэхдээ энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд баялгийн заалт бүрхэг хэвээр батлагдах гээд байна л даа. Парламент гэдэг хамт олноороо ярьж байж шийддэг. Ямар ч байсан Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн хүрээнд дутуу дулимаг, завсрын асуудлуудад гол хэлэлцээрээ явуулж байгаад сэтгэл дундуур байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг тав хоног хуралдлаа. Гол сэдэв нь УИХ-ын гишүүдийг 108 болгох, сонгуулийн холимог тогтолцоо, УИХ-ын бүрэн эрхийг таван жил болгох зэрэг асуудал байх шиг байна. Та эдгээр өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн тогтолцооны хувьд УИХ-ын гишүүнийг биш намыг сонгодог хэлбэр орж ирвэл би эрс эсэргүүцнэ. Анх 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа томилолтын депутатыг эсэргүүцэж, жинхэнэ сонголтын депутатыг гаргаж ирэх гэж ийм заалтыг оруулж байсан. Сонгуультай болъё, сонгохдоо дээрээс оруулж ирсэн хүнийг сонгодоггүй байя гэж тогтсон. Хэрэв намаас оруулж ирдэг болчихвол өмнөхтэйгөө адилхан болно.

УИХ-ын гишүүдийг 108 болгох тухайд гишүүдийн тоог жаахан нэмэхэд эсрэг байр суурь баримтлаад байх зүйлгүй. Гэхдээ тоондоо асуудал байгаа юм биш. Тоо нь хэд ч байсан гэсэн баялаг л ард түмэндээ очихгүй бол байдал өөрчлөгдөхгүй. УИХ баялгийг хуваарилдаг, албан тушаалтанд эрх мэдэл хадгалагддаг тогтолцоо хэвээр үлдэх юм бол бид 1000 гишүүнтэй байгаад ч нэмэргүй. Тоог тогтолцоотойгоо уялдуулж шийдэх ёстой. Харин бүрэн эрхийн хугацааг таван жил болгох асуудлын хувьд УИХ олонхоороо шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь иймэрхүү заалтуудад би ач холбогдол өгөхгүй байгаа. Гол заалт болох баялгийнхаа асуудалд л ач холбогдол өгч ирлээ.

-Таныхаар дээрх заалтууд нь УИХ-ын үйл ажиллагааг гацаагаад хэлэлцээд байх хэмжээний заалтууд биш бололтой?

-Цаана нь асуудал бий. Наанаа ард түмний талд байгаа юм шиг асуудлуудыг ярьж, гацаана. Яг үүнийгээ тогтсоных нь дараа хараарай. Дахиад өөр зүйл гараад ирнэ. Цаанаа наймаа нь явагдахгүй бол шүүгч, орон нутгийн сонгууль гээд ямар нэгэн асуудал гаргаад л ирнэ. Өнөөдрийн хувьд олон түмний хамгийн их анхаарч байгаа асуудлуудыг бидэнд “чулуудчихаж” байгаа юм. Үүнийг тойроод зөвшилцөл яваад байгаа юм шиг төөрөгдөл үүсгэж байгаа хэрэг. Гацаа бол үүнтэй ямар ч хамаагүй. Нэг их ач холбогдол өгөөд байх зүйл биш. Шууд больчихож болно.

-Цаана нь ямар сэдэв байгаа гэж?

-Баялаг. Баялгийн 51 хувийг ард түмэнд өгье гэхээр л зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Дээр нь хууль шүүх дээр байгаа энэ олон хэргүүдийг зогсоох шаардлага тавьж байгаа байх. Гэвч шударга ёсны том эргүүлэг явж байна. Цаанаа ийм багц асуудал өрнөж байгаа. Эд ямар ч сэдвээр ард түмнийг хуураад тоглоом хийгээд байж чадна.

-Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө энэ чигээр нь зүтгүүлээд баталж чадах болов уу?

-Чадахгүй байх л гэж харж байна. Хоёр талын хүсээд байгаа том наймаа явагдах боломж байхгүй. Хоёрт, баялгийн заалт бидний хүссэнээр орох юм бол энэ Үндсэн хууль явахгүй. Ийм хагас дутуугаар энэ Үндсэн хуулийн өөрчлөлт ач холбогдол маш багатай. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ыг гацаах гэж хэлэлцэж эхэлсэн гэдэг нь нотлогдох гээд байна. Цаана нь олон тулгамдсан асуудлууддаа цаг хожиж байгаа хэрэг.

-Хэрэв олонхоороо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал Ерөнхийлөгчийн хэлсэн шиг УИХ тарж чадах болов уу?

-Тэгэж чадахгүй л дээ. Тарна гэдэгт би итгэхгүй байна. Тарлаа гэхэд дараагийн УИХ бүрдтэл энэ УИХ байна. Дараагийнх нь хэзээ бүрдэх вэ гэхээр ирэх зургаадугаар сараас нааш боломж байхгүй. Шинэ жилээр сонгууль хийхгүй. Цагаан сараар сонгууль хийнэ гэж байхгүй. Яахав УИХ тарах шийдвэр гарч болно. Угаасаа ийм шийдвэр гаргалаа гэхэд утгагагүй зүйл болно.