Л.Болд: Ард иргэд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл бүрэн унтарчихлаа
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-Б. Хурцын шүүх хуралд гишүүд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар өглөө.
-Түр хороо энэ шүүх хурлаас мэдээлэл авах шаардлагатай. Уг хэргийг нууцын зэргээс гаргачихаад байхад шүүх хурлыг нууцаар явуулна гэж хуйвалдаад байна.
Ингээд цаад хэргээ ч нууцаас нь бүрэн гаргаж өгөхгүй, Засгийн газраас хийсэн тогтоол, хууль зөрчөөд байгаа юм. Энгийн хоёр иргэнийг улайм цайм тамлан зовоож эрүүдэн шүүчихээд, хариуцлагыг үүрэх болохоор хөшигний цаана нуугдаж жүжиглээд, шүүх хурлыг нааш цааш болгож хойшлуулаад байна. Угтаа энэ шүүх хурлын шийдвэрээс хоёр хүний хувь заяа шалтгаална. Энэ бүх шүүх хурал дээр бид ард түмнээ төлөөлж оролцмоор байгаагаа илэрхийлсэн. Хэвлэл мэдээллийнхэнд ил тод, ард түмний өмнө шууд явуулах хэрэгтэй. Ард түмэнд үнэнийг мэдээлмээр байна. Энэ шаардлагыг бид өнөөдөр хатуу тавьж байгаа. Тэр үүднээс энэ бүх шүүх хуралд оролцож, олон түмнийг үнэн бодитой мэдээллээр хангахыг зорьж байгаа юм.
Үндсэндээ ард иргэд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл бүрэн унтарчихлаа.
-Гадаад харилцааны сайдаар олон жил ажилласны хувьд Ерөнхийлөгчийн Америкт хийсэн айлчлалын талаар дүгнэж хэлэхгүй юу?
-Ерөнхийлөгчийн айлчлал түүхэн айлчлал болсон. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх нь айлчлалын гол үр дүн байсан. Эдийн засгийн үр дүн бодитоор гарч, үүнийгээ дагаад хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр олноор бий болох боломжтой. Мөн манай улс 15, 16 жил энхийг сахиулахад АНУ-тай хамтарч ажиллахаас эхлэн Батлан хамгаалахын салбар өндөр түвшинд хөгжсөөр ирсэн. Монголчууд МАНАН дэглэм, шударга бус явдалтай тэмцэж байгаа. Энэ цаг үед шударга ёсны хувьсал өрнөж байна. Энэ үед бид баялагтаа эзэн болохоос гадна баялгийг хулгайлсан, Монголын ард түмний баялагт хууль бусаар гараа дүрсэн хүмүүст хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
Гэтэл энэ бүх баялаг маань оффшорт байна шүү дээ. Дэлхий дахинд оффшортой тэмцэж байгаа гол улс бол АНУ. Оффшорчдыг гишгэх газаргүй болгох нөхцөлийг АНУ-тай хамтарч хийж чадна. Энэ хүрээнд айлчлалын гурав дахь хамгийн чухал ач холбогдол энэ юм. Цаашдаа хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон зүйлийг тодорхой болгох байх гэж найдаж байна. Өмнө нь хүн хулгайлж авчирсан шиг С.Төмөрбатын шүүгчийг авчирч болохгүй л дээ. Хуулийн процесс нь явна, цаг орно. Гэмт хэрэг үйлдсэн этгээд бүр хуулийн өмнө хариуцлага хүлээх нь чухал. Ямартаа ч энэ процессийг эхлүүлээд явж байгаа гэж бодож байна.
-АНУ-тай манай орон стратегийн түншлэлтэй болж байгаад хоёр хөрш ямар байр суурьтай байгаа бол?
-Дэлхий гэдэг чинь хуультай, олон улсын дүрэмтэй, аль ч улс бүрэн эрхийн хүрээнд аль ч улстай хамтын харилцаагаа хөгжүүлэхийн тулд гуравдагч, дөрөвдэгч улсуудтай харилцахад бусад улсын хувьд ямар нэг байдлаар, арга хэрэгслээр шахалт, дарамт үзүүлэх үндэслэл байхгүй. Бид бүрэн эрхтэй улс. Бүрэн эрхээ л хэрэгжүүлж байгаа. Орос, Хятад хоёр улстай хамтын харилцааны хамгийн дээд түвшинд байгаа. Энэ хоёр улс руу дөхөж очих ямар ч харилцаа байхгүй.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцэгдээд явж байна. Таны хувьд нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн манай Үндсэн хууль маш сайн Үндсэн хууль. Дордуулсан гэх долоон өөрчлөлтөө хүчингүй болгочиход үндсэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэггүй. Үндсэн хуулиа ягштал хэрэгжүүлэлгүй 30 орчим жил болчихлоо. Үндсэн хуулийн философийг бага ч болов хэрэгжүүлээд явбал Монголын төр огт зовохгүй.
Дордуулсан долоон өөрчлөлт өнөөдөр хамгийн их гай авчраад байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөд дордуулсан долоог өнөөдөр хүчингүй болгож чадахгүй бол түүнтэй холбоотой зарим нэг заалтуудыг зайлшгүй залруулах шаардлагатай. Манай намын зүгээс баялгийн заалтыг өргөн барьсан. Байгалийн баялгийг иргэн бүрийн өмч байх нь зөв гэж үзсэн. Стратегийн ордуудаасаа ард түмэн, иргэн бүр шууд үр ашгаа хүртдэг болох асуудал руу нэлээн ойртсон заалт. Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахаар МАНАН хумсаа нуугаад Шүүхийн процесс, шинэ жил, наадам, цагаан сар гээд хэдэн сар улс орныг унтуулдаг. Тэгээд сонгуулиар саналаа луйвардана, дээрэмдэнэ, хулгайлна, хүч хэрэглэнэ, бүх аргаа хэрэглэж байгаад дахиад нэг сонгуулиар ялна. Түүний маргааш энэ бүх процессоо буцаагаад авах тооцоотой ажиллаж байгаа. Хэрвээ бид өнөөдөр Үндсэн хуулиараа хаалт хийж байгаа бол МАНАН зорилтоо 100 хувь хэрэгжүүлэх нөхцөлийг хүндрүүлэх бололцоо байгаа юм. МАНАН хэвлэл мэдээлэл, хөрөнгө мөнгө, хуулийн байгууллага зэрэг бүх шатанд барьцааны сүлжээгээрээ Монголын төрийг хэрчихсэн байгаа шүү дээ. 30 жилийн турш бэхэжсэн энэ зүйлийг бид гуравхан жилийн дотор ялна гэж байхгүй.
Тэр тусмаа гурван сарын дотор бүр ч дийлэхгүй. Иймээс бид дахиад баялгаа алдах, Монголд бүр аймшигтай дэглэм тогтох тийм нөхцөл байдал бий болохыг үгүйсгэхгүй. Энийг хаахын тулд баялгаа ядаж ард түмэндээ аваад өгчихье гэж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөвхөн үүний төлөө хийж болно гэж үзэж байгаа юм.
-Парламентын засаглалыг бэхжүүлэх, Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа гэж гишүүд тайлбарлаад байгаа?
-Дордуулсан долоон өөрчлөлтөөр Ерөнхийлөгч санал оруулдаг эрхийг нь хасчихсан. Тэгэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтайгаа эрх мэдлээ булаацалдахаас өөр аргагүй болж байгаа юм. Гэтэл Ард түмэн Ерөнхийлөгчийг сонгочихсон байдаг. Тэгэхээр хуулийн эрх мэдлийн хүрээнд Засгийн газартайгаа ойлголцоод ажиллах бололцоо байх ёстой. Хоорондоо эрх мэдэл булаацалдах тогтолцоо руу дордуулсан долоон өөрчлөлтөөр оруулчихсан. Нууцаар санал хураадаг байсныг ил болгочихсон шүү дээ.
Тэгэхээр хүний барьцаанд орчихож байгаа. Ингээд монгол ардчиллаа алдчихсан. Дээрээс нь Ерөнхийлөгч ямар ч үүрэггүй болгосон. Улмаар Ерөнхийлөгч зөвхөн засагтайгаа байлддаг хөндлөнгийн этгээд болчихсон. Ийм замбараагүйтлийн ард Монголын баялаг л үрэн таран болж байгаа юм. Бид баялгаа ард түмэндээ авчихсан байхад, баялагтай ард түмэн төрөө засаад явчихна. Том баялгаа ард түмэн өмчилсөн байхад цаашаа бүх юм зөв голдрилоороо явчих байх. Явж явж аливаа өвчин эмгэг чинь нэг эх үүсвэртэй байдаг шүү дээ. Тэрийг нь эмчлэхгүй бол алийг нь ч эмчлээд нэмэргүй. Тийм учраас тэр өвчний голомт өнөөдөр баялаг болчихоод байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс гишүүдийн тоог 108 болгож, таван жилийн хугацаатай ажиллах санал оруулж ирсэн. Манайд хэр зөв шийдэл вэ?
-Олон түмнээс сонсдог шийдвэр. Ард түмэн үндэс-лэлийг нь хүлээн зөвшөөрч гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол нэг хэрэг. Гэтэл өөрсдийн төлөөллийг УИХ-д оруулах тоо нь цөөдөөд УИХ-д гишүүн нэмэгдүүлэх бүлэглэлүүдийн бодлого явж байгаа бол өөр хэрэг. Гол нь сонгуулийн тогтолцоотойгоо холбоотой асуудал үүснэ.
-108 гишүүдийнхээ 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуулийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэж байна. Энэ нь хэр зөв шийдэл юм бэ?
-Манай Үндсэн хуулийн өөрийнх нь үзэл баримтлалд иргэн хүн УИХ-ын гишүүнээ сонгох ёстой гэж заасан. Хүн сонгох ёстой. Одоо нам сонгодог тогтолцоонд орно гэж байгаа бол Монголын төрийг маш том аюулд оруулна. Учир нь нам хэний гарт байгаа билээ. Ингэхээр ард түмэн өнөөдөр төрөө байгуулах, төрдөө итгэх итгэл тэг заана шүү дээ.
-Танай эвсэлийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд санал өгсөн үү?
-Бид таван үндсэн санал өгсөн. Энэ ажил нааштай явж байгаа учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн ажлын хэсэгт оролцож байна.
-Үндсэн хуулийг баталж амжих болов уу?
-МАНАН бүлэглэлийнхэн сонгуулийн тогтолцоог пропорциональ буюу нам сонгодог тогтолцоог дэмжиж байснаа, байгалийн баялгийг ард түмэнд өгөх асуудал ороод ирэхээр Үндсэн хуульд өөрчлөлт хийхээс буцах гэдэг. Яагаад гэхээр сонгуулийн маргааш бүх баялгаа буцааж авах гээд байна. Үүнийг нь Үндсэн хуулиар хаах гээд байна шүү дээ. Тэгэхээр одоо Үндсэн хуульд тэр заалт нь байхгүй. Зөвхөн “сонгуулийн тогтолцоо” гэсэн заалт байсан. Өөрөөр хэлбэл намаараа сонгогдох тэр замаа нээх гэж байсныг нь Цэцийн шийдвэрээр бүрэн хаачихсан. Одоо хэрхэн Үндсэн хуулийг унагаах вэ гэсэн том хуйвалдаан явж байна.
Сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ