Инфографик: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга
2019.09.10

Инфографик: Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэгдсэн хуралдаанаараа Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд ийнхүү хүүхдийг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг халуун хоол ундаар тэгш, хүртээмжтэй хангах эрх зүйн орчин бүрдлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль нь хоол зүйч, тогооч, туслах тогооч болон суралцагчийн тооноос хамаарсан бэлтгэгч, угаагч, үйлчлэгч бүхий мэргэжлийн хүний нөөцтэйгөөр шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж ашиглан сургуулиас суралцагчид өдрийн хоолоор үйлчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах анхдагч хууль юм. Тус хууль 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 2021 оны хичээлийн жилээс эхлэн бага ангийн суралцагчдыг, 2022 оны хичээлийн жилээс дунд ангийн суралцагчдыг, 2023 оны хичээлийн жилээс ахлах ангийн суралцагчдыг өдрийн хоолны үйлчилгээнд үе шаттайгаар хамруулахаар заасан.

Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх, аюулгүй хоол хүнсээр хангахад чиглэсэн шаардлагатай төсөв хөрөнгийг тухай бүр шийдвэрлэн ажиллахыг Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор даалгасан.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий нэгж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдана. Энэхүү нэгж нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган, хоол зүйч, тогоочийг бэлтгэх, давтан сургах бодлогыг тодорхойлж, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж төсвийн төсөлд тусгах чиг, үүргийг хэрэгжүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч, туслах тогооч, үйлчлэгч, угаагч, бэлтгэгчийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр тухайн сургуулийн захирал томилж, чөлөөлнө. Суралцагчийг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангаж, орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсний хангамжид түлхүү хэрэглэх зарчим баримтлах бөгөөд сургуулийн хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сургуулийн дэргэдэх туслах аж ахуйгаас бэлтгэх болон баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн ашиглахаар заасан. Хоолны норматив зардал буюу нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээтэй уялдуулан жил тутам Засгийн газраас шинэчлэн батална.

Төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар хариуцан нийлүүлж болох бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн өмчийн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах эсэх талаар шийдвэр гаргана. Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан болон дэд бүтцийн байдлыг харгалзан орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрыг байгуулах боломжгүй гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

Гал тогоогүй сургуульд гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх, өрөө тасалгааг тохижуулах зардалд хууль тогтоомжийн хүрээнд тусламж, хандив хүлээн авах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар БСШУСЯ зохион байгуулна. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, суралцагч, багшийн төлөөлөл бүхий хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллана. Энэхүү зөвлөл нь сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэж байгаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, анги, хооллох танхим, хоол зүйчийн удирдан зохион байгуулж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хяналт тавьж ажиллана.

Хууль батлагдсанаар олон улсад нэр хүнд бүхий дэлхийн 180 гаруй оронд хэрэгжиж буй хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэх боломжтой болж Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах суурь нөхцлийг бүрдүүлнэ.