Х.Баттулга Хан Хэнтийд дөрөө мултлав
2012.02.06

Х.Баттулга Хан Хэнтийд дөрөө мултлав

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Хэнтий аймагт ажиллав. Тэрбээр энэ үеэр нутгийн иргэдтэй уулзаж, тэдний үзэл бодлыг төрийн эрх мэдэлтнүүдэд хүргүүлэхээр дайжээ.

Хэнтийнхэн бухимдалтай байна. Тэнд ядуурал, архидалт газар авчээ. Ирэх жил тус аймаг 90 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй. Гэтэл 90 жилийн настай энэ аймгаас хөгжил үнэртэхгүй байгааг нутгийн зон олон шүүмжлэв. Наанадаж гэрэл гэгээтэй ур-лагийн ганц байгууллага аймгийн дуу бүжгийн чуулгын барилга нь ороод очиход өөдөөс хүйт дааж, чийг ханхална. Бүрэн бүтэн суудал ч цөөн.


Энэ мэт тэгш бус байдлыг иргэд сонгох эрхээрээ арилгаж чадна гэдгийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Хэнтийнхэнд ойлгуулж мэдээлэл хүргэхийг зорьсон юм. Тэрбээр “Та нарын бухимдах нь зөв. Өнөөдөр Монгол Улсад ядуурлын төвшин нэмэгдэж 40 хувьд хүрчихлээ. Нэг үгээр хэлбэл, 10 хүн тутмын дөрөв нь ядуу байна гэсэн үг. Манай улс маш баян. Бид 1990 онд “Иргэн баян бол улс баян” гэсэн уриа дэвшүүлж байсан. Өнөөдөр “Иргэн ядуу улс баян” болчихоод байна. Манай улс шиг баян орон алга.

Гэтэл газрын баялаггүй хэрнээ хангалуун сайхан амьдарч байгаа орон олон бий. АН Хамтарсан засгаас гарсан нь ч энэ л байдалтай холбоотой. Ард түмнийхээ төлөө, улс орноо хөгжүүлэхээр бид санаачлан УИХ-аар 2010 оны зургадугаар сарын 24-нд хөгжлийн программ батлуулсан. Харамсалтай нь, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгийг шийдэж өгсөнгүй. Энэ нь мэдээж, сонгууль дөхсөн үед АН-ын нэр хүнд өсчих гээд байгаа учраас л үүнийг ийнхүү гацааж байна гэж үзээд манай нам засгаас гарахаар шийдсэн.


Уг нь, Монгол Улсын толгой зөв ажиллаж чадвал 2.7 сая хүнийг алга эргүүлэхийн хооронд л сайхан амьдралтай болгож чадна. Тийм боломж бий. Гэвч төрийн эрхэнд байгаа хүмүүс үүнийг хүсэхгүй байна. Иргэдийг ядуу байлгаж, сонгууль болохоор хэдэн төгрөгөөр саналаа худалддаг хэвээр байлгахыг хүсдэг болж. Тиймээс амьдралаа сайхан болгохын тулд толгойноосоо эхэлж цэвэрлэх хэрэгтэй. Толгойгоо шударга сайн байлгахын тулд хан Хэнтийн, иргэдийн зөв сонголт чухал юм” хэмээн онцолсон.
Хэнтий аймгийн МоАХ саяхан хурлаа хийж удирдлагаа өөрчилжээ. Тиймээс цаашид төв байгууллагатайгаа хамтран ажиллана гэдгээ тус аймгийн МоАХ-ны дарга н.Өлзийдоо иргэддээ амласан. Мөн аймгийн Ардчилсан намын дарга Б.Гарамгайбаатар ч хамтарна гэдгээ өгүүлсэн. Ийн МоАХ-ны дарга Х.Баттулгын Хэнтий аймгийн иргэдтэй хийсэн уулзалт халуун дотноор үргэлжилж, танхимд цугларсан иргэд сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Тухайлбал, Хэнтий аймгийн нэгдүгээр 11 жилийн багш н.Эрдэнэцогт “Манай аймагт үзэл бодлын зөрчил¬дөөн, тэр дундаа намаар талц¬¬сан, ялгаварлан гадуурх¬сан явдал их байна. Бүр дээд мэргэжилтнүүдийн дээрэмчид төрийн албаны толгойд гарчихсан. Ардчилсан намын дэмжигчид энд бизнес хийж болохгүй гэдгээс эхлээд олон асуудал үүсдэг. Хэнтийчүүд бид таны гаргасан Архи, тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэгчдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх санаачилгыг маш сайн дэмжинэ.

Өнөөдөр болохгүй бүтэхгүй юм болгон архинаас үүдэлтэй” гэв. Түүнчлэн уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь одоогийн төр засаг энэ янзаараа байвал тэмцэл гарахад хүрээд буйг хэлж байлаа. Харин үүнийг хариуг УИХ-ын гишүүн Х.Баттулга өгөхдөө “Тэмцэл гарах гээд байна гэдгийг ми¬ний очсон газар болгонд ярьж байна. Гэхдээ тэмцэл гаргаж олон хүнээ хохироож болохгүй. Тэмцэл хоёр янз байна. Нэгдүгээрт, тэмцэл бослого байж болно. Хоёрдугаарт, сонгууль. Миний хувьд бослого тэмцлийг дэмжихгүй байна. Харин бид сонгуулиар тэмцлээ хийж болно. Тэгэхийн тулд зөв сонголт хийх ёстой” гэв.
Энэ мэтчилэн олон хүн үзэл бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авсны зэрэгцээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилсан “Шинэ сум” төслийг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн тус аймгийн залуус, “Иргэдэд сар бүр 21000 төгрөг тараах бус бодитой ажлын байр бий болгож өгөөч. Өнөөдөр залуучуудад халамж биш ажлын байр үгүйлэгдэж байна” гэдгийг дахин дахин онцолсон.  Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтийчүүд УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгатайн ийн ярилцаж, баян чинээлэг, эрх тэгш, сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэх болно гэдгээ илэрхийлсэн юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.