Ж.Сүхбаатар: Засаг захиргааны нэгж харьцангуй тогтвортой байх ёстой
2012.02.02

Ж.Сүхбаатар: Засаг захиргааны нэгж харьцангуй тогтвортой байх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хотуудын эрх зүйн байдлын талаар хэлэлцэв. Засгийн газраас  боловсруулсан хуулийн төслийг ЗТБХБ- ын сайд Ц.Дашдорж танилцуулав. Үүнд тусгагдсанаар Дархан, Эрдэнэт, Ховд, Чойбалсан, Сүхбаатар, Хархорин, Чойр, Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй хот болгох юм. Хамгийн гол нь уг асуудлыг оруулж ирэхдээ бүсийн тулгуур төв гэсэн үүднээс дээрх зургаан хотын асуудлыг оруулж ирсэн ч Засгийн газрын хуралдааны үеэр аймгийн төвүүдийг улсын зэрэглэлтэй болгохоор тэмцэлдэж эхэлсэн байна. Хэрэв аймгийн төвүүдийг хүртэл хотын статустай болгочихвол тэр болгонд шинэ засаг захиргаа бүрдүүлж, газар нутгийн хил зааж, бөөн ажил болох юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ч ийм шүүмжлэл их сонсогдож байв. Уг нь бүс нутгийн тулгуур төвүүдийг улсын зэрэглэлтэй болговол эрхзүйн байдал илүү өргөн хүрээтэй болж,   хөгжлийн   үүд нээгдэх юм.

Хамгийн гол нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах магадлалтай. Гэвч аймгийн төвүүдийг улсын зэрэглэлд оруулах асуудал багтсан нь ихээхэн маргаан үүсгэх юм. Ямартай ч энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар санал хурааж олонхын саналаар дэмжлээ. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үедээ аймгийн төвийн асуудлыг аль болох хасах талаас нь ярилцахаар тохирсон. Энэ тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас тодрууллаа.

-Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай хэлэлцлээ. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байгаа вэ?

-2008 онд би УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг зүйл дээр анхаарах ёстой юм байна гэж бодсон. Энэ нь хот тосгоноо хөгжүүлэх тухай асуудал. Хот, тосгон гэхээр манай зарим хүмүүс засаг захиргааны нэгж гэдэг. Дэлхийн улс орнуудад хот, тосгоноо манай улсад байдаг аймаг, сум, баг хороо гэдэг шиг зохицуулалт хийсэн байдаг. Манай одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиар бол хот, тосгон гэдэг бол засаг захиргааны нэгж биш юм. Гэхдээ тусад нь ийм субьект байгааг тусгасан. Энэ нь засаг захиргааны нэгж дэх хот, тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэж байдаг. Харин энэхүү заалтыг зарим хүмүүс буруутгасан байдаг. Үндсэн хуулиа буруутгахаасаа өмнө нэг зүйлийг хэлье. Хэрэв хот, тосгоныг засаг захиргааны нэгж гэчихвэл нэг аюул гарах байхгүй юу.

Ирээдүйд нэг суманд хэдэн ч хот үүсэж болно.

Тэр болгонд сум, аймаг шиг нэгж тасдаж өгөөд байвал Монгол Улсын нутаг дэвсгэр бүхэлдээ хөдөлгөөнд орох юм. Засаг захиргааны нэгж бол харьцангуй тогтвортой байх ёстой зүйл шүү дээ. Нэлээд том шинэчлэл хийх үедээ л хөдлөх ёстой. Нэг жишээ хэлэхэд, уул уурхайн гурван орд илрээд, нэг суманд гурван тосгон үүсчихлээ. Энэ гурван тосгон гурвуулаа сумаасаа том байж болно. Энэ тохиолдолд сумаа гурав, дөрөв хуваах уу. Эсвэл тусдаа сум болгох юм уу. Тэгэхээр үүнийг бодолцоод Үндсэн хуульдаа аймаг, нийслэл, сум, баг, хороо тогтвортой байна гээд заагаад өгчихсөн юм.

-Зарим сумууд, жишээлбэл Бор-Өндөр тосгон сум болоххүсэлтэй байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой юм бэ?

-Монгол Улсын төрийн бүх үйлчилгээнүүд засаг захиргааны нэгждээ тулгуурлан зохион байгуулагдаж, үүгээр дамжуулан хийгдэж байдаг. Гэтэл суман дотор байгаа хот, тосгод маань сумын төвөөсөө том болчихсон байхаар асуудал гардаг. Төсөв мөнгө бүх үйлчилгээ суманд ирэх үед сумаасаа том хот, тосгод маань сумаасаа гарахыг хүсдэг. Сум болгож, аймгийн зэрэглэлтэй болгож өг гэсэн шаардлага тавьж эхэлдэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.