Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд оруулсан өөрчлөлтийг танилцууллаа
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд оруулсан өөрчлөлтийг танилцууллаа. Уг өөрчлөлтөд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсэгт гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих, казинод, мөрийтэй тоглохгүй байхаар тусгажээ.
Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гишүүд байгууллагынхаа бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хамрах хүрээ, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хийж байгаа ажлууд, төрийн албаны шинэтгэлийг хэрхэн хийх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өгсөн юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
Төрийн албаны зөвлөлөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран дээрх дүрмийн өөрчлөлтийг төрийн албан хаагчдад сурталчлах, сургалт зохион байгуулах, улирал тутамд энэ хүрээнд хийсэн ажлаа тайлагнахыг чиглэл болгосон юм. Төрд ажиллаж буй хэн боловч гадаад, дотоодод казино, мөрийтэй тоглоом тогловол ажлаас нь чөлөөлөх, хариуцлага хүлээлгэдэг болохоос гадна хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг ч тодотгов.
Тэрбээр, “Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг. Харамсалтай нь, сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казинод тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монголын төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга, захирлууд олноор орох болсон. Саяхан БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд гэдгийг хэлж байсан. Гэтэл багш, эмч, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчид болохоор цалин нь амьдралдаа хүрэхгүй, Солонгост олон мянгаараа очиж 3 сараар ажиллаж байгаа. Тийм болохоор Засгийн газар үүнд анхаарч ийм шийдвэр гаргасан. Үүний хэрэгжилтийг Төрийн албаны зөвлөл хариуцаж, ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхаараарай” гэсэн юм.
Үүнээс гадна Засгийн газраас хөгжлийн бодлогын асуудал болон төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал байсан гэдгийг бас Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон. Үүнтэй холбогдуулж Монгол улсын төрийн алба дараагийн 25 жилд ямар түвшинд хүрэх талаарх төсөөллөө тодорхойлж, 5, 6 дугаар үеийн шинэтгэлээ боловсруулж ойрын үед уулзалт зохион байгуулж, эргэж танилцуулахыг чиглэл болгосон юм.
Мөн төрийн албыг үнэлж зарах хэмжээнд очсон байгааг хэрхэн засах, гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа чадварлаг залуусыг төрийн албанд давуу эрхээр татах, төрийн албаны шинэчилсэн хуулийн шалгуурт нийцэхгүй байгаа хүмүүсийг хэрхэн цэгцлэх зэрэг хэд хэдэн асуудалд анхаарах шаардлага үүсч байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлов.