С.Эрдэнэ: Хуульд зориулж тавилттай драм танилцууллаа
2019.03.28

С.Эрдэнэ: Хуульд зориулж тавилттай драм танилцууллаа

УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх хуулийн төслийг баталсан. Энэ хуулийн талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ хуулиа баталчихлаа. Цаашид ямар эрсдэл үүсч болох вэ?

-Шүүх хуулийн байгууллагад халдсан, Үндсэн хуулийн гол утга санааг зөрчсөн хууль баталсанд харамсаж байна. Энэ хуулийг өчигдөр гаргаж ирээд баталж байгаа юм биш. Урдаас төлөвлөсөн, тавилттай гэдэг нь харагдаж байна. ҮАБЗ нь ямар статустай, ямар чадамжтай байгууллага вэ гэдгийг, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн үндсэн зарчмыг зөрчлөө.

Маш хор уршигтай гэдгийг гишүүд хэлсэн, байнгын хороогоор энэ хуулийг зөөлрүүлсэн, Үндсэн хууль зөрчөөгүй байхаар заалттай болгосон. Гэсэн ч популистууд орилсоор байгаад баталчихлаа. Төрийн эрх мэдлийг алдагдуулах маш том хор уршигтай. Олон улсын хууль, хүний эрхтэй холбоотой байгууллагаас байнга анхааруулдаг зүйл нь шүүхийн хараат бус байдлыг ямар ч нөхцөл үүссэн хөндөж болохгүй гэсэн зарчим бий.

Гэтэл өнөөдөр олон түмнээр хууль, шүүхийн байгууллагыг харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар явуулж, хуулиа баталлаа. Эрүүдэн шүүх, тамлан зовоох үйл явдлыг зогсооё гэж байгаа бол тогтолцоогоо сайжруулах боломж байсан ч хэсэг хүнд байсан эрх мэдлийг нөгөөд шилжүүлэх боломжийг хуульчиллаа.

Энэ бол маш буруу үйлдэл. Ард түмнээс сонгогдон гарч ирдэг 76 гишүүнд хадгалагдаж байсан бүрэн эрхийг ҮАБЗ-ийн гурван хүнд шилжүүлчихлээ.

Нэг талдаа шударга ёстой тэмцэх гэж байгаа мэт харагдав хараат бус шүүхэд халдсан үйлдэл боллоо. Эрх баригчид ээлжит бус чуулган зарлаж, ажил хийж байгаа дүр эсгэж Үндсэн хууль, ардчиллын зарчмаас ухарсан хууль л баталлаа.

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй иргэдэд эрүүдэн шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн гэдгийг нотлох бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн?

-Ийм хэрэг болсонд үнэхээр харамсаж байна. Бичлэгийг үзээд эмгэнэж байна. Гэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын гэнэт илрүүлсэн гээд байгаа эрүүдэн шүүлт байсан, байгаа, цаашид ч таслан зогсоохгүй бол байсаар байх үйлдэл.

Гэтэл хууль батлуулахын тулд зохион байгуулалттай, тавилттай драм болгон танилцууллаа. Хууль зүйн сайд Ц.Нямдорж өмнө нь юу хийж байсан юм бэ. Өөрийнх нь удирдлагад байгаа байгууллагад хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүж байхад юу хийж байсан юм бэ. Нэг удаа сайдаар ажиллаж байсан бол яая гэхсэн. Мэдээгүй, алдсан байж болно.

Таван удаа болсон шүү дээ. Монголын хуулийн салбарыг 20 гаран жил удирдлаа шүү дээ. Энэ хүнд эрүүдэн шүүх процесчыг өөрчлөх, саатуулагдсан этгээдүүдийн эрхийг хамгаалар бүрэн боломж байсан. Гэ эл өнөөдөр шударга үнэний дүр эсгээд, УИХ-ын гишүүдэд өөрийнхөө ажлыг тайлагнасан.

Нэг ёсондоо миний хариуцдаг салбарт ийм зүйл болдог гэдгийг харууллаа. Өнгөрсөн 20 гаруй жил хуулийн салбарыг толгойлсон Ц.Нямдорж гэдэг хүн юу хийсэн бэ гэдгийг харуулсан бичлэг байсан.

Ш.ЧИМЭГ