ХЗБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөхийг дэмжлээ
2019.04.05

ХЗБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг зөвшилцөхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.05) хуралдаан 14 цаг 43 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол улсын ерөнхий прокурорыг томилох саналын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Батнасан, Л.Мөнхбаатар, Ц.Гарамжав нар асуулт асууж, нэр дэвшигч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас хариулт авав.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хуулийн хүрээнд хийгдэж буй анхны томилгоо энэ болохыг онцлоод “Нэр дэвшигч системдээ тогтвортой ажиллаж ирсэн туршлагатай прокурор байгаад дэмжиж байна. УИХ-аар нэр дэвшигчийг томилохыг дэмжвэл Ерөнхийлөгч 6 жилээр томилох уу” хэмээн тодруулаа. Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалаас огцруулсан учраас шинээр томилохдоо 6 жилээр томилоно хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулт өгөв.

Хууль зүйн салбарын эрх зүйн орчин, хуулиудыг шинэчлэн баталж хэрэгжүүлж буйтай холбоотой зарим асуудал үүсч байгаа хэдий ч прокурорын байгууллагаас саналаа нэгтгэн холбогдох газруудад хүргүүлээд байгаа гэдгийг Б.Жаргалсайхан прокурор хэллээ.

Хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотойгоор хуулиудыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал бол бүх шатандаа хуулиудын талаарх ойлголтоо нэгтгэх явдал хэмээн үзэж буйгаа гишүүдэд хэлсэн юм. Мөн прокурорын салбарын боловсон хүчний нөөцийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж, цаашид прокуроруудыг чадавхжуулах чиглэлээр ихээхэн санаачилгатай ажиллах болно гэлээ.

Үргэлжлүүлэн хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналын хүрээнд үг хэлсэн. Прокурорын байгууллагад 31 жил шат шатанд нь ажиллаж байсан мэргэшсэн, туршлагатай мэргэжилтний хувьд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа гишүүд илэрхийлэв. Хууль, шүүхийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдлыг эмхэлж, хуулийн засаглалыг бэхжүүлж нэр хүндийг өргөх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр салбартаа сахилга, хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг захиж байсан. 

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхийг дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.