Г.Тэмүүлэн: Албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг хуулийн дагуу л явуулах хэрэгтэй
2019.03.14

Г.Тэмүүлэн: Албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг хуулийн дагуу л явуулах хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 18-нд эхлүүлэхээр тогтсон билээ. Нийт найман асуудал хэлэлцэх бөгөөд Төрийн тэргүүний зүгээс хууль хүчний зарим байгууллагын удирдлагыг солих санал гаргасан. Үүнээс хамгийн ихээр анхаарал татаж буй нь АТГ-ын дарга, дэд даргыг солих.

Ерөнхийлөгчийн хувьд тус байгууллагын удирдлагуудыг солих саналыг хоёр дахиа оруулж ирсэн нь энэ. Эхний удаад түүний саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор авч хэлэлцээд үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл АТГ-ын одоогийн дарга нарын бүрэн эрх дуусаагүй учраас энэ талаар хэлэлцэх шаардлагагүй гэж дүгнэлт гаргасан. Гэсэн ч ийнхүү тэрээр дахин оруулж ирээд байна.

АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, оронд нь хэнийг томилох зэрэг эргэлзээ шийдэл хүлээсэн асуудалд УИХ-ын гишүүд хэрхэн хандаж байна вэ. Энэ тухайд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Ер нь томилгоо буюу албан тушаалаас чөлөөлөх эсэх асуудлыг хуулийн дагуу л явуулах хэрэгтэй. Үүнийг УИХ-ын хуульчид сайн нягтлаад хуульд нийцүүлж оруулж ирнэ гэж бодож байна. Гэхдээ яагаад хугацаанаас нь өмнө чөлөөлөх гээд байна, яагаад томилох гээд байна вэ гэдэг суурь шалтгааныг бодох хэрэгтэй. Энд мэдээж өнөөгийн тогтолцоо бие даасан байдал алдагдсан байдал буюу хараат бусаар ажиллаж чадахгүй асуудалууд хөндөгдөнө.

Бид үүнд дүгнэлт хийгээд суурь асуудлаа шийдэх гэж үзэх хэрэгтэй. АТГ-аар аваад үзэхэд улстөрчдийн нөлөөнд байдаг гэдэг юм уу,  бие дааж хараат бусаар ажиллаж чадахгүй байна гэдэг ийм тохиолдол цаашид АТГ байх ёстой юу үгүй юу. Хууль хяналтын байгууллагын удирдлагын томилгоог хэрхэн хийх ёстой юм. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хянаж шалгадаг газрууд ямар байгууллагын доор байх ёстой юм.

Өнөөгийн эрх мэдлийн хувиарлалтын хүрээнд хууль хяналтын байгууллагын томилгоог хувааж авдаг байх нь зөв үү буруу юу. Үүнийг шийдэхгүй бол асуудлыг шийдэхгүй. Түүнээс х-г у-аар солиод өөрчлөлт гарах уу гэдэг эргэлзээтэй. Эс бөгөөс улс төрчдөөс ялгаагүй хүмүүс гарч самардаг байж болохгүй” гэлээ.