С.Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг хэлэлцсэн, Засгийн газрын хуралдаанд би суугаагүй
АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Тэрээр “Би “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах асуудлыг хэлэлцсэн, Засгийн газрын хуралдаанд суугаагүй. Өнөөдөр энэ худалдан авалт хоёр талтай байна. Засгийн газар мөнгө угаасан мэтээр тайлбарлаж байна. Мөнгө угаасан эсэхийг Засгийн газар тогтоодоггүй. Гэмт хэргийн шинжтэй юу арилжааны үйлдэл үү гэдгийг мэргэжлийн хуулийн байгууллага тогтооно. Түүнээс нэг сайд гарч ирчхээд амандаа орсныг дураараа ярьдаггүй. Тэр хүнд хөрөнгө босгох тухай санхүүгийн ойлголт байгаа эсэхэд би гайхаж байна. Би өндөр түвшний эдийн засагч биш. Тэр санхүүгийн схемээс харахад хууль зөрчсөн гэх үйлдэл байхгүй. Ер нь хөрөнгө босгох нь нарийн үйл явц.
МАНАН бүлэглэл гээд яриад байгаа нөхөд өөрсдөө бодох хэрэгтэй. Миний бодлоор 2004 онд энэ бүлэглэл үүссэн.
Гадаад болон дотоод зах зээлээс хөрөнгө босгох нь шал өөр ойлголтууд. Гаднаас босгох бол заавал барьцаа шаардана эсвэл Засгийн газрын баталгаа шаарддаг. Бид схемийг судалж байна. Аж үйлдвэрийн яамнаас 90 сая америк долларын зээл авсан гэх мэт ташаа мэдээлэл түгээсэн. Аж үйлдвэрийн яам зээл өгдөггүй. Нэг яамны дансанд тийм их мөнгө байх ямар ч боломжгүй, үндэслэлгүй. Төсөв санхүү Сангийн яаманд төвлөрдөг. Энэ мэтчилэн шалгаж тодруулах зүйл их байна. Удахгүй судалгаагаа та бүхэнд танилцуулна. Тухайн үед Засгийн газарт 400 сая америк доллар байсан, эсэхийг би мэдэхгүй. Сангийн яам л мэднэ. Гэхдээ тухайн үед эдийн засаг хүнд байсан. Жишээ нь 1 тонн зэсийн үнэ 4200 ам.доллар байсан бол 7000 шүргэж байна. 1 тонн нүүрс 30 орчим ам.доллар байсан бол одоо 70 хүрсэн. Ямар сайндаа л “Чингис” бондыг арилжаалан, гадаад зах зээлээс хөрөнгө босгох вэ дээ. Үр дүн нь я гарч, бүтээн байгуулалтын олон ажил хийсэн.
Эдийн засаг дахь сайн үзүүлэлтүүдийг өөртөө наагаад, мууг нь АН-тай холбодог явуургүй бодлогоо одоо болих хэрэгтэй. Эвслийн Засгийн газарт МАН орж, нэг жил орчим ажилласан шүү дээ. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Сангийн сайд байсан, Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны дарга байсан. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч нь Б.Жавхлан байсан. Бид зөв бодлого баримталсны хүчинд эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулсан. Өр үүсгэсэн гэдэг ч хэзээ хамгийн их өртэй болов гээд харахаар дандаа МАН-ын засгийн эрх авсан жилүүд байдаг. 2012-2016 онд нийт 2.4 тэрбум америк долларын зээлийг бонд хэлбэрээр авсан. Харин одоогийн эрх баригчид 4.5 тэрбум америк долларын зээл авчхаад байна. Юу хийв, ямар бүтээн байгуулалт өрнүүлэв гээд харахаар хэн нь бага ярьдаг, их хийдэг вэ гэдэг нь харагдана.
МАНАН бүлэглэл гээд яриад байгаа нөхөд өөрсдөө бодох хэрэгтэй. Миний бодлоор 2004 онд энэ бүлэглэл үүссэн. Улс төр, эдийн засгийн нам дамжсан энэ бүлэглэлд орох үндэслэл надад байгаагүй. Яагаад гэвэл би тухайн үед хоёрдугаар фронтод буюу арын албанд зүтгэж байв. Бодлого тодорхойлоход оролцдоггүй байсан. Явуургүй, гүтгэлгийн шинж чанартай, хэт популист улс төр хол явахгүй. УИХ-ын 5 гишүүн өөрсдийгөө шударга ёсны төлөө гээд байна. Тэгвэл Л.Болд гишүүн Хөгжлийн банкандаа 30.9 тэрбум төгрөг болон 8 сая америк доллар авсан. Энэ хүн төрийн мөнгөөр тухайн үеийн Сангийн сайдтай хамтарч, банк байгуулсан. Дараа нь тэр банк нь дампуурч, өмч хөрөнгийн маргаан үүссэн. Одоо “Богд” банкийг байгуулчихаад Хөгжлийн банкнаас жилийн 6.5 хувийн хүүтэй 60 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн. Гэтэл арилжааны банкуудын жилийн хүү дунджаар 24 хувь байна. Тэгэхээр дор хаяж 4 дахин өсгөсөн гэсэн үг.