С.Эрдэнэ: Л.Болд гишүүн төрийн мөнгөөр хоёр удаа банк байгуулсан
2019.03.11

С.Эрдэнэ: Л.Болд гишүүн төрийн мөнгөөр хоёр удаа банк байгуулсан

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Тэрээр мэдээллийн үеэр "Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тайлбарлаад буй схем дээр бид судалгаа хийж байна. Удахгүй энэ хэрэг мөнгө угаалт мөн үү, үгүй юу гэдгийг тодорхой болгоно.

Тус схем дотор зарим худлаа мэдээлэл явж байгаа. Жишээ нь, Аж үйлдвэрийн яамнаас 90 сая ам.долларын зээл өгсөн гэж байна. Нэгдүгээрт, тус яам зээл өгдөг яам биш. Хоёрдугаарт, нэг яамны дансанд тийм их хэмжээний мөнгө байх ямар ч боломжгүй. Тиймээс энэ мэтчилэн шалгах, тодруулах ажлууд байна. Санхүү, банкны мэргэжлийн өндөр түвшний хүмүүстээ хамтарч энэ судалгааг хийж байгаа. 

Ер нь бол 2012-2016 оны бүх үйл явдлын сайныг нь МАН өөртөө наагаад, мууг нь АН-д үүрүүлэх гэсэн явуургүй бодлогоо одоо болих хэрэгтэй. 

АН Засгийн газрыг тэргүүлж байхад эдийн засаг маг хүнд байсан. АН тухайн үед маш зав бодлого явуулснаар эрсдэл багатайгаар давсан. Өр үүсгэсэн гэж яриад байна. Яг судлаад үзэхээр өр үүсгэсэн нь дандаа МАН байдаг юм. 

Өнөөдөр өөрсдийгөө шударга ёсны тэмцэгч гээд буй УИХ-ын 5 гишүүн байна. Би өөрийнхөө 2 гишүүнээс тодруулахад, Л.Болд гишүүн Хөгжлийн банкнаас 30.9 тэрбум төгрөг Богд банкиндаа авсан. Дараа нь 8 сая доллар авсан. Өөрөөр хэлбэл энэ хүн 2 дахь удаагаа төрийн мөнгөөр банк байгуулсан. Өмнө нь Төрийн банкны мөнгөөр Голомт банкийг санхүүжүүлж босч ирсэн. Төрөөс мөнгө авчихаад хүүгээр нь түүнийгээ 4 дахин нугалаад хүүлж байна. Татварын мөнгийг нэг банкинд байршуулж байна. Би үүнийг гэмт хэрэг гэж харж байна. Энэ шударга ёс уу. 

Мөн өөрийгөө шударга гээд цээжээ дэлдээд буй Ж.Батзандан өнөөдрийг хүртэл эхнэрийнхээ данс руу картаар орсон 200 сая төгрөгийг яагаад тайлбарлахгүй байгаа юм. Шаардаад байхад тайлбарлахгүй байна. Гэм буруугүй бол тайлбарлах хэрэгтэй. Тэр 5 гишүүн яагаад зөвхөн Эрдэнэтийн 49 хувийг яриад байна. 51 хувийг нь яагаад ярихгүй байна вэ гэдэг асуудал гарч байна. Стандарт банкны ихэнх хувь Хятадын компанид очсон гэж сонссон. Стандартаар банкаар дамжуулаад энэ 51 хувь Хятадын компанид очихыг үгүйсгэх аргагүй байна" хэмээлээ.