Тэмцэгч ба түүний "ар гэрийнхэн"
2019.03.12

Тэмцэгч ба түүний "ар гэрийнхэн"

Тэмцэгч нь мэдээж МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл хийж яваа УИХ-ын гишүүн Л.Болд байж таарна. Харин түүний “ар гэр” хэмээн УИХ-ын гишүүнийг төлөөллөө болгон Их хуралд сонгож оруулсан УИХ-ын 57 дугаар тойргийн сонгогчид, иргэдийг нэрлэхэд буруудахгүй биз ээ.

Бодлого ч ярьдаг, жагсаж цуглаан удирдаж, тэмцэж чадахаа ч харуулсан УИХ-ын гишүүн Л.Болд энэ өдрүүдэд тойргийн иргэд, сонгогчидтойгоо хороо бурт нь очиж нүүр тулсан уулзалтууд хийсэн юм.

Саяхан гарсан судалгааны байгууллагын мэдээлэлд хамгийн өндөр рейтингтэй арван улстөрчийн нэгт багтсан Л.Болд гишүүнийг тойрогт нь хэрхэн ямар уур амьсгалтай хүлээж авдаг юм бол хэмээн сэтгүүлчийн саваагүй зангаар сурвалжлав.

Ямартай ч “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний тэмцлийг манлайлсан” хэмээн сонгосон гишүүнээ тойргийн сонгогчид нь халуун дотно уур амьсгалтай, нижигнэсэн алга ташилтаар угтан авч байлаа.

УИХ-ын 57 дугаар тойрогт Яармагийн таван хороод хамрагддаг аж.

Л.Болд гишүүн ойр ойрхон тойргоо эргэж иргэдтэйгээ уулздаг ч энэ удаагийнх нь өмнөх уулзалтуудаас илүү олон иргэд цуглаж байгааг гишүүний ажлын албаныхан хэлж байв. Таван хорооны иргэдтэй хийх таван удаагийн уулзалт бүрт сургуулийн хурлын заал дүүртэл 200 орчим иргэд цугларч, улс орны асуудлаас өгсүүлээд, гудамж хашааныхаа нөхцөл байдлыг, хувийн асуудалтайгаа хавсруулан өргөн хүрээнд ярилцаж, асуулт хариулт өрнүүлж, тун ч ажил хэрэгч болдог юм байна.

Л.Болд гишүүн уулзалтдаа Хан-Уул дүүргийн орлогч даргыг, дүүргийн алба хэлтсүүдийн төлөөлөл, мэргэжилтнүүдтэй нь, цагдаагийн хэлтсийн даргатай нь, тэр бүү хэл Яармагаас сонгогдсон дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг нь хүртэл дуудаж байлцуулсан нь тун зүгээр санагдав.

Мэдээж иргэдийн зүгээс олон төрлийн асуулт, санал хүсэлт гарах бөгөөд үүнд газар дээр нь тов хийтэл хариуг нь өгч, холбогдох хүмүүстэй нь иргэдийг холбож, ёстой л нэг "нэг цэгийн үйлчилгээ" ажиллаж байгаа мэт санагдах юм. Иргэд юу асууж, сонирхож байна юм гэж үү? юуны өмнө иргэд маань ойрын үед улс төрд өрнөж бай-гаа үйл явдлуудыг анхааралтай ажиглаж байгаа нь илт байв.

Тухайлбал
  • “Бүхэл бүтэн амьд хүнийг амар сайхандаа жаргаарай гэж юу яриад байгаа дарваан бэ (нэр бүхий улстөрчийг хэлэв), ямар ч ухамсаргүй нөхөр шүү тэр чинь” -“2020 онд та өөрөө нэр дэвшээрэй, ямар ч субъектээс нэр дэвшсэн бид чинь гараа өргөөд зуун хувь дэмжинэ шүү”, “Та тавыг 100 хувь дэмжиж байгаа шүү. Энэ ажлаа эхлүүлсэн шигээ хойшдоо тасралтгүй үргэлжлүүлээрэй”,
  • “2020 онд нэр дэвшээд та тойрогтоо их ажил хийсэн юм чинь ялаад л гараад ирнэ. Тэр цагг Ардчилсан нам чинь тархиа шаана даа, тэгж байж буруу юм хийснээ ойлгоно цаадуул чинь”, “Та битгий бууж өгөөрэй, гүтгүүлж доромжлуулах тусмаа долоон бурхан шиг гялалзаж ямар хүн гэдгээ сайн харуулаарай”,
  • “Таныг ирнэ гэж дуулаад амжиж ирлээ. Болд гишүүнээ, манай ээж 85- тай хөгшин байдаг. Өөрийн чинь ажил үйлс, хийж байгаа тэмцлийн талаар их ам сайтай байдаг. Хүнийг бурмаар тэтгэхээс урмаар тэтгэ гэдэг дээ, тиймээс 85-тай хөгшнийхөө урмын үгийг танд дуулгах гэж ирсэн юм”,
  • “Хэвлэл мэдээллээр маш их стресс дагуулсан мэдээллүүд цацагдаж байна. Тунгалаг тамир кинон дээр Хатанбаатар С.Магсаржав хэлдэг шдээ, Монгол хүн л юм бол Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой гэж, үүнийг төрийн түшээдэд сануулж өгөөч”,
  • “Ардчилсан нам чинь сөнөсөн байна, та битгий дагаарай. Та ганцаараа бие дагаад ир", "Ээ дээ энэ С.Зоригийн хэрэгт л битгий шантараарай. Энэ АТГ, Прокурор, Дээд шүүхийн улсуудыг соль. Дарга нарыг бүгдийг нь соль, тэгж байж та нарын тэмцэл үр дүнд хүрнэ шүү. Хийгээд явж л байгаа үүнийгээ гүйцээгээрэй”
  • “Бидний аж амьдралаа өөд татахад саад болдог нэг л зүйл байна. Энэ бол манан бүлэглэл. Замын урдуур энэ том том барилгуудад инженерийн дэд бүтэц холбуулаад байна, тэгээд оффшорт нуусан хөрөнгөө авчирч тэндээ барилга болгож байна. Үүнийг та анхаарч өгөөрэй”,
  • “Ард түмнийхээ үгийг сонсох гэж ирдэг тан гишүүд ховор байна. Нэг ойлгохгүй байгаа зүйл байна. Танхимд нэгнээ элдвээр хэлдгээ болиосой. Одоо тэр О.Магнай юу хийсэндээ олон жил улс орондоо их зүйл хийж байгаа хүн рүү дайрна вэ”
  • “Болд гишүүндээ бид дэмжлэг үзүүлээд өгнө өө. Таныг сонгосондоо бид баяртай байна, манай яармагчууд монгол түмэндээ хэрэгтэй сонголт хийсэн гэдгээ одоо бүр сайн ойлгож байна”
  • “Болд гишүүнийг анхнаасаа л би дэмжиж байсан. Насаа барж нартаас буцталаа дэмжинэ ээ” гэх зэргээр хэмээн улс нийгмийн хэмжээний асуудлаар сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс микрофон дээр дугаарлацгаана.
  • Мэдээж хэрэг ард иргэдийн өмнө тулгамдсан асуудал мундахгүй. “Санхүүгийн асуудал тодруулъя, ямар банкнаас зээл авч амины байшингаа барьж болох вэ, тодруулж өгөөч”
  • “Долдугаар хороонд ажилладаг Улаан загалмайн нийгэмлэгийн байшинг эко амины орон сууцны төсөлд хамруулж өгөөч. Манай гудамжаар үерийн ус ордог, яг тэр хашаагаар дамжиж ордог учраас хундам нь хөгцрөөд танаас тусламж хүсч байна".
  • Олон жил улсад ажиллаж, төр нийгэмдээ зүтгэсэн хүмүүсийн тэтгэврийг нэмэх тал дээр төрд үгийг минь хүргэж өгөөч. Олон жил улсад ажилласан хүмүүсийн тэтгэвэр маш бага байхад ойрын үед тэтгэвэрт гарч байгаа хүмүүс сүүлийн таван жилдээ нийгмийн даатгалаа өндөр төлсөн гээд бараг саяыг авч байна”
  • “Цэцэрлэгийн зүүн талд өөдөөс хараад машин засварын газар нээгдсэн ийм байж болохгүй, үүнийг хаалгамаар байна. маш их асуудалтай цэцэрлэг байсан. таны хүчин чармайлтаар олон улсын байгууллагын олон тусламж, дэмжлэгээр бүгдийг нь шийдвэр лэж чадсан. Одоо өргөтгөлийг асуудал л шаардлагатай байна биеийн тамирын заал хэрэгтэй байна”
  • “Шахмал түлш илч муутай байна, та Засгийн газарт анхааруулж өгөөрэй”,
  • “Шахмал түлш маш сайхан юм, долоо хоногт таван шуудай нүүрс түлдэг байсан бол гурван шуудай шахмал түлш одоо түлж болох юм байна“,
  • Манай хороо хоёр даргатай болчихсон, үүний учрыг олж аль”,
  • “Ахмадын хөгжлийн байртай болмоор байна” хэмээн ам уралдуулан асуудлаа ярина. 

Тэр бүрт Л.Болд гишүүн өөрөө хариулж, холбогдох албаны хүмүүсээр нь хариултыг нь өгүүлж байв. 

За тэгээд хашаа гудамжны асуудал, газрын асуудал, гудамжинд нь үүссэн хотгор хонхор, бүр байшингийнхаа тампарын асуудлыг хүртэл ярьж, урдуур хойгуур нь хатгасан шонгийн модноос наахнуур олон асуулт асуух юм, тэр бүртээ хариулт авсан иргэдийн царай таатай харагдах.

Тойргийн иргэд нь Л.Болд гишүүнийг Ардчилсан намаас гарсан асуудалд сэтгэл хангалуун гэдэг жигтэйхэн. Гишүүн ч өөрөө тойргийнхоо иргэдээс урам авч бахдалтай байгаа харагдсан.

Хүмүүс мэднэ дээ. манай улсын баг хороо, сумын түвшинд нам гэж айхтар юмнаас болж жирийн иргэдийг талцуулж хувааж орхидог гэдгийг. Ийм байдал Л.Болд гишүүний тойрогт ч байсан бөгөөд харин энэ удаагийн уулзалтад манай танай нам гэлтгүй иргэд бултаараа ирж гишүүнээ дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа нь гишүүнд аятайхан байгаа бололтой “Намаас гарчихсан чинь нойр сайтай, өглөө их аятайхан сэрж байгаа шүү, юуны төлөө гишүүн нь нам бус болчихсон билээ, учрыг нь олж өгнө өө хө”  хэмээн иргэдтэйгээ инээж, хөөрөлдөнө.

Нэг зүйлийг анзаарав

Иргэд цаг үеийн үйл явдал, улс нийгмийн мэдээлэл сайтай хэрнээ төр засгаас авч хэрэгжүүлж буй, иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй мэдээлэл, элдвийн дүрэм журмын тухай ойлголт дутмаг байдаг нь ажиглагдсан.

Жишээ нь, улсын төсвөөс, нийслэл, дүүргийн төсвөөс хөрөнгө оруулалт нь шийдэгдэж Яармаг бүст энэ жилээс хийгдэх олон ажлын талаар мэдээлэл багатай байна. Иргэдийн асууж сурагласан олон барилга байгууламж төсөвт сууж хэдийнэ энэ жилээс ажил хэрэг болж эхлэх аж. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, зам талбайн ажил, Хан-Уул дүүргийн хэмжээнд баригдах ахмадын сувилал гээд гишүүн нь хэдийнээ төсөвт суулгачихсан ажлуудыг нэхэж байх юм.

Улсын төсөвт суусан ипотекийнзээлийг зөвхөн төвийн дэд бүтцэд холбогдсон газарт барих амины орон сууцанд олгоно гэсэн амьдралаас хол, үлгэрийн заалтыг Л.Болд гишүүн хөөцөлдсөөр дэд бүтцийн шийдлээ ямар нэг аргаар (бие даасан төрөл бүрийн халаалт, цэвэр бохирын шийдлээ өөрсдөө зохицуулсан) шийдсэн амины орон сууцанд олгоно хэмээн өөрчлүүлж чадсанаар нийт хашаа байшинтай иргэд, амины орон сууц сонирхсон гэр бүлүүд банкнаас найман хувийн хүүтэй зээл авч байшингаа бариулах боломж нээгдсэн байна.Үүнд ч Яармагийн иргэд сэтгэл хангалуун байна.

Сэтгүүлч Ш.БААТАРЖАВ