С.Эрдэнэ: Иргэдийн эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэл эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авахад л зарцуулагдах ёстой
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа
-Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгаар хуульд орох гол өөрчлөлт нь юу вэ?
-Энэ хуулийг боловсронгуй болгох зайлшгүй хэд хэдэн шалтгаан байгаа юм. Ер нь нийгмийн эрүүл мэндийн даатгал бүх нийтээр эвсэлдэн нэгдэх, эрсдэл хуваалцах зарчим дээр тулгуурладаг. Харьцангуй эрүүл, орлого өндөр хүмүүс орлого багатай эмзэг хэсгээ дэмжиж энэ хэрээр нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн байдлаас болж өрх гэр санхүүгийн хүндрэл, дарамт, ядууралд орохоос сэргийлэх, шаардлагатай үед даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс ул хамааран чанартай тусламж авах зарчимтай. Нөгөө талаар бидний авч байгаа эрүүл мэндийн үйлчил-гээ даатгал (ЭМД) болон улсын төсөв гэсэн хоёр эх үүсвэрээс санхүүждэг. Үүнд төр яг юуг хариуцаж байгаа, даатгал нь ямар үйлчилгээг санхүүжүүлж байгаа, ямар байгууллага чанарын ямар төвшинд үйлчилгээ үзүүлж байгаа зэрэг нь тодорхой бус байдаг. Мөн даатгуулагчид эмнэлгийн үйлчилгээ авахдаа хувиасаа төлбөр төлж байна. Иймээс нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд энэ бүгдийг тодорхой төвшинд зохицуулах, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хөшүүргийг оновчтой болгох, үр ашгийг сайжруулах, даатгуулагчдын эрүүл мэндийн байдлын талаарх мэдээлэл түүний нууцлал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих цахим картын аргыг нэвтрүүлэх зэрэг зарчмын олон асуудлуудыг шийдэхээр тусгасан.
-Өнөөдөр эрүүл мэндийн даатгалгүй иргэд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа. Ер нь бүх хүмүүсийг даатгалд хамруулахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?
-Иргэд нь эрүүл саруул хөдөлмөрийн чадвартай байж л эдийн засгийн өсөлтийн тухай бид ярих ёстой. Иймээс иргэдээ өвдөхөөс урьдчилан сэргийлэх, өвчний улмаас ядууралд орохоос хамгаалах нь төрийн үүрэг. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц тодорхой, даатгуулагчдын хувиасаа төлөх төлбөрийн хэмжээ нийт санхүүжилт (улсын ба хувийн)-ийн 20 хувиас хэтрэхгүй бай.
-Эрүүл мэндийн даатгалд иргэд сар болгон хураамж төлж сан бүрдүүлдэг. Нэлээн ч их мөнгө цугладагбайх. Гэтэл энэ сангийн хөрөнгө зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд л зарцуулагдах ёстой боловч өөр зүйлд зарцуулж байна гэсэн мэдээллүүд байдаг. Үүнийг энэ хуулиар цэгцлэх үү?
-Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө бусад даатгалаас ялгаатай нь мөнгөн бус үйлчилгээ хэлбэрээр даатгуулагчдаа хүрдэг онцлогтой. Эрүүл мэндийн санхүүжилтийг зохицуулж байгаа хууль, дүрэм хоорондоо уялдаа, холбоо муутай, зарим талаар зөрчилдөж байгаа, мөн зарим хуулийн орчин тогтвортой бус байгаагаас ийм асуудал үүсдэг нь үнэн. Жишээлбэл, хамгийн наад зах нь одоогийн мөрдөж буй Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулиар даатгалын хураамжийг эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгалтай иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор захиран зарцуулахаар заасан хэдий ч Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулиар даатгалын санг улсын төсвийн нэгдсэн санд төвлөрүүлэх болсноор даатгал, төсвийн санхүүжилтийн зааг, ялгаа багасаж, энэ хэрээр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, санхүүжилтийн ач холбогдол буурч байна. Үүнээс гадна Засгийн газраас эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бус цаг үеийн чанартай арга хэмжээ зохион байгуулахад шууд захиран зарцуулж байна шүү дээ.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд Эрүүл Монгол хүүхэд хөтөлбөрийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөр санхүүжүүлж буй нь даатгалын зарчимд нийцэхгүй хэрэг.
Мөн ЭМД-ын шимтгэлийн хэмжээг тогтоох, даатгалын багц үйлчилгээний нэр төрөл, төлбөрийн арга зэрэг олон чухал асуудлыг даатгалын байгууллага бус гол төлөв төрийн яамд шийдэж байна. Ингэснээр даатгалын байгууллага зөвхөн батлагдсан хөрөнгө мөнгийг батлагдсан тарифаар хуваарилдаг санхүүгийн байгууллага болон хувирч байна.Энэ хэрээр эрүүл мэндийн даатгалын мөн чанар алдагдаж даатгалыг эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг даатгалтай иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай үзүүлдэг механизм гэхээсээ илүү цалингаас татвар суутгаж эмнэлгийг санхүүжүүлдэг тогтолцоо боллоо шүү дээ.
Уг нь ЭМД Байгууллага бие даасан байж даатгуулагчдын өмнөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас худалдан авдаг, тусламж үйлчилгээний чанарыг хянаж, үйлчилгээний чанартай уялдсан санхүүжилт хийдэг байгууллага байх учиртай. Хуульд бие даасан байгууллага байхаар тусгасан. Энэ байгууллага нь мэдээлэл, санхүүгийн нарийн баазтай байх болно.
-Эмнэлгийн үйлчилгээ авах төлбөрөө даатгалаас хэрхэн төлүүлэх вэ?
-Даатгалын шимтгэлээр цуглуулсан сангийн хөрөнгийг даатгалтай иргэнд тусламж, үйлчилгээг шаардлагатай үед нь чанартай үзүүлэхэд зарцуулах явдал маш чухал. Ямар байгууллага ямар тусламж үйлчилгээ үзүүлэх, тэрхүү тусламж, үйлчилгээ үзүүлсэн байгууллагад яаж төлбөр хийх асуудал онцгой ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд нэг ор хоногоор, нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргуудыг хэрэглэж байсан нь зохих үр дүнгээ өгсөн байх.2010 оноос эхлэн оношийн бүлгээр санхүүжилт хийж эхэлсэн байна.Гэхдээ төлбөрийн энэ шинэ арга нь даатгуулагчид үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанарт мэдэгдэхүйц ахиц гаргах хөшүүрэг гэж үздэг. Үүнээс биш энэ нь эрүүл мэндийн даатгалаас эмнэлэгт хийх санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгсэл биш. Төлбөрийн энэ аргын давуу талыг бүрэн ашиглахад эмнэлгийн бие даасан байдлыг хангах, төсвийн төлөвлөлтийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит өртөгт нийцүүлэх арга хэмжээг тухай бүр авах хэрэгтэй.
-Эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгах тухай та түрүүн дурьдлаа. Бодит байдал дээр ийм шаардлага ч гарч байгааг үгүйсгэх аргагүй. Харин яаж зохион байгуулах вэ? Дахиад нэг шинэ байгууллага бий болоход боловсон хүчин, санхүүжилт гээд ар араасаа хөвөрсөн асуудлууд гарна шүү дээ?
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг, зардал өдөр ирэх тусам өсч байгааг та ч харж байгаа шүү дээ. Ийм нөхцөлд эрүүл мэндийн даатгалын үүрэг нэмэгдэж таараа. Үүнтэй холбогдож эрүүл мэндийн даатгалын удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн даатгалын байгууллагыг бие даалгах талаар хуулийн төсөл тусгасан. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчдад үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэдний өмнөөс эрүүл мэндийн байгууллагаас худалдан авах, тусламж үйлчилгээний багц нэр төрлийг тэдний хэрэгцээ болон сангийн чадавхид нийцүүлэн шинэчилж байх, тусламж, үйлчилгээний чанарыг хянах.олон нийтэд нээлттэй мэдээлэл, тайлан гаргадаг, даатгалтай иргэдийн хүсэн хүлээсэн хэмжээнд ажилладаг тийм байгууллага болох боломжтой. Санхүүжилтийн хувьд санаа зовох хэрэггүй. Энэ сангийн хөрөнгө өнөөдөр энэ зохион байгуулалтыг хийхэд хангалттай.
-Эрүүл мэндийн үйлчилгээг иргэд тэгш авч чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байдаг. Энэ талаар судалгаа хийж үзсэн үү?
-Яг энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хийсэн судалгааны тайлантай би танилцаж байсан. Судалгаанд нийт 11200 өрхийн 44 мянга гаруй хүн хамрагдсан. Иргэдийн шүүмжилдэг тэр л зүйл судалгаагаар гарсан байна лээ. Жишээлбэл бага орлоготой иргэд өндөр орлоготой иргэдтэй харьцуулахад эрүүл мэндийн тусламжийг 4 дахин бага авч байна. Энэ нь ядуу өрхийн иргэдийн эрүүл мэнд сайн байгаа хэрэг бус харин эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахад санхүүгийн болон эрүүл мэндийн байгууллагын хүнд суртал бүхий бусад саад бэрхшээл их байгаатай холбоотой байна.Иргэдийн хувиасаа хийж байгаа төлбөрт эмийн зардал илүүтэй зонхилж байна. Ялангуяа ядуу болон орлого багатай иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт эмийн зардал 85-95 хувийг эзэлж байна.Энэ байдал өрхийн аж амьжиргаанд нөлөөлж санхүүгийн хүндрэлд орох, ядуурах шалтгаан болж байна.
-Хувийн болонулсын эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд чанар болон төлбөрийн хувьд ялгаатай байдаг. Ер нь энэ үйлчилгээг хувийн салбараас авахад хүнд суртал багатай чанартай болох юм биш байгаа гэсэн санаа ч байдаг?
-Эрүүл мэнд, нийгмийн асуудал тодорхой зорилт, бодлогын хүрээнд шийдэгдэж байх шаардлагатай. Нөгөө талаас эрүүл мэндийн салбар бол эдийн засгийн өвөрмөц онцлогтой, зах зээлийн сонгодог зарчим бүрэн утгаар хэрэгжих боломжгүй төгс бус зах зээл гэдгийг зайлшгүй харгалзаж үзэх ёстой.Иймээс төрийн оролцоо ямар ч тохиолдолд байна. Улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, хувийн төлбөр, болон гадаадын зээл, тусламжаар бүрдэх салбарын нийт орлогын хэмжээнд төрөөс бүх хүн амын эрүүл эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар явуулах бодлого нь ямар байх, төсвийн санхүүжилттэй улсын эмнэлэг, засгийн газрын оролцоо, дэмжлэгтэй ашгийн төлөө бус эсвэл ашгийн төлөө ажилладаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан тусламж, үйлчилгээг оновчтой, чанартай, үр дүнтэй үзүүлэх асуудлыг шийдэх боломжтой.
-Эрүүл мэндийн үйлчилгээг иргэд өөрсдөө хянаж байхын тулд цахим картыг нэвтрүүлнэ гэсэн нэг ойлголт байна. Энэ яаж ажиллах юм бэ?
-Энэ бол маш том чанарын өөрчлөлтийг авч ирнэ. Хэрэгжих ч бүрэн боломжтой. Одоо иргэний цахим үнэмлэх гэж иргэдэд олгоно. Үүн дээр нэг жижиг чип суулгаад л бүх мэдээллийг энд оруулах юм. Иргэд үйлчилгээ аваад тэгээд энэ үйлчилгээ чанартай сэтгэлд хүрч чадлаа гэвэл картаа уншуулна. Ингээд л төлбөрийг нь эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хийчихнэ шүү дээ.Мөн хаана ямар эмнэлгээр үйлчлүүлэхээ өөрөө сонгох эрхтэй болно. Хэн хаана чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна түүнийг сонгох эрх нь даатгуулагчид буюу нөгөө талаасаа эрүүл мэндийн даатгалын байгууллагад бий болно. Эндээс эмнэлгүүдийн өрсөлдөөн, эмчилгээ үйлчилгээний чанар сайжрах юм. Сайн эмч сувилагчдын үнэлгээ ч нэмэгдэнэ.
-Энэ картад өвчтөний бүх мэдээлэл нь байх уу? Тэгэхээр цаасан карт байхгүй болно гэсэн үг үү?
-Өнөөдөр цахим мэдээллийн эрин үед баахан цаас бариад явж байх нь утгагүй л хэрэг биз дээ. Ном шиг зузаан болчихсон карт бариад явахгүй болно гэсэн үг.
-Гэр бүлийн гишүүд нөгөөгийнхөө үйлчилгээнд зориулан өөрийн даатгалыг хэрэглэх боломжтой байвал зүгээр байна гэсэн санаа байдаг. Энэ асуудлыг тусгасан уу?
-Тусгагдаагүй. Ер нь өрхийн даатгалын системийг бий болгох нь зүйтэй. Гэхдээ энэ н зөвхөн гэр бүлийн хүрээнд л байх болно.