Г.Баярсайхан: Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай
Эрүүл мэндийн тухай болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгуудыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна. Эдгээр хуулийн төслийн талаарУИХ-ын гишүүн Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр Эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд санал боловсруулах АН-ын бүлгийн ажлын хэсгийг ахалж байгаа юм.
-Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхлээд байна. Хуулийн төсөлд тусгасан гол өөрчлөлтүүд юу байна вэ?
-Өнөөдөр мөрдөж байгаа Эрүүл мэндийн тухай хуулийг олон жилийн өмнө баталсан. Тиймээс "салхи оруулах" шаардлагатай болсон гэж үзэж байгаа. Энэ хуульд тодорхой өөрчлөлт оруулж, өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцүүлэх хэрэгтэй болсон. Эрүүл мэндийн салбар дэлхий дахинд төрийн өмчит болон хувийн хэвшлийн гэсэн хоёр хэлбэрээр хөгжиж байгаа. Ер нь эрүүл мэнд болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд төр, хувийн хэвшлийн аль нь давамгай байх вэ гэх мэт асуудалд тодорхой бэлэн жор алга. АНУ-д гэхэд саяхан нэлээд удаан хэлэлцсэний эцэст эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 40 сая иргэнээ төрөөс хариуцан даатгалд хамрууллаа. Манай улс өргөн уудам нутагтай, хүн ам тархан суурьшдаг онцлогтой. Тиймээс төрөөс дэмжлэгтэй эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх нь чухал гэдэг нь харагдаж байна. Тэрчлэн хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дэмжих, төр хувийн хэвшлийн оновчтой харьцааг тогтоох зэрэгт анхаарах цаг болжээ. Энэ үндсэн дээр Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй олон шинэчлэлт, өөрчлөлтүүд туссан байгаа. Нөгөө талаар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль дэргэдээ эмчилгээний салбартай байх уу, энэ нь ЭСЯ-нд харьяалагдах уу, БСШУЯ-ны мэдэлд байх уу гэдгийг тодруулах шаардлага ч байгаа. Багш, эмч нараас энэ талаар олон санал ирж байна.
-Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллагуудын эрх, үүргийг нэлээд тодорхой болгох нь гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно оо. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагуудыг төрийн байгууллага буюу Эрүүл мэндийн яам сонгон шалгаруулж, гэрээ байгуулдаг болно. Ингэснээр хувийн хэвшлийнхнээс хамгийн сайн нь шалгарах боломж бүрдэх юм. Тэнд мөн шударга өрсөлдөөн бий болно. Нөгөө талаар эрүүл мэндийн салбарт төрөөс санхүүжилт ихээхэн шаардлагатай байдаг. Тиймээс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг эрүүл мэндийн салбарт зарцуулах тухай заалт хуулийн шинэчилсэн найруулгад туссан. Энэ бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ. Цаашид эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийншинэчилсэн найруулгатай холбоотой санал, шүүмжлэл нэлээд гарч байна. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалыг хариуцсан агентлаг нь ЭМЯ-наас хараат бус байх ёстой гээд л. Эмч хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тодорхой хэсэг эрүүл мэндийн даатгалаар дамждаг. Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт 95 хувьтай байсан. Сүүлийн үед энэ тоо буурч 80 хувь болсон. Энэ нь эрүүл мэндийн даатгалын өмнөх тогтолцооны сөрөг талтай холбоотой. Тиймээс Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад заавал даатгал гэдгийг оруулж өгсөн. Энэ даатгалыг хуульд зааснаар бол Хүний хөгжил сангаас олгож байх юм. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрүүл мэндийн даатгал хариуцсан агентлагийг бие даалгах тухай заалт бий. Гэхдээ ЭМЯ-ны харьяанд энэ агентлагийг байгуулах нь буруу гэдэгтэй би санал нийлж байгаа. Худалдагч, худалдан авагч хоёр нэг талд байж болохгүй биз дээ. Энэ нь олон талын сөрөг нөлөөтэй. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сан болон уг асуудлыг хариуцсан агентлагийг ЭМЯ-наас тусад нь бие даалгах нь зөв.