С.Ганбаатар: Шинэ хууль өвчтөн бүрийг санхүүгийн эрсдэлээс хамгаална
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.05.13

С.Ганбаатар: Шинэ хууль өвчтөн бүрийг санхүүгийн эрсдэлээс хамгаална

Эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Таны санаачилсан Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл шүүмжлэл, талархлыг зэрэг дагуулаад байна. Энэ төслийн гол үзэл баримтлал юу вэ?

-Эрүүл мэндийн даат­гал төлсөн иргэд, даат­гуулагчид мөнгөнийхөө үр шимийг үзэхгүй байна. Шинэ хуульд хүн өвдсөн үедээ санхүүгийн эрс­дэлээс хамгаалагдана гэсэн санааг оруулсан. Манай улсын хувьд иргэд эрүүл мэндийн даатгалыг насаараа төлчихөөд түү­нийг ашиглаж чаддаггүй.

Өвчин туссан бол ах дүү, хамаатан саднаасаа тус­ламж авдаг, эсвэл амьдарч буй орон байраа барь­цаанд тавьж алдана. Адаг сүүлд нь амь нас, эрүүл мэндээрээ хохироод үлддэг жишээ олон бий.

Бид тэр бүрийг “арай ч дээ” гээд л өнгөрдөг шүү дээ. Эрүүл мэндийн үйл­чилгээ авч байгаа хүмүү­сийн 41 хувь нь хувиасаа мөнгө төлдөг. Ингэх гэж бид даатгал төлөөгүй.

-Насаараа даатгал төлчихөөд түүнийхээ үр дүнг харж чадахгүй бай­гаадаа бухимдсан өвч­төнүүд олон байдаг. Тэд улсын эмнэлгээр үйлч­лүүлж чадахгүй бол ядаж хувийнхад нь үзүүлсэн төлбөр, үйлчилгээний зард­лаа даатгалаас төлүү­лэх боломж таны хуулийн төсөлд тусгагдсан уу?

-Та эрүүл мэндийн даатгал төлсөн бол танд үйлчилдэг хүмүүс нь Засгийн газар, сайд нарын удирдлага дор байгаа улсын эмнэлгүүд. Бид өөрс­дийн мэддэггүй үйлчилгээ, бүтээгдэхүүнээ авах гэж очдог. Тиймээс миний өмнөөс энэ үйл­чилгээг авч өгөх мэргэш­сэн хүн хэрэгтэй болно.

Хэрэв би талх авах гэж байгаа бол ийм хүн надад шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр даатгал төлөгч­дөд үйлчилж байгаа хүн нь эмнэлгийн хүмүүсийн хамаатан садан байж болохгүй.

Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын газар гэдэг нь даатгуу­лагчийн өмнөөс бүтээг­дэхүүн худалдаж авах ёстой. Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээ муу байвал хариуцлага тооцдог. Мөн эмнэлгийн үйлчилгээний чанарт хяналт тавьдаг эрх бүхий субъект байх хэрэг­тэй.

Тухайн иргэнийг эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдлэгжүүлэх үүрэгтэй. Өнөөдөр хуулийг юу гацаагаад байгаа вэ гэвэл даатгуулагчийн өмнөөс бүтээгдэхүүн худалдан авах ёстой, иргэдэд сургалт зохион байгуулж мэдлэгжүүлэх үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын газар нь зөвхөн мөнгө хураадаг, эмнэлэг болон Засгийн газрын байгуул­лагуудыг санхүүжүүлдэг болчихоод байгаа юм.

Үүнийг шинэ хуулиар өөрч­лөх ёстой. Эрүүл мэндийн газрын даргыг сайд нь томилдог болохоор иргэдэд үйлчлэх хүн нь сайд дарга нараас хараат болж байна. Энгийнээр тайлбарлавал, аав нь талх хийчихээд түүнийгээ хүүх­дээрээ заруулж бай­гаа­тай ижил. Цаашид эмнэл­гийнхэн даатгуу­лагч­дад ая тал засч үйл­чилдэг болох ёстой.

-Эндээс гарах ямар гаргалгаа байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс томилдог бол­гох. Учир нь энэ байгуул­лага нь бидний төлөө ажилладаг газар юм шүү дээ. Тэгэхээр энэ зөв­лөлөөс тус газрын даргыг сольдог, томилдог, бүтээг­дэхүүн үйлчилгээ, багцыг өөрсдөө гаргадаг, төсвийг нь баталдаг байх хэрэгтэй. Гэхдээ үүнийг мэргэж­лийн төвшинд хийнэ.

Бидний хүсч буй зүйл бол даатгуулагчийг эрх чөлөө­тэй, харин төлөөлөгч бай­гууллагыг нь эрх мэдэлтэй болгох ёстой. Ингэснээр иргэд асуудлаа өөрийн төлөөллийн байгууллагад тавьж алдаа дутагдал гар­га­сан тохиолдолд Эрүүл мэндийн газрын даргад хариуцлага тооцох бүрэн эрхийг зөвлөл хэрэгжүүл­нэ.

Тиймээс газрын дарга сайн ажиллаад ирэхээр эмнэлгийн байгуул­лагуу­дад шахалт үзүүлж эхэлнэ. Энэ нь эрүүл мэндийн салбарынхан эрх мэдэл­тэн, сайд дарга нар болон мөнгөтэй хүнд биш даатгал төлөгчдөд тал засч үйлчилдэг болно.

-Одоогийн байдлаар энэ нь эсрэгээрээ үйл­чилээд байгаа шүү дээ?

-Үүнийг л засч залруу­лах зөв голдиролд оруулах хэрэгтэй гээд байгаа юм. Эрүүл мэндийн үндэсний зөвлөл гэдэг тоглоомын байгууллага байгуул­чихаад эрх мэдэл өгдөггүй. Тэд Эрүүл мэндийн газ­рын даргыг солих, томилох эрхээ эдэлж чаддаггүй.

Одоогийн байдлаар энэ газрын даргыг Засгийн газрын сайд нь томилдог. Мэдээж яамны сайдаас хамааралтай хүн Үндэс­ний зөвлөлд таалагдах гэж ажиллахгүй шүү дээ. Нөгөө л эмнэлгийн бай­гуул­лагуудын эзэн болсон Засгийн газар, яаманд таалагдах гэж ажиллаж байгаа юм. Үүнд л гол асуудал бий.

Монголын ард түмний тулгамдаж буй эрх ашгийн төлөө ажил­лахаасаа гишүүд залхуурч байгаа нь харамсалтай.

Ер нь Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь хяналт, хариуц­лага, үр дүнгийн тухай л тодорхойлно. Эрүүл мэндийн даатгалд төлсөн 166 тэрбум төгрөг гэдэг асар их мөнгө. Хууль нь хяналт­гүй, хариуцлагагүй үр дүн­гүй яваад байгаа учраас иргэд хувиасаа мөнгө төлдөг, гадаад руу явдаг, хувийн эмнэлгээр үйлч­лүүл­дэг болоод байгаа юм. 

-Даатгал төлсөн иргэд нь үйлчилгээгээ авч чадахгүй чирэгдэж байхад  2006, 2007 оноос хойш төлөөгүй иргэд нөхөж төлөөд эмнэлгийн үйлчил­гээ авах ёстой гэдэг зохи­цуулалт байгаад байна?

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бол эв санааны нэгдлийнх болохоос амь, амиа бод гэдэг байж болохгүй. Америкууд амиа бодсон тогтолцоо нэвтрүүлс­нээ­сээ болоод одоо шаналж байгаа шүү дээ. Учир хувь хүн өөрийн нэрийн дансанд эрүүл мэндийн даатгалын төлбөр төлсөн.

Ингэснээр гайгүй мөнгө­тэй нэг нь даатгалтай байхад дийлэнх ядуучууд нь ямар ч даатгалгүй бай­даг. Ингэснээр нийгмийн амар амгалан байдал алдагд­даг. Тиймээс энэ нь буруу систем. Эрүүл мэн­дийн даатгалын системийн зорилго нь нэг гэр бүл, нэг үндэстэн юм бол бие, биенийхээ эрсдлийг хуваалцъя гэдэг.

Тухайл­бал, баян нь ядуугаа, залуу нь хөгшнөө хамгаалдаг байх хэрэгтэй. Эрүүл мэн­дийн тогтолцоог сууриар нь ойлгох цаг болчихоод байна. Монголын ард түмний тулгамдаж буй эрх ашгийн төлөө ажил­лахаасаа гишүүд залхуурч байгаа нь харамсалтай.

-Эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөөрөө улсын эмнэлэгт үйлчлүүлж чадахгүй байгаа иргэдийн бас нэг бухимдал нь ашиглаж чадахгүй мөнгөө аваад хувийн эмнэлгээр үйлчлүүлэх тухай ярьдаг?

-Энэ маш буруу. Хэрэв татвар төлөгчид мөнгөө буцаагаад авдаг болох юм бол нийтээрээ ядуу мон­голчууд аваад ч шалихгүй. Бага, багаар төлсөөр жилд 166 тэрбум төгрөг болж байгаа нь бидний эрүүл мэндэд хангалттай зарцуу­лах мөнгө. Өгч байгаа мөнгөндөө битгий харамс. Харин бидний мөнгийг улстөрчид дундаас нь завшиж байвал тэмцэх хэрэгтэй.

-Нэг хүн жилд 1.1 сая орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэх ёстой гэсэн тоо­цоо байдаг. Гэтэл үүнийгээ ашиглаж чаддаггүй олон хүн бий. Энэ хуримт­лагд­сан мөнгө юунд зарцуу­лагдаад байна вэ?

-Улстөрчид банкинд хийгээд хүүг нь завшдаг асуудал их яригддаг. Үүнийг зогсоохын тулд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд эрх мэдэл өг. Түүний дор ажиллаж байгаа газрын даргыг нь томилох, солих эрхийг ч мөн өгөх хэрэг­тэй. Хэрэв энэ мөнгийг эзэнтэй болгоё гэвэл улстөрчдөөс хараат бус ажиллах ёстой.

Энэ мөнгөнд луйвар гараад байна гэж үзвэл газрын даргыг нь халж солих эрхийг нь даатгуулагчид хийдэг байх. Нэг сая 120 мянган төгрөгийг яагаад нэг хүн зарцуулах тооцоо гарсан бэ гэвэл даатгалын санд хуримтлагдсан 166 тэрбум төгрөгийг хүн амынхаа тоогоор хуваасан зүйл огт биш.

Манай улсад эмчлүүлдэг, хагалгаанд ордог хэдэн хүн байгаа талаарх судалгаанд үндэслэн тооцоолж энэ мөнгөн дүнг гаргасан байдаг. Үүнийг өвдсөн хүн л авна гэсэн үг. Харин хүн бүр биш гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй.

Хэрэв даатгалын санд хуримтлагдсан мөнгийг хяналттайгаар иргэдэд хүргэж чадвал, тархины хавдарын мэс засал, зүрхний хагалгаа, мөн гадаад руу явж эмчлүүлэх нь эрс багасна. Үүнийг манай эмч нар эх орондоо хийж чадна гэдэгт итгэдэг.

Энэ систем шударга байгаад, өвчтөнүүдэд хүрч үйлчилж чаддаг байвал ард түмэн сар бүр дахин 1000 төгрөгийг төлөөд байсан ч чадна. Хамгийн гол нь дундаас нь зувчуулж байна гэдэгт бухимдаад байгаа юм.

-Даатгалд хуримтлаг­даж байгаа мөнгийг хянах, зарцуулах эрх мэдлийг хэнд ч өгсөн иргэдийн зүгээс хардлага байх нь тодорхой байх?

-Даатгуулагчдын мөн­гийг төлдөг бизнес эрх­лэгч­дийн төлөөлөл зургаа, үйлчилгээ үзүүлж буй Засгийн газрын төлөөлөл гурав гээд есөн хүн дээд удирдлага байх хэрэгтэй юм. Энэ хүмүүс Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг солидог томилдог эрхтэй баймаар байна.

Гэтэл эдгээр төлөөллийг сонгочихоод хажуугаар нь хэн нэгэн сайд томилохоо болих хэрэгтэй. Алдаа гаргасан тохиолдолд Эрүүл мэн­дийн даатгалын газрын даргатай хариуцлага тооцох эрхийг эдгээр есөн хүнд өгөх цаг болсон.