Дорнодын их талаас илчит тэрэгний чимээн гарах цаг айсуй
2011.05.17

Дорнодын их талаас илчит тэрэгний чимээн гарах цаг айсуй

-Шинэ төмөр замын барилгын ажилтай салбарын сайд нь танилцлаа-

 

Дорноос өмнийн говийг зорих шинэ төмөр зам тавих ажлын явцтай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга газар дээр нь очиж биечлэн танилцлаа. Дорнод аймгийн Булган сумын нутагт 50 гаруй км-ийн урттай төмөр зам тавихаар барилгын ажлын эхлэл хөрс хуулалт ид өрнөж байв. Чойбалсангаас Сайншанд чиглэлийн төмөр замын тендерт шалгарсан "Транс Кон" компани өөрийн туслан гүйцэтгэгч "Хэт" компанитай хамтран хөрс хуулалтын ажлаа эхлүүлсэн нь урагштай, урамтай яваа нь энэ. Тэд ажлынхаа 10 хувь болох таван км замын хөрсийг бүрэн хуулж, геологийн судалгааны ажил нь шувтарч байгааг дуулгалаа. Одоогоор 49 км замын 300 метр тутамд зургаан метрийн гүн өрөмдлөг явуулж, судалгааны дээж авсан байна.

Харин гүүр хоолой барих газарт 15 метрийн гүнд өрөмдлөг хийжээ. "Өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэлээ базаан, энэ сарын 6-наас хөрс хуулах ажлаа эхэлсэн" хэмээн "Транс Кон" компанийн талбайн инженер Д.Долгорсүрэн ярилаа. Хөрс хуулалтын баг 16 техник, 35 хүний бүрэлдэхүүнтэй цомхон юм билээ. Дорнодын төвөөс 40 гаруй км зайд өөрсдийн баазаа байгуулж, тэд төвхнөсөн байв. Ирэх наймдугаар сарын 1-н гэхэд 50 гаруй км төмөр замын хөрс хуулалтын ажилд цэг тавьж, далангаа босгохоо өгүүлсэн. Техникийн зургийг үндэслэн нийтдээ 66.5 мянган шоо.метр төмөр замын хөрсийг одоогийн байдлаар хуулжээ. Ажлын зураг гарсны дараагаар хэчнээн өртөө, зөрлөгтэй болох нь тодорхой болно гэв. "Даланг барихад ажлын зураг бэлхэн байх учиртай.


Тиймээс удахгүй ажлын зураг гарна хэмээн "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа хөрс хуулалтын багийнханд тайлбарласан. "Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого"-ын дагуу "Хөгжлийн төмөр зам"-ын суурийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд Дорноговийн "Хар тойрмын тал"-д тавьж байсан билээ. Түүнээс хойш нэг сар ч хүрээгүй явна. Харин Дорнодын хээр талд шинэ төмөр замын суурь тавих ажил ийн эхэллээ. Бүтээн байгуулалт гэдэг бүлэг хүмүүсийн хувийн тоглолт биш, хамтын хичээл зүтгэл, хөдөлмөр. Шинэ төмөр зам тавих ажлын эхлэл нь Даланзадгад-Таван толгой-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт- Хөөт-Чойбалсан чиглэлийн 1100 км гэж бодлогын баримт бичигт бий. Харин урьдчилсан тооцоо судалгаанаас үзэхэд төмөр замын трассаар 1120 км төмөр замыг барихаар болж байна.

 

Х.Баттулга: Нэг км төмөр замыг 2-2,5 сая ам. доллараар барина гэсэн хар зураг бий

Шинэ төмөр зам тавих хөрөнгө, мөнгөний эх үүсвэрийг Засгийн газар хайсаар л байгаа. Үүнийг шийдэх нэг арга нь "Монгол Улсын Хөгжлийн банк". Хөрөнгийн асуудал шийдэх хоёрдахь гарц нь "Монголын Төмөр зам" компанийн 49 хувийг хувьчилж, хөрөнгө босгох. Харин гуравдахь гарц нь Таван толгойн тендерт оролцож буй компани дэд бүтцэд өөрсдөө хөрөнгө гаргах.Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө дээрх гарцуудын нэгдлээс хамааралтай. Шинэ төмөр замын ажилд одоогоор дөрвөн компани дөрвөн чиглэлд ажиллаж байгаа юм билээ. "Дорнын төмөр зам, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, "Транс Кон" компани. Харин дөрөвдэх компани удахгүй Баруун-Уртад ажлаа эхлэх юм. Нэг км төмөр зам барихад шаардлагатай хөрөнгийн тоо хараахан албан ёсоор гараагүй байна. Одоогийн төсөөлж байгаагаар нийтдээ нэг км төмөр зам барихад 2-2.5 сая ам.доллараар барих болов уу гэсэн хар зураг бий. Ирэх долдугаар сард зам тавих үнэлгээ гарчихсан байна" хэмээн ЗБТБХ-ын сайд Х.Баттулга хөрөнгийн талаар хэлснийг энд онцоллоо.

 Шатахууны хомсдол бүтээн байгуулалтын хурдыг сааруулав

Зараа өртөөнөөс Хөөт хүртэлх 50 гаруй км-т хөрс хуулах "Транс Кон" компанийн туслан гүйцэтгэгч "Хэт" компанийн дэд захирал Б.Хүдэрянгийн өгүүлснээр "Өдөрт 700 орчим метр хөрс хуулж байна. 60 хоногийн дараагаар далан босгох ажил эхэлнэ" хэмээв. Цаг агаарын байдал, дизель түлшний хомсдол зэрэг нь Улаанбаатараас 650 орчим км-ын алсад бүтээн байгуулалтын их ажил өрнүүлж буй тэдэнд одоогоор бэрхшээлтэй байна. Даланг босгоод эхлэхээр хайрганы асуудал гараад ирж байх жишээтэй. Энэ бүхэнд шинэ төмөр замыг тавих далангийн ажил сатааран зогсохгүй нь мэдээж. Учир, зангилаа нь тайлагдаж, арга эв нь олдох биз. Бүтээн байгуулалтад оролцоно гэдэг компанийн хувьд нэр төрийн хэрэг болов уу. Шаардлага хангахуйц орон нутгийн компанийн хувьд төмөр замын ажилд оролцох боломж бол нээлттэй. Шатахууны хомсдолоос үүдэн хөрс хуулалтын ажил хоног алдсан тухай "Транс Кон" компанийнхан салбарын сайдтайгаа уулзах үеэр хэлж байсан. Шатахуунаас үүдэн ажил хоног хугацаа алдана гэдэг харамсалтай л зүйл. Дөрвөн улирлын аясыг тааруулж монголчууд "юм" хийх учраас шатахууны хомсдол гарахгүй байхад нь импортлогч компани, хариуцсан газар, хэлтэс нь анхаарах учиртайсан. Бүтээн байгуулалтад оролцоод хүрз шороо асгахгүй ч хариуцсан ажлаараа дамжуулан бүтээн байгуулалтыг дэмжиж байвал болж л байна. Компани ч өөрсдийн үүргээ цаг хугацаа алдалгүй биелүүлж байвал болно шүү дээ. Гэхдээ цаасан дээрх төлөвлөгөө сааралгүй, нэгэн жигд явааг онцлон тэмдэглэе.

Улирлын чанартай 500 гаруй ажлын байр шинээр нэмэгдэнэ

Төмөр зам тавих ажлын хөрс хуулалтын үеэр галт зэвсэг, сум ихээр олдох болсон тул "Хэт" компани Зэвсэгт хүчний 0327 дугаар ангитай гэрээ байгуулж, устгах ажлыг хийлгэжээ. Оросын цэргийн анги, цэргийн сургууль хийж байсан газар учраас орхигдсон галт зэвсэг болон сум төмөр замын геологийн судалгаа хийж байгаа нь трассын дагуу олджээ. "Транс Кон" компани орон нутгаас цөөнгүй ажиллах хүч авах төлөвлөгөөтэй байгаа аж. Төмөр зам тавих 50 гаруй км замын ажилд тооцоолж буйгаар 500 гаруй улирлын чанартай ажлын байр шинээр гарч байгаа гэсэн. Дорнод аймгийн хувьд ажиллах хүчнээр асгарч байгаа гэхэд буруудахгүй л болов уу. Монгол Улсын Засгийн газрын 283 дугаар тогтоолоор "Монголын төмөр зам" компанид шинээр барих бүтээн байгуулалтын төмөр замын ажлын эрхийг өгсөн. Чойбалсангаас Сайншанд хүртэлх төмөр замын ажил зуны тэргүүн сараар очиход иймэрхүү өнгөтэй байв. Ирэх намрын сүүл сар гэхэд далангийн ажил эхэлчихсэн, ажлынхаа 70 хувийг амжилттай хийлээ гэж "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани, "Транс Кон" компанийнхан мэдэгдэнэ гэдэгт найдаж байна.

 

Б.Батзаяа: Хэрлэн гол дээгүүр 300 орчим метр гүүр барина

"Монголын төмөр зам" төрийнөмчит хувьцаат компанийнгүйцэтгэх захирал Б.Батзаяагаас цөөн зүйлийг тодрууллаа.

-Дорнод аймгийн нутгаар цагаан зээр хамгийн ихээр бэлчээрлэдэг.Тиймээс зээрийн бэлчээрийг төмөр зам тавихад хэрхэн зохицуулж байна вэ?

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж байна. Энэхүү нарийвчилсан үнэлгээнд "Эсмек" компани орж ажиллаж байгаа. Дэлхийн байгаль орчны байгууллага хүлээн зөвшөөрсөн энэхүү компани мониторинг судалгааг хийх учраас байгаль орчинд ээлтэй зохицуулалтыг хийнэ. Зээрийн нутаг хоёр хэсэгт хуваагдах нь гэсэн асуудал гарахгүй.

-Чойбалсангаас Сайншанд хүртэлх төмөр замд хичнээн өртөө, зөрлөг байхаар тооцсон бэ?

-Өртөөний хувьд эцсийн ажлын зураг гараагүй учраас тодорхой тоо хэлэх боломжгүй. Одоогоор техник эдийн засгийн үндэслэлийг хийж байна. Трассын дагуу барих хамгийн том гүүрийг Чойбалсангаас Сайншандын замд барина. Хэрлэн голын дээгүүр гарсан 300 орчим метр гүүрний ажлын зураг удахгүй бэлэн болно.

-Гүүр хоолой барихаас үүдэн нэг км төмөр замын өртөг өндөр гарна байх. Энэ талаар хийсэн тооцоо судалгаабайна уу?

-Газар орны байршлаас үүдээд нэг км төмөр замын өртөг өндөр байна. Сайншандаас Таван толгой хүртэлх зам бол сайр ихтэй, үерийн ус буух эрсдэлтэй тул үерийн ус зайлуулах хоолой барина гэдэг маань их зардал гарна гэсэн үг. Дорнодын нутагт гэхэд зардал харьцангуй бага. Энэ бүхэн ажлын зурагт тодорхой болж, гарч ирнэ.

-Дэлхийн бусад орнууд 1000 км гаруй төмөр замыг хэдий хугацаанд барьж байна вэ?

-Казахстан, Түркменстанд төмөр замын бүтээн байгуулалтыг маш ихээр хийж байна. 900 км төмөр замыг хоёр жилийн хугацаанд барьж байгуулсан байна билээ. Харин манайх 1100 км төмөр замыг 2.5 жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн. Энэ нь манай улсын цаг агаарын онцлогтой холбоотой. Аравдугаар сараас дөрөвдүгээр сарын эх хүртэл хөрстэй холбоотой ажил хийх боломжгүй.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.