Цаасан дээрх шинэ төмөр замыг хөрсөн дээр буулгаж, шавыг нь тавилаа
2011.04.25

Цаасан дээрх шинэ төмөр замыг хөрсөн дээр буулгаж, шавыг нь тавилаа

"...Дорнын говиос Монгол эхэлдэг..." хэмээн цээж дүүрэн бахархалтайгаар омогшин дуулах дуунд мөнхөрсөн Дорноговь аймгаас шинэ төмөр замын их бүтээн байгуулалт эхэллээ. Оюутолгой. Таван толгойг ашиглах, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахтай холбогдуулан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас баталсан трасс, Засгийн газрын 283 дугаар тогтоолын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлд өргөн царигтай 1100 км төмөр зам шинээр барих асуудал саяхныг хүртэл цаасан дээрх тооцоо, тогтоол шийдвэр төдий байлаа. Саяхныг хүртэл гэхийн учир нь цаасан дээр байсан энэхүү их бүтээн байгуулалтыг өнгөрсөн баасан гаригт газрын хөрсөн дээр буулгаж, шавыг нь тавилаа.

Шав тавих ёслолд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх,Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Я.Батсуурь,"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч И.А.Домбровский, "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Т.Батболд, Дорноговь ^аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Шав тавих ёслол Дорноговь аймгийн төв Сайншандаас зүүн тийш арав орчим км-ийн зайд Хар тойром хэмээх газрын зүүн талд боллоо.Шав тавьсан энэ л цэгээс хоёр тийш шинээр тавих төмөр замын их бүтээн байгуулалтын ажил эхэллээ.Энэ хоёр чиглэл тус бүрд нэг нэг компани далан босгох, хоолой, дохиоллын байгууламж, гарам угсрах ажил хийх бөгөөд Таван толгой чиглэлд "Дорнын төмөр зам", Чойбалсан чиглэлд Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" компани ажлаа эхлүүллээ.Уг хоёр компанийн тусгай зөвшөөрлийг шав тавих ёслолын үеэр гардуулан өгсөн юм.Тусгай зөвшөөрлийг нь энэ сарын 22-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатай олголоо. Тусгай зөвшөөрлийг гурван жилээр олгосон ч "Монголын төмөр зам" төрийн өмчит компани энэхүү хоёр компанитай гэрээ байгуулахдаа эхний ээлжид тус бүр 100 км замд ажиллуулахаар тохиролцжээ. Шинээр төмөр зам барих ажлыг угтан өнгөрсөн жил хувь хүмүүсийн санаачилгаар Дорноговь аймагт Төмөр замын коллеж байгуулсан тухай тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг танилцуулж байлаа. Одоо энэхүү коллежид төмөр замын гурван мэргэжлээр 100 орчим оюутан сурч байна. Зөвхөн Таван толгой-Сайншандын чиглэлд барих төмөр замд мянган хүн ажиллана гэж тооцоолсон бөгөөд дээрх коллежийн оюутнууд энэ мянган хүний тоонд багтахыг хүсэж байна.

Х.Баттулга:Техник, эдийн засгийн үндэслэл нь ирэх сард бэлэн болно

Шав тавих ёслолын үеэр Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГААС зарим зүйлийг тодрууллаа.

-Шинээр тавих төмөрзамын ажил өнөөдрөөсбодитойгоор эхэллээ.Цаашдаа энэ их бүтээн байгуулалтын ажил хэрэрчимтэй өрнөх бол?

-Төмөр замын трассыг баталснаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай  яам болон  яамны харьяа байгууллагууд геологи, гидрогеологийн ажлуудыг хийсэн. Улмаар өнөөдрөөс эхлэн Сайншандаас хоёр тийш нь төмөр замын барилгын ажлыг эхлүүллээ. Өнөөдөр ажил бодитойгоор эхэлж байгаа ч гэсэн бичиг цаасны ажил болон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал нэлээд бий. Энэ их ажлын төгсгөлд очтол хүндрэлтэй нөхцөл их таарах байх. Гэхдээ тэр бүгдийг даван туулаад хугацаанд нь гүйцээчих байх гэж бодож байна.

-Хоёр компанид тусгай зөвшөөрөл олголоо.Төмөр замын барилгын ажилд оролцох сонирхолтой компани олон бий.Эдгээр компанид ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Тусгай зөвшөөрөл олгодог дүрэм журам байдаг.Тэр дүрэм журмын дагуу, ямар туршлагатай, хичнээн ажилчинтай зэргийг нь харгалзаж үздэг.Төмөр замын ажил их хөдөлмөр шаардсан ажил учраас цаашдаа олон компанид тусгай зөвшөөрөл олгох байх. Өнөөдөр тусгай зөвшөөрлөө авсан компаниуд өөрсдийнхөө хөрөнгөөр ажлаа эхлүүлж байна. Цаашдаа хөрөнгийн асуудал нь тодорхой болохоор эдгээр компаниуд зарцуулсан хөрөнгөө нөхөж авна.

-Зөвлөх компани ажлаа хийгээд эхэлчихсэн үү?

-"Мckinsey & Соmраnу" компанийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.Тэд ажлаа эхэлчихсэн байгаа.Техник, эдийн засгийн үндэслэл зэрэг бичиг баримтуудыг нь тавдугаар сарын сүүлчээр бэлэн болгох байх.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.